Шүүхийн Ерөнхий зөвлөлийн /ШЕЗ- Шүүхийн статистик хариуцсан референт П.Ангарагсайхантай ярилцлаа.
-Төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүй халсан хэргийг шүүхээр шийдсэн, хохирол нөхөн төлүүлэх ажиллагааны талаар таныг судалгаа хийсэн гэж сонслоо. Төрийн албан хаагчдын ажлаас үндэслэлгүй халагдсан хэргийг шүүхээр хянан шийдвэрлэсэн тоон мэдээллээс ярилцлагаа эхэлье?
-Төрийн албаны маргаан түүний дотор ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл шүүхийн шүүн таслах ажлын бүтэн жилийн хэвлэмэл тайлан, мэдээлэлд болон Үндэсний статистикийн хорооны “Статистик мэдээллийн нэгдсэн сан”-д бүрэн хэмжээнд нийтлэгдсэн ч олон нийтэд хүрдэггүй. Тиймээс энэ төрлийн мэдээллийг нийтэд хүргэх, судалгааны эргэлтэд оруулах боломжийг эрэлхийлж, 2018-2020 онд хамаарах зарим тоон мэдээллийг задлан харуулахыг зорилоо.
Монгол Улсад “Ажлаас үндэслэлгүй халагдсан тухай” маргааныг иргэний эсвэл захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албан хаагч болон улс төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүхээр, төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг Иргэний хэргийн шүүхээр тус, тус хянан шийдвэрлэж байна. Өнгөрсөн 18 жилд аймаг, нийслэлийн Захиргааны хэргийн шүүхүүд төрийн албан хаагчийг төрийн албанаас үндэслэлгүйгээр халсан, чөлөөлсөн, цалин хөлсний маргаан, өөр ажилд шилжүүлсэн, сахилгын шийтгэлийг хууль бусаар ногдуулсан, сонгон шалгаруулалтыг буруу явуулсан тухай маргаантай холбоотой 3725 хэргийг Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлан шийдвэрлэсэн байна. Энэ нь захиргааны хэргийн шүүхийн нэг жилд шийдвэрлэсэн хэргийн 15-20 орчим хувийг эзэлдэг.
-Улстөрчид төрийн албыг төрлийн алба болгодог нь худлаа биш. Сонгууль бүрийн дараа төрийн албаараа тоглодог. Сүүлийн 18 жилийг харьцуулж судлахад төрийн албан хаагчийг ажлаас нь үндэслэлгүй халах явдал нь хэдэн онд хэр өссөн байна вэ ?
-Тухайлбал, 2008 онд Захиргааны хэргийн шүүхэд төрийн албаны 100 хэрэг, маргаан хянан шийдвэрлэж байсан бол тухайн сонгуулийн дараагийн жил буюу 2009 онд 197 хэрэг хянан шийдвэрлэж энэ төрлийн хэрэг, маргаан хоёр дахин өссөн. Мөн 2012 оны сонгуулийн жил төрийн албаны 133 хэрэг, маргаан хянан шийдвэрлэж байсан бол 2013 онд энэ төрлийн хэрэг, маргаан 203 болж 52 хувиар, 2016 онд төрийн албаны 417 хэрэг, маргаан хянан шийдвэрлэж байсан бол 2017 онд 660 болж 58 хувиар тус, тус өссөн байна.
Харин 2020 онд төрийн албаны 199 хэрэг, маргаан хянан шийдвэрлэсэн бол 2021 оны гуравдугаар улиралд төрийн албаны 211 хэрэг маргаан, хянан шийдвэрлэсэн бөгөөд мөн өмнөх оноос өсөх хандлагатай байна.
Төрийн албаны маргаан цаашлаад ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан нь УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дараагийн жилд өсөх хандлагатай байгаа нь дээрх тоон мэдээллээс харагдаж байна.
