"Зэсийн шинэ ордыг илрүүлэхэд 1.7 их наяд ам.доллар шаардлагатай "

Хуучирсан мэдээ: 2021.10.26-нд нийтлэгдсэн

"Зэсийн шинэ ордыг илрүүлэхэд 1.7 их наяд ам.доллар шаардлагатай "

"Зэсийн шинэ ордыг илрүүлэхэд 1.7 их наяд ам.доллар шаардлагатай "

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдаанаар Монгол Улсын 2022 оны улсын төсвийг хэлэлцлээ.


УИХ-ын гишүүн Д.Батлут:

-2022 оны төсөвт уул уурхайн голлох бүтээгдэхүүний үнийг хэрхэн тооцоолсон бэ?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

-2022 онд нүүрс болон зэсийн баяжмалаас төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг нэгдсэн төсвийн орлогын гурван хувиас давна гэж тооцсон.  Нэг тонн  зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 6306 ам.доллар, нэг тонн нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг 73.4 ам.доллараар тооцсон. Өнөөдрийн байдлаар зэсийн үнэ 10 мянган ам.доллар хавьцаа байна. 2022 онд зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан үнэ буурлаа гэхэд 8500 ам.доллараас буухгүй гэсэн төсөөллийг олон улсын шинжээчид дүгнэж байна. Өөдрөг төсөөллөөр харах юм бол зэсийн үнийг одоогийн байгаа хэмжээнээсээ өснө гэж тооцож байна.   

Ойрын жилүүдэд сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машин гээд ярьвал зэсийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг геологийн нөөц хангаж дийлэхгүй. Тиймээс шинэ нөөцийг илрүүлэхэд 1.7 их наяд ам.доллар шаардлагатай гэх тооцоо гарсан. Үндсэндээ нүүрсний үнэ монголын зах зээлд таатай байгаа. Экспортын биет хэмжээний хувьд 2020 оны гуравдугаар сарын 10-нд анхны тохиолдол Оюутолгойн уурхай дээр гарах хүртэл манай нүүрсний экспортын хэмжээ 2019 онд экспортолсон 36.7 сая тонноос  20 гаруй хувиар давж явсан.

Гашуунсухайтад чингэлэг тээврийн терминал ашиглалтад орсон. Шивээ хүрэн боомтод чингэлэг тээврийн терминал арваннэгдүгээр сарын 10-н хавьцаа ашиглалтад орно гэж тооцож байна. Чингэлэг тээврийн терминалууд тус тусдаа 10 сая нүүрс гаргах боломжийг нэмэлтээр олгосон.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

– Баруун аймгийг эрчим хүчээр хангах асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:

-Аймгийн төвүүдээс цахилгаан дулааны хангамжын хувьд тулгамдсан асуудал олонтаа нь Говь-Алтай аймаг. Эхний ээлжид Тайшир Есөнбулаг сумын хоорон дахь  цахилгаан дамжуулах агаарын шугамын нэвтрүүлэх чадвар хүчдэлийн түвшинг нэмэгдүүлэх ажлыг хийж байна.

Харамсалтай нь гурван жилийн өмнө үүссэн тендерийн гүйцэтгэгчтэй холбоотой маргаанаас болоод өнөөдрийг хүртэл ажил эхлээгүй. Ганц сайн зүйл нь тендерт оролцсон талуудтай ярилцаад ажлыг нь эхлүүлэхээр болсон. Яг ажил эхлэхээр болсон чинь үнийн өсөлтөөс шалтгаалан нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Есөнбулаг суманд 10 кВ-ын нарны цахилгаан станц барих ёстой. Саяхан тендер зарласан. Босго хэтэрсэн учраас хэлэлцээрт орсон ч амжилтгүй  болоогүй учраас тендерийг дахин зарласан.

Нарны цахилгаан станцтай хамт хүчдэлийн уналтыг сайжруулах нэмэлт тоног төхөөрөм авах ёстой. Үүний санхүүжилтийг шийдсэн. Алтай сумын  сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг эхний ээлжид шийдэхээр гүйцэтгэгчийг шалгаруулсан.Барилга угсралтын ажил хийж байна. Уг нь ирэх арванхоёрдугаар сард багтаан ажлыг нь дуусгахаар төлөвлөсөн ч хил гааль хаасан учраас ажил удаашралтай байна.  Алтай сумын цахилгааныг импортоор давхар хангах ТЭЗҮ батлагдах шатанд байна. Арван аймгийн дулааны цахилгаан станцын хувьд хоёр удаа тендер зарласан ч амжилтгүй болсон.  Өмнөх тендерийг алдаагаа арилгаж гурав дахь тендерийг зарлаад Солонгосын Экзим банкинд саналаа хүргүүлсэн.  Аравдугаар сарын 1-ний дотор тус банк хариу ирүүлнэ гэсэн боловч ирээгүй. Банкнаас хариу ирвэл үнийн саналаа нээгээд гэрээ хийгээд ажил эхлэх боломжтой болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж