Цар тахлын үед бүх айл, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцаж буй. Уг шийдвэр хэрэгжснээс хойш жил тойрох гэж байна. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед гаргасан эл шийдвэр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж, энэ оны долдугаар сарын 1-нд дуусах байсныг одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэн сунгаад буй. Ингэснээр энэ оны долдугаар сарын 1-нд хүчингүй болохоор байсан уг шийдвэр арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болно. Иргэдийг дэмжих зорилгоор төр цахилгаан, дулаан, хогны төлбөрийг хариуцахаар болсон нь сайн.
Бодит байдал дээр тусгалаа олж байна уу гэвэл үгүй. Хэдийгээр томоохон аж ахуйн нэгжүүдэд маш том дэмжлэг болж байгааг үгүйсгэх аргагүй ч иргэдэд хөнгөлөлт нь мэдрэгдэхгүй байгаа нь нууц биш.
Тухайн үеийн У.Хүрэлсүхийн Засгийн газрын тооцсноор, гэр хорооллын айл өрх дунджаар 240-530 мянган төгрөг, орон сууцны айл өрх талбайн хэмжээнээс хамаарч 560 мянгаас 1.1 сая хүртэл төгрөг, жижиг дунд аж ахуйн нэгж 7-30 сая, томоохон аж ахуйн нэгж 500 саяас 1.4 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэж үзэж байв.
Тухайлбал, 2020 оноос энэ жилийн долдугаар сар хүртэл “Талх чихэр” компанийн цахилгаан, дулаан усны төлбөр нэг тэрбум 348 сая төгрөгийг төр хариуцсан нь том дэмжлэг. Энэ мэтчилэн аж ахуйн нэгжүүд зардлаа хэмнэснээр ажлын байраа хадгалж, бас цалингийн урамшууллыг ажилчдадаа олгож байсан сайн жишиг ч бий.
Засгийн газрын цахилгаан дулаан, ус хогны төлбөрийг тэглэх хөнгөлөлт чөлөөлөлтөд нийт 678 мянган өрх, 51 мянган аж ахуйн нэгж хамрагдаад буй. Өнгөрсөн долоон сарын цахилгаан, дулааны зардлыг “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газар хариуцаж 650 тэрбумыг гаргаж байсан бол энэ удаа ч мөн адил хариуцаж буй.
Гэхдээ өнөөдрийг хүртэл таван ханатай гэрт амьдардаг Доржийнхоос илүүтэй Зайсан, Нүхтийн аманд хувийн хаус, таун сууцтай баячуудад илүү эрх эдэлж буй. Хэдийгээр цахилгааны хөнгөлөлт чөлөөлөлтөд 100 мкб-аас доош сууцтай айл өрх хамрагдана гэж заасан ч үүнээс илүү мкб-тай таун, хаусны эздэд бол эсрэгээрээ завшаан болж байна.
Учир нь цахилгаан, дулааны төлбөрийг 100 хувь төлснөөс илүү гарсан багахан зардал төлөх нь баячуудад төлбөрөө тэглүүлсэнтэй ижил. Цахилгааны төлбөр нь гэхэд дор хаяж нэг хүний гурван сарын цалин, приус машины урьдчилгаа төлбөртэй дүйх нь мэдээж.
Үнэндээ төр иргэдээ дэмжих зорилготой гэх гоё үгээр чимэглэсэн уг дэмжлэгийг эрх баригчид өөрсдөө ч эдэлж байгаа нь нууц биш. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, одоогийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийн “амбаар” гэхэд үүний тод жишээ нь.
Хаус нь мэдээж 100 мкб-аас илүү. Хоёр залгаа хаус нь гантиг чулуун фасадтай, цэвэр, бохирын сувагтай. Хашааг сагсны талбай, сүүдрэвч, тоглоомын талбай, хүлэмжийг иж бүрнээр нь тохижуулсан. Зөвхөн хашаа нь гэхэд бүрэн цугтгамал, орос үнэт тоосгоор эмжсэн бөгөөд 500 сая өлхөн давна.
Гаднаас нь харсан ямар ч тэнэг хүнд хэн нэгэн эрх мэдэлтнийх гэдэг нь шууд л ойлгогдох биз ээ. Гэтэл “Шударга” дүрд тоглох дуртай Ц.Нямдорж өмнө нь хувийн эдлэнгүй, түрээсийн байранд амьдардаг, амбаартай гэх зэргээр хэвлэлийнхэнд “ам гарч” байсан нь саяхан.
Мөн л Ерөнхийлөгч асан Х.Баттулга төрийн тэргүүн болоод удаагүй байхдаа Яармаг дахь ээжийнхээ хашаанд багтахгүй шахам том хаус сүндэрлүүлсэн нь тухайн үед олныг талцуулж байв. Бас л тэрбумаар тоологдох хөрөнгө. Олон нийтэд ил болсон нь л энэ болохоос өөр хэчнээн хувийн эдлэнгийн төлбөрөө татвар төлөгчдийн халааснаас гаргаж байгаа бол. Угтаа бол цахилгаан, дулааны төлбөрийг “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрээс хариуцаж байгааг Засгийн газар мэдэгдсэн ч татвар төлөгч иргэдтэй ч бас салшгүй холбоотой.