Израилийн Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоц Дамаск хотоос өмнө зүгт 40 км-ийн зайд байрлах Сирийн арми болон Ираныг дэмжигч зэвсэгт бүлэглэл рүү агаараас довтолсон талаар Дубайд төвтэй "Al-Hadath” Даваа гаригт мэдээлэв.
Тус агентлагийн мэдээлснээр Израилийн сөнөөгч онгоц Аль-Баат хот болон Аль-Курум суурингийн ойролцоох газарт агаараас цохилт өгч, эд хөрөнгийн хохирол учруулсан байна. Харин хүний амь нас эрсэдсэн талаар мэдээлээгүй аж.
Энэ нь Израилиас Сири рүү довтолсон анхны тохиолдол биш юм. Тухайлбал, Сирийн Пальмира хотоос зүүн өмнө зүгт орших “Т-4” цэргийн нисэх онгоцны буудал аравдугаар сарын 14-нд мөн дайралтад өртөж байв. Тэнд байрлах Ираны нисгэгчгүй онгоцны бааз ихээхэн хохирол амссан юм.
Үүнээс өмнө буюу аравдугаар сарын 8-нд Израилийн агаарын цэргийн хүчин “Т-4” нисэх онгоцны буудалд цохилт өгөхөд Сирийн зургаан цэргийн албан хаагч, 12 шийт цэрэг шархаджээ.
ЭХ СУРВАЛЖ: TASS