Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас өнөөдөр /2021.10.26/ мэдээлэл хийлээ.
НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗРЫН МӨРДӨН ШАЛГАХ ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Д.ОТГОНЖАРГАЛ:
-Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын байдлаар 17360 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс нийслэлд 64.1 хувь буюу 11.132 гэмт хэрэг бүртгэгдсэн. Улсын хэмжээнд 10.9, нийслэлийн хэмжээнд 9.9 хувиар гэмт хэрэг буурсан. Сүүлийн үед иргэдийн "приус" автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг олноор бүртгэгдэж байна. Аравдугаар сард Ц, Д нарын найман бүлэг этгээдэд холбогдох 25 хэргийг илрүүлсэн. Мөн Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн орон байранд нэвтэрч хулгай хийдэг О, Ш нарын зургаан этгээдэд холбогдох 64 хэргийг илрүүлсэн.
Архангай, Завхан, нийслэлийн төвийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт хараа хяналтгүй орхисон он хуучин тээврийн хэрэгслүүдийг хулгайлдаг 18 удаагийн үйлдэлтэй насанд хүрээгүй хүүхдүүд болох Б,Н,Ц нарын 14 этгээдэд холбогдох хэргийг илрүүлсэн. Автомашин хулгайлах гэмт хэргийг 12-16 насныхан үйлдэж байна. Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өндөр үнээр үнэлэгдэх орон сууцны хаалганы цоожны голыг өрөмдөх аргаар үйлдсэн хулгайн найман гэмт хэрэг бүртгэгдсэн боловч одоогоор эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байна. Өмнөговь аймгаас эрэн сурвалжилж байсан этгээдийг илрүүлсэн. Энэ этгээд нь тавлига захиалгаар хийнэ гэх хуурамч мэдээллийг цахим хуудсанд байршуулж 54 иргэнээс нийтдээ 25 сая төгрөг залилсан. Мөн эрэн сурвалжлагдаж байсан Г нь 12 иргэнээс 51 сая төгрөг залилан авсан хэргийг илрүүлэн шалгаж байна.