“Рио Тинто” Монголын зээлийн 70 хувийг тэглэх санал тавьжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.26-нд нийтлэгдсэн

“Рио Тинто” Монголын зээлийн 70 хувийг тэглэх санал тавьжээ

“Рио Тинто” Монголын зээлийн 70 хувийг тэглэх санал тавьжээ

“Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Монгол Улсын эдийн засаг тэлэхэд маш чухал ач холбогдолтой. Хөрөнгө оруулагч талтай үл ойлголцсон, маргаантай байдал хэвээр үргэлжилсээр байвал ганц том “Оюутолгой” төслөө нураахад ойрхон байгааг гадны экспертүүд сануулж байна.

Түүхий эдийн үнэ түүхэн дээд түвшинд хүрч, дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдсээр буй энэ үед Монгол Улс ашиг хүртэхгүй үлдэх эрсдэлтэйг Европын Худалдааны танхимаас анхааруулж, “Хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрээ” байгуулахыг санал болгожээ.

Мөн гэрээний дагуу Хөрөнгө оруулалтын тухай гол хууль, тогтоомжуудыг урт хугацааны туршид өөрчлөхгүй байх нь чухлыг дурдаад, ингэснээр бодлогын тогтвортой байдлыг хангах боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлэв.

“Оюутолгой” төслийн одоогийн яриа хэлэлцээ дууссаны дараа гадаадын хөрөнгө оруулалт, ялангуяа стратегийн хөрөнгө оруулалтын гэрээнүүдээ өөрчлөхгүй, дахин хэлэлцэхгүй байх хэрэгтэйг онцлон анхааруулсан байна.

Европын Худалдааны танхим байр суурийн бичигтээ, гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээ болох 100 мянган ам долларыг бууруулах, виз олгох нөхцөлийг дээрдүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж тусгажээ.

Сүүлд авсан мэдээллээр, “Rio Tinto”-ийн Зэсийн группийн захирал Б.Болд, "Turquoise Hill Resources" компанийн Гүйцэтгэх захирал Стив Тибоу нар Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарт захидал хүргүүлжээ. Тус захидалд “Рио Тинто” компани гурван санал дэвшүүлсэн байна.

Эхнийх нь, Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох 2.3 тэрбум ам.долларын зээлийн 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг “тэглэх” санал. Хоёр дахь нь, ногдол ашиг авах хугацааг наашлуулж, гурван жилийн хугацаанд 400 сая ам.доллар олгох. Гурав дахь нь, менежментийн төлбөрийг үе шаттайгаар бууруулах санал.

Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулагч тал төслийн үйл ажиллагааны зардлаас гурван хувь, хөрөнгөөс зургаан хувийн менежментийн төлбөр авч буй юм.

"ОЮУТОЛГОЙ" КОМПАНИ ХОЁР УДАА ЗАРДЛАА ХЭТРҮҮЛСЭН

"Оюутолгой" компани хоёр удаа зардлаа хэтрүүлээд буй. Анх ил уурхайд зардлаа хэтрүүлэхэд Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрсөн байдаг.

“Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал үлэмж хэмжээгээр нэмэгдэж, уурхай ашиглалтад орох хугацаа бараг хоёр жилээр хойшилсон асуудлаар хөндлөнгийн шалгалт хийсэн шинжээчдийн дүгнэлт гарсан.

Уг дүгнэлтээр гүний уурхайн ашиглалтад орох хугацаа даруй 22 сараар хойшилж, хөрөнгө оруулалтын зардал 1.45 тэрбум ам.доллар буюу 4 тэрбум орчим төгрөгөөр нэмэгдсэн нь төслийн гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлаас шалтгаалаагүй байна гэж үзсэн билээ.

“Рио Тинто” компани болон “Оюутолгой” ХХК Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг, хөрөнгө оруулагчдад “Урьдчилан харах боломжгүй хөрсний чулуулаг, геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалан зардал нэмэгдэж, хугацаа хэтэрсэн” гэж тайлбарласан.

Монгол Улсын Засгийн газар энэ бүтээн байгуулалтын санхүүжилтийг босгохдоо 4.3, 4.4, 4.5, 4.6, 5.5 а, б, в, 7.1 гээд татварын буулт хийжээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоо “Rio Tinto” компани “Оюутолгой” төслийн гүний уурхайн зардлын хэтрэлттэй холбоотой хангалттай тайлбар ирүүлэхгүй байгааг мэдэгдсэн билээ.

22 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ӨРИЙН АСУУДАЛД ШИЙДЛЭЭ САНАЛ БОЛГОЖ, УДАХГҮЙ ШИЙДЭЛД ХҮРНЭ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА

Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбоотойгоор нэмэлт тайлбар өгөхөөр “Turquoise Hill Resources” компанийн гүйцэтгэх захирал Стив Тибоу Монгол Улсад ирээд сар гаруй хугацаа өнгөрч буй юм. Түүний хэлснээр, гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд зарцуулж буй зардал, хөрөнгө оруулалт 5.3-6.7 тэрбум ам.доллар буюу 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдэх, мөн цар тахлын нөлөөллөөр үүдэн гарч байгаа нэмэлт зардлыг 2020 оны нарийвчилсан төлөвлөгөөндөө тусгажээ.

“Туркойз Хилл Ресурс” компани өнөөдрийн байдлаар 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаагийн дотор Засгийн газрын 34 хувьд ногдох хөрөнгө оруулалт ч багтжээ.

Стив Тибоугийн хэлснээр, “Туркойз Хилл Ресурс”, "Рио Тинто", "Оюутолгой" компаниуд төслийг урагшлуулах чин хүсэл эрмэлзэлтэй байгаа аж. Мөн Засгийн газрын санаа зовниж буй 22 тэрбум ам.долларын өрийн асуудалд шийдлээ санал болгосон бөгөөд удахгүй шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв. Сануулахад, "Рио Тинто" групп Монгол Улсын Засгийн газар ногдол ашиг авах нь битгий хэл 22 тэрбум ам.долларын өрөнд орох тайлан ирүүлсэн билээ.

Өнөөдрийн байдлаар Лондоны Арбитрын шүүхэд татварын хоёр акттай холбоотой маргаан үргэлжилж байна. "Оюутолгой"-н гүний уурхайн ашиглалт хойшилсноор манай улсын төсөвт ихээхэн сөргөөр нөлөөлж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж