Хятад улс ирэх хоёрдугаар сард болох өвлийн олимп хүртэл хил гаалийн түвшинд хатуу бодлого баримталж байгааг Гадаад харилцааны сайд мэдэгдлээ. Тиймээс ирэх оны хавраас нааш урд хөрш рүү зорчих боломж нөхцөл байхгүй байна.
Хятадтай Монгол Улс ямар нэгэн байдлаар улс төрийн харилцаа болоод гадаад харилцааны хувьд маргаан байхгүй. Хөрш орнуудын ерөнхийлөгч, ерөнхий сайдууд утсаар ярьсан. Цахим уулзалтыг мөн хийсэн. Covid-19-тэй холбоотой урд хөршийн баримталж байгаа бодлого бол зөвхөн Монгол Улсын хувьд биш хуурай замын боомттой найман улсад ижил байна. Хятадын боомтын зөвлөл халдварын нэг ч тохиолдлыг гадаадаас нэвтрүүлэхгүй гэдэг зарчим, дүрэм, журмыг нэвтрүүлээд явж байгаа. Дотоодод халдварын тархалтыг алдахгүй байхын тулд нэгдсэн менежменттэй ажиллаж байгаа учир бид гадаад харилцааны хүрээнд асуудал үүссэн гэж дүгнэж болохгүй. 2022 оны хоёрдугаар сард олимп болох гэж байгаа. Дэлхийн аль ч улс орны ерөнхийлөгч Бээжинд айлчлалаар очихгүй байгаа гэдгийг иргэд харгалзаж, хүлээцтэй байх хэрэгтэй.
Хятад хуурай хилийн боомтоор хорио зөрчиж хил нэвтрүүлсэн гэдэг асуудлаар 1000 гаруй төрийн албан хаагчаа ажлаас чөлөөлсөн. Тиймээс улс төрийн шалтгаантай гэж харж болохгүй.
Цаашид хоёр хөрштэй цогц менежментийн хүрээнд хамтран ажиллана. Хөрш орнуудтай хийх товууд ч эхнээсээ батлагдсан. Арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлах төлөвлөгөөтэй байгаа.
Өнөөдөр дээд хэмжээний уулзалтуудын үр дүнд экспорт, хил гаальтай холбоотой бусад асуудлууд шийдвэрлэгдэх боломжтой. Хятадын хил хаасан ч экспортын асуудлыг дотоодоос хайх хэрэгтэй. Монгол Улсын хувьд хил гаалийн хяналт шалгалт хангалттай биш байгаагаас зарим тохиолдолд шинжилгээний хариу хилийн наана, цаана зөрж байгаа. Үүнийг цаашид шийдвэрлэнэ. Бизнесийн компаниуд Монгол Улсаас татан авалт хийх сонирхол өндөр байгаа ч цар тахлын нөхцөлд тохируулж ажиллахаас өөр сонголт бидэнд байхгүй гэдгийг ойлгож иргэд хүлээцтэй хандах хэрэгтэй.
Холбоотой мэдээ