Шатахууны нийлүүлэлт тогтворжиж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Энэ сард ОХУ-аас 54880 тонн, Хятадаас 20 мянган тонн АИ-92 автобензин татан авахаар төлөвлөжээ. Энэ сарын 25-ны байдлаар Монгол Улс нийт 25800 тонн А-92 автобензин татан авчээ. Харин дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ 1.14 хувиар нэмэгдсэнтэй холбогдуулан шатахууны үнэ дахин нэмэгдэж болзошгүй гэх болгоомжлол байна.
Өнөөдрийн байдлаар шатахуун импортлогчид А-92 автобензинийг литр тутамд 2000 төгрөгөөр борлуулж байгаа юм. Энэ асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл өгөхдөө “Шатахуун импортлогчид зөвшилцсөний үр дүнд хүн амын дунд вакцинжуулалт 60 хувь хүртэл үнийг тогтвортой барьсан. Эдийн засаг -5.3 хувьд хүрсэн үед ийм шийдвэр гаргаж 2021 оны нэгээс зургадугаар сар хүртэл үнийг барьж тодорхой зохицуулалт хийсэн. Ер нь төр хувийн хэвшлийнхний бизнесийн үйл ажиллагаа руу гараа дүрэх нь буруу. Угаасаа бизнесийн зарчимд тохирохгүй.
Тиймээс зах зээлийн зарчим руу аажим аажмаар шилжих ёстой гэсэн бодлогыг салбарын яам баримталж байна. Иргэдэд аль болох ачаалал багатай, эдийн засагт гэнэтийн инфляци өгөхгүй байдлаар зохицуулалт хийх талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам бодлого боловсруулж ажиллаж байна. Салбарын яамны зүгээс, шатахууны үнэ иргэдэд гэнэтийн санхүүгийн дарамт болохгүйгээр зах зээлийн зарчмаар бага багаар шилжих ёстой гэсэн байр суурьтай байна. Ерөнхийдөө шатахууны нөөцөлд голчлон анхаарч зохицуулалт хийж ажиллана” гэлээ.
Холбоотой мэдээ