Энэ нь Засгийн газар шинэчлэгдэн байгуулагдах, яам, агентлагийн бүтэц, зохион байгуулалт, төрийн албан хаагчдын орон тоо, ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөх зэрэг шалтгаануудтай холбоотой байж болох юм. Иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэсэн хөдөлмөрийн маргааны дийлэнх хувийг ажлаас үндэслэлгүйгээр халагдсантай холбоотой маргаан эзэлдэг бол тодорхой хувиудыг цалин хөлс, ажлаас буруу шилжүүлсэнтэй холбоотой маргаанууд эзэлж байна. Тухайлбал, Төрийн байгууллагын ажил олгогчийн буруугаас ажлаас үндэслэлгүй халагдсан төрийн үйлчилгээний албан хаагчтай холбоотой 2018 онд 341, 2019 онд 367, 2020 онд 275 хэргийг тус, тус шүүхээр хянан шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн ажлаас үндэслэлгүй халагдсан хэргийн 36-50 орчим хувийг төрийн албан хаагчдын ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан эзэлж байна.
-Төрийн албан хаагчдыг ажлын хариуцлага алдлаа гэж чөлөөлөхөөр заргалдсаар байгаад ороод ирдэг. Тухайлбал, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал асан Д.Нямхүү байна. Тэрбээр шүүхэд хандаж, үндэслэлгүй халагдсан гэж гомдол гаргасан. Шүүхээс Д.Нямхүүг албан ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдсөн гэж үзсэн. Үүнээс харахад ажлаас халсан албан тушаалтан нь хуулийн үндэслэлээ зөв гаргаж тавьдаггүй хэрэг үү, аль эсхүл “Төрийн албаны тухай” хуульд “но” байна уу ?
–Дээр хэлсэнчлэн ажлаас үндэслэлгүй халагдсан гэх үндэслэлээр шүүхээр шийдэгдэж байгаа хэргийн 60-70 хувь нь нэхэмжлэгчийн талд харин 30 орчим хувь нь хариуцагчийн талд шийдвэрлэгдэж байна. Шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарч байна гэдэг нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээж байгаа хэрэг юм. Тэгэхээр ажлаас халж байгаа дарга нарын гаргаж байгаа захиргааны акт хууль бус буюу өөрөөр хэлбэл хуулийн үндэслэл буруу байна гэсэн үг.
Харин хариуцагчийн талд шүүхийн шийдвэр гарч байвал төрийн байгууллага, албан тушаалтан хуулийн дагуу шийдвэр гаргаж, хуулийн хүрээнд ажиллаж байгааг харуулж байна гэсэн үг. Ажлаас үндэслэлгүй халагдсан гэх үндэслэлээр шүүхээр шийдэгдэж байгаа хэргийн статистик мэдээллээс харахад 60-70 хувь нь нэхэмжлэгчийн талд шийдвэрлэгдэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны акт хууль бус болохыг тогтоож, түүнийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.
БУРУУТАЙ АЛБАН ТУШААЛТНААР ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА
-2018-2020 онд 1241 төрийн албан тушаалтныг ажилд эргүүлэн томилж, тэдгээрийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт ойролцоогоор 4 орчим тэрбум төгрөгийг олгох шүүхийн шийдвэр гарсан шүү дээ. Өнөөдрийн байдлаар хэдэн хувь нь эргэн төлөгдөв?
-2018-2020 онд төрийн байгууллагын ажил олгогчийн буруугаас ажлаас үндэслэлгүй халагдсан төрийн жинхэнэ, улс төр, төрийн үйлчилгээний албан хаагчтай холбоотой 1241 хэргийг шүүх шийдвэрлэсэн байна. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд албан тушаалтны буруутай шийдвэрийн улмаас төрийн байгууллагаас гаргуулахаар шүүхээр шийдвэрлэсэн мөнгөн дүнгийн хэмжээ ойролцоогоор 4 тэрбум орчим төгрөг.
2019, 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийгдсэн аудитын тайлангаас үзэхэд 2019 онд төрийн байгууллагын ажил олгогчийн буруугаас ажлаас халагдсан 21 байгууллагын 46 ажилтанд шүүхийн шийдвэрийн дагуу таван тэрбум, 2020 онд 30 байгууллагын 38 ажилтанд шүүхийн шийдвэрийн дагуу зургаан тэрбум төгрөгийн нөхөн олговор тус, тус олгосон боловч шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнуудаар төлүүлээгүй байна. Үүнээс дүгнэхэд учирсан хохирлыг төрөөс нөхөн төлүүлэх шүүхийн шийдвэрийн хэрэгжилт 30 орчим хувьтай, харин төр буруутай албан тушаалтнаар хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалт хэрэгжихгүй байна.
-Буруу шийдвэр гаргасан албан хаагч тухайн төлбөрийг төлөх ёстой. Гэвч буруутай албан тушаалтнаар хохирол төлүүлэх хуулийн заалт амьдрал дээр хэрэгжилт муу байгаагийн шалтгаан юу байна?
-2016 оны долдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулиар энэ асуудлыг нэлээд нарийвчлан зохицуулж, нэг бүлэг болгон оруулж өгсөн нь маш том дэвшил болсон. Тодруулбал, Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй. Захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцах ба иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллагаас нэхэмжилж, байгууллагаас гаргуулна. Гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна.
Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны актын улмаас учирсан хохирлыг төрөөс эхлээд төлүүлнэ. Дараа нь буруутай албан тушаалтнаар хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалт байна. Мөн 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан.
Төрийн албаны тухай хуульд “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан.
Төрийн албаны төв байгууллага төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, төрийг төлөөлж иргэний хэргийн шүүхэд 2019 онд хоёр нэхэмжлэл, 2020 онд нэг нэхэмжлэл, 2021 онд нэг нэхэмжлэл тус, тус гаргасан байна.
Үүнээс хоёр хэрэг хянан шийдвэрлэгдэж төрд учирсан 6 сая 860 мянга 106 төгрөгийн хохирлыг буруутай албан тушаалтнаар гаргуулахаар шүүх шийдвэрлэж, хоёр хэрэг хяналтын шатны шүүхэд хянагдаж байна. Тэгэхээр хариуцлагын механизмыг илүү боловсронгуй болгож, журамлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зайлшгүй шаардлагатай байна.
-Монгол төрийн алба сүүлийн арван жилийн дотор чадвар нь доройтож байна. Төрийн албан тушаалтнууд нь зарчимгүй, ёс зүйгүй, мэдлэг боловсролоороо ч тэнцэхгүй байна. Иймд бодлогын гажуудал, тогтолцооны алдаанд өөрчлөлт хийх буюу Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Таны хувьд уг хуулийн ямар заалтыг өөрчилбөл хөрсөн дээр бууна гэж харж байна вэ?
–Уг асуултад судалгааны хүрээнд хариулъя. Нэгдүгээрт. Шүүхийн шийдвэрийг судалж үзэхэд ажлаас үндэслэлгүй халагдсан төрийн албан тушаалтны 20 орчим хувь нь төрийн захиргааны албан тушаалтан, хоёр орчим хувь нь төрийн тусгай албан тушаалтан, 1 орчим хувь нь төрийн улс төрийн албан тушаалтан, харин 75-80 орчим хувь нь төрийн үйлчилгээний албан тушаалтан байна. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх болон туслах албан тушаалын төрөлд ажиллаж байгаа захиргаа болон үйлчилгээний албан хаагчийн эрх илүү зөрчигдөж байгаа нь харагдаж байна. Тэгэхээр ялангуяа төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрх зүйн байдлыг хангах дээр анхаарах нь зүйтэй байна.
Хоёрдугаарт. Сүүлийн гурван жилд Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэсэн ажлаас халагдсан маргааны хариуцагчаар татагдсан албан тушаалтнуудыг ангилахад Засгийн газрын гишүүн таван хувь, Төрийн нарийн бичгийн дарга зургаан хувь, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, тамгын газрын дарга 35 хувь, Засгийн газар, яамны харьяа агентлаг, аймаг нийслэлийн Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга 45 хувь, Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, тэдгээрийн тэргүүлэгчид, дарга 3 хувийг тус, тус эзэлж байна.
Өөрөөр хэлбэл, Засаг дарга, Засгийн газар, яамны харьяа агентлаг, аймаг нийслэлийн Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга нар хамгийн их халаа сэлгээ хийж байна. Эдгээр хариуцагчид улс төрийн албан хаагч болон улс төрийн томилгоотой албан хаагчид учраас сонгуулиас сонгуулийн хугацаанд ажиллах нь түгээмэл. Тиймээс төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх хуулийн заалтын үйлчлэлийг илүү үр дүнд хүргэхийн тулд буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан тухайн албан тушаалд ажиллахгүй болсон ч хохирлыг барагдуулдаг процессын зохицуулалтыг нарийвчлан тусгах нь зөв юм. Төрийн албан хаагч хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан л бол түүнийхээ үр дагаврыг хариуцдаг байх ёстой.