УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа хоёр хөршийн харилцаа болон Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын талаар хэлэлцжээ. Ингэхдээ Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын талаарх Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын мэдээллийг нууцын зэрэглэлтэй сонссон байна. Энэ үеэр одоо баригдаж буй төмөр замын төслүүдээс гадна цаашид хаагуур ямар чиглэлээ , ямар царигтай төмөр зам тавих талаар салбарын сайдын мэдээллийг сонсч гишүүд асуулт, тодруулга авчээ.
БҮЛЭГ УРД ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМАА НАРИЙН ЦАРИГААР ХИЙХ САНАЛЫГ ДЭМЖСЭН
Монгол Улс хоёр чиглэлд шинээр төмөр зам барьж байгаа. Нэг нь Зүүнбаянгийн төмөр зам, нөгөө нь Гашуунсухайтынх. Гашуунсухайт чиглэлд 267 км төмөр зам барих ажлыг "Бодь Интернэшнл " хариуцсан бөгөөд ирэх оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Уг төмөр замын цариг нь өргөн тул Хятадын нарийн төмөр замын сүлжээнд холбогдоход багагүй асуудал үүссэн. Тиймээс олонхын бүлгийн хурлаар урагшаа тавьж буй төмөр замыг нарийн царигаар тавих асуудлыг хэлэлцсэн байна. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Урд чиглэлийн төмөр замыг нарийн царигтай, хойд чиглэлийн төмөр замыг өргөн царигтай барих хуулийн төсөл оруулж УИХ-аар батлуулсан юм. Харамсалтай нь, Х.Баттулга Ерөнхийлөгч болсны дараа урд чиглэлд тавьж буй төмөр замын цариг солигдож, өргөн царигтай төмөр зам тавьж эхэлсэн.
Тэгвэл эрх баригчид ямар ч гэсэн Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барих тал дээр санал нэгдсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хэлснээр Засгийн газрын өргөн барьсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг зарчмын хувьд дэмжих нэгдсэн шийдвэрт МАН бүлэг хүрсэн байна.
Түүнчлэн "Улаанбаатар Богд хан" төмөр замыг цаашид үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцжээ. Тус төмөр замыг барих асуудалд ОХУ-ын талаас шүүмжлэлтэй хандаж байсан ч ойлголцолд хүрсэн гэх мэдээлэл байна. Харин энэ төмөр замын ажлыг хойшлуулах ёстой гэсэн саналыг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан гаргасан боловч намын дарга Л.Оюун-Эрдэнэ түүний байр суурийг эрс үгүйсгэжээ. Тодруулбал, өмнө салбарын бодлогыг нь хариуцаж сайд байсан хүн ийм зүйл ярьж байгааг шүүмжилж, цаашид Монгол Улс хөгжлөөс хоцорсон шийдвэр гаргахгүй, бид ухрахгүй, одоо хийж байгаа ажлуудаа үргэлжлүүлээд явна гэдгээ хатуухан хэлжээ. Мөн тэрбээр аливаа төсөл, хөтөлбөр эхлүүлэх гэхээр шүлсээ үсэргэж, гацаадаг улстөрчдөөс айхгүй, Засгийн газар огцруулахаас айхгүй шүү гэжээ.
ХОЁР ХӨРШТЭЙГӨӨ ОЙЛГОЛЦОХ ЁСТОЙГ ГИШҮҮД САНУУЛЖЭЭ
ОХУ-аас өнгөрсөн есдүгээр сард нийлүүлэх ёстой байсан шатахуунаа нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэнээс үүдэн Монголын тал шатахууны хомсдол орж, ард иргэд нь шөнөжин дугаарлах хэмжээнд хүрсэн. Тиймээс ОХУ-ын талаас шатахууны нийлүүлэлт буурах учраас БНХАУ-аас шатахуун нийлүүлэх талаар хэлцэл хийж, тээвэрлэлтээ эхлүүлээд буй. Гэвч БНХАУ-аас тээвэрлэхэд төмөр замын тээвэрлэлт зэрэг асуудал үүссэн учраас бүлгийн хурал дээр хоёр хөршийн харилцаандаа анхаарах ёстойг гишүүд Засгийн газрын сайд нарт сануулжээ. Цаашид хоёр хөрштэйгээ ойлголцоход Засгийн газар анхаарах ёстойг сануулаад, ямар нэг асуудал ярилцаж тохироод тэрнээсээ буцдаг, хоёр хөршөө “гомдоодог” байдлыг зогсоох ёстой гэсэн саналыг ч гишүүд анхааруулсан байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