Төсөв-2022: Бөөсөнд хутга

Хуучирсан мэдээ: 2021.10.26-нд нийтлэгдсэн

Төсөв-2022: Бөөсөнд хутга

Төсөв-2022: Бөөсөнд хутга

Шударга ёс, улс төрийн бүлэглэл, хариуцлага, цахим засаглал гэхчилэн “сүртэй” үгээр сүржин мэдэгдэл хийдэг засгийн тэргүүний үйлдэл үг шигээ байсангүй.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болмогцоо төрийн албан хаагчдын 30 орчим хувийг цомхотголд оруулах тухайгаа мэдэгдэж байсан. Түүний Засгийн газрын боловсруулсан анхны төсөвт лав энэ үйлдэл нь биелэлээ олсонгүй. Өөрийн биеэр УИХ-д танилцуулсан нэгдсэн төсвийн төсөлд “ зардлаа хэмнэх”, “оновчтой хуваарилах” гэх үгс маш их давтагдах бодит байдал дээр тийм биш ажээ.

БҮХ ШАТНЫ ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУД ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ажиллахаар тусгасан гээд буй төсвийн төсөлд,

  • Сайд нар нэгээс илүүгүй зөвлөх, туслахтай байх;
  • Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга дундаа нэг туслахтай байх;
  • Засгийн газрын агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байх, дарга нь зөвлөхгүй байх;
  • Тэтгэвэрт гарсан хоёр албан хаагч тутамд нэг нөхөн томилгоо хийхээр тусгажээ.

Хэмнэлтийн бодлого нь энэ. Дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга дундаа “нарийн бичигтэй” болох нь. 14 яамнаас 14 туслах үгүй болохоор Монгол Улс хэмнэлтийн горимд шилжиж байгаа хэрэг бололтой. Хөөрхий 14 туслах ажилгүй, орлогогүй болж, хүний өөрийн нь мэдэхгүй дундаа туслахтай дэд сайдууд зүдрэх нь ээ.

Ингэсний үр дүнд хэдэн төгрөг хэмнээд байгаагаа ч хэлсэнгүй. Учир мэдэх хүмүүст хэлэхэд ч ичмээр тоо байлгүй. Жирийн иргэдэд бол төрийн нууц, төсвийн хэмнэлт гэж үүнийг хэлдэг аж.

Үнэхээр хүнд цаг үед, амаргүй нөхцөлд Засгийн газар ажиллаж буй нь үнэн. Гэхдээ тэглээ гээд төсвөө хэмнэхийг бодсон бол хамгийн түрүүнд дэд сайдаасаа эхлэх байлаа.

Туслахаас илүү туслуулаад байгаагийнх нь орон тоог цомхотгосон бол хоёулаа байхгүй болчих биш үү?

Дэд сайдын цалин, хэдэн зуун саяар тооцогдох унаа, түүнд нь хийх шатахуун, өрөө, өрөөнийх нь үнэтэй тавилга, түүнийг дагасан үйлчилгээтэй гээд бодвол үнэндээ жинхэнэ утгаараа төсвийн үрэлгэн зардлыг бий болгодог албан тушаал. Дээр нь тендер шалгаруулахаас эхлээд хамаг “хор”-ыг найруулдаг эрх мэдэлтэн. Энэхүү албан тушаал үгүй болох нь битгий хэл ирэх онд байгуулах хоёр яамны ачаар төдий хэмжээгээр нэмэгдэнэ. Дэд сайдыг ажиллуулахын тулд төсөвт ямар хэмжээний мөнгө суулгаж байгаа нь бас л нууц. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хэлж байснаар тухайн үед дэд сайдуудын нийт төсөв нь 300 гаруй сая төгрөг болж байжээ. Энэ тоо одоо хэдээр үржигдсэнийг харах тоо, хэлэх албан тушаалтан алга.

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг 2019 оны нэгдсэн төсвийн төлсийг танилцуулах үед Ерөнхийлөгч Х.Баттулга дэд сайдын албан тушаалаа танаж төсөвт суулгахыг анхааруулж байсан олонхын хүчээр хүлээж аваагүй билээ. Хамтарсан Засгийн газарт дэд сайдыг биесээ хянах хяналт гэж ойлгох болох бол дангаар эрх барьж буй данхар төрд энэ бол үнэндээ хэрэггүй албан тушаал. Гэтэл байлгаад байдгийн цаад учир нь төрийн албыг өөр хоорондоо тэнцүүхэн өмчилсөн МАН-ын бүлэглэлүүдийн өмч учраас төрийн мөнгийг өөрсдийн хүнээрээ дамжуулан захиран зарцуулах суудал болгодогт оршино.

Хийх хүнд санаа, хийхгүй хүнд шалтаг гэгчээр ийм орон тоогүй ажиллаж болдог гэдгийг“шийдлийн” гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 оны төсвийн тодотголдоо дэд сайдуудын орон тоог цомхтгож харуулсан.

Харин МАН засгийн эрхийг авмагцаа хамгийн түрүүнд буюу 2016 оны долдугаар сарын 21-ний дэд сайдын албан тушаалыг сэргээсэн билээ.

Гэтэл бардам амлаж гарч ирсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ туслах 14-хөн туслах төдийхнөөр туг тахиад түүнийгээ төсвийн хэмнэлт гэж ичихгүй хэлээд байна.

Зуун яаманд жаран ухна гэгчээр төрд 2016 онд 3032 улс төрийн албан хаагч ажиллаж байсан бол өнгөрсөн жилийн байдлаар 3619 болж 500 гаруйгаар нэмэгджээ.

Үүнийг хэмнэлт гэж хэлэх үү?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цонхоо нээгээд хар даа. Цоо шинэ 30 жил аль хэдийнэ ирчихсэн” гэж нэгэнтэй дуу алдсан нь бий. Одоо харин албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаад буй бололтой. “Битгий давар” гэж бичүүлэх нь холгүй явна.

Бөөсөнд хутга гэгчээр хэдхэн туслахын орон тоог үгүй хийж, тэтгэвэрт гарсан хоёр хүний оронд нэгийг авсныгаа, хэрэгцээ шаардлагагүй шахуу дэд дарга нарыг албан тушаалд нь үлдээснээ хэмнэлтийн бодлого гэжээ. Дээр нь төрийн захиргааны албан хаагч долоо хоногийн гурван өдөр амардаг болох бололтой. Энэ талаар долоо хоногт нэг өдөр гэрээсээ цахимаар ажиллаж болно гэсэн тусгасан байна. Энэ ч бас хэмнэлтийн бодлого аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж