Монголын эзэнт гүрнийг дижиталаар тольдохуй

Хуучирсан мэдээ: 2021.10.26-нд нийтлэгдсэн

Монголын эзэнт гүрнийг дижиталаар тольдохуй

Монголын эзэнт гүрнийг дижиталаар тольдохуй

Монголын түүхэн цаг үеийн нэг XIII зууныг санагдуулам нэгэн сонирхолтой музейн үзмэрийн танхим өнөөдөр /2021.10.26/ нээлтээ хийлээ.  Монголын үндэсний музейн “Монголын эзэнт гүрэн” танхимаар ормогц хуучин он цагийн саарал салхи бүчээд авах шиг мэдрэмж төрүүлнэ.

Эртний монголчуудын эд хэрэглэл нүд хужирлаж, сониуч зан хөдөлгөхөөс гадна хаа нэгтэйгээс төрөх хөнгөн гунигт хөтөлдөг. Түүхэн XIII зуунд Хамаг Монгол, Хэрэйд, Мэргид, Татар, Найман зэрэг олон арван нүүдэлчин аймаг мөнхийн дайн дажинтай байсан. Хамаг Монголын хаанаар Чингис 1189 онд өргөмжлөгдөж цэрэг зэвсгийн хүчээр зэргэлдээх аймгуудыг нэгтгэж 1206 онд Их Монгол Улсыг байгуулж явсан үеийн үзвэрүүдийг дижитал хувилбараар дэлгэсэн нь шинэлэг санагдав.

Тухайн үеийн монголчуудын аж ахуйн өргөн уудам ертөнцийг яг дэргэд нь очсон мэт харж техник технологийн өсөлт дэвшлийг магтан сайшаах олон хүн байлаа. Үзвэрийн танхимд цугласан хүмүүсийн олонх нь залуус байв. Залуус баруун  гараа дарсан ташуу энгэр, бүсэлхийндээ тусгайлан гаргасан хуниас, богинохон дэрвэгэр хормой, үсийг нь дотогш зүүж оёсон цэрэг эрийн дээлийг сонирхон харцгаана.

Тухайн дээлийг ажиглаж харвал дээлийн ханцуйн дээд хэсэгт гаргасан онгорхойгоор гараа гарган ар талд байх товчооноос ханцуйгаа товчлосноор дайснаа харваж, цавчихад чөлөөтэй гэмээр. Дээл нь хөдөлгөөнд дараа болохооргүй чөлөөтэйгөөс гадна өмссөн хүнийхээ хэвлийг доргилтоос хамгаалах бүсний үүргийг давхар гүйцэтгэдэг аж.

Энэхүү үзэсгэлэнгийн үеэр бид Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Д.Содномжамцаас мэдээллийг авлаа. Тэрбээр "Манай музей "Юнитэл" групптэй хамтраад “Монголын эзэнт гүрэн” танхимыг олон нийтэд дижитал хэлбэрээр үзүүлж байна. Өнөөдрийн үйл ажиллагааны гол онцлог бол сүүлийн үед музейн үзвэрийг техникийн дэвшилтэт технологийг ашиглан үзүүлэх болсон. Бид энэ жишгийг даган ажиллаад байна. Монгол ахуйг харуулсан үзмэрүүд дүрс бичлэгээр хийсэн. Үзэгч танхимд орж ирээд тусгай аппликшин суулгахад л хангалттай” гэлээ.

Энэ музейн үзэсгэлэнд ирсэн хүмүүс гар утсандаа “ZEV digital Museum”-ыг татан авахад “Монголын эзэнт гүрэн” танхимын бүх үзвэрийг тайлбар мэдээлэлтэй нь үзэх юм.

Х.Доржпалам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж