Хаалгаа барихад хүрсэн “Ломбард”-ыг оюутнууд "амь оруулжээ"

Хуучирсан мэдээ: 2021.10.26-нд нийтлэгдсэн

Хаалгаа барихад хүрсэн “Ломбард”-ыг оюутнууд "амь оруулжээ"

Хаалгаа барихад хүрсэн “Ломбард”-ыг оюутнууд "амь оруулжээ"

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ихэнх ломбард зээлийн хүүгээ 6-9 хувиар тооцож олгодог нь иргэдийн шүүмжийг дагуулсаар ирсэн. Энэ нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14.1 дүгээр зүйл болон бусад холбогдох хууль тогтоомжид харшилж байгаа юм. Тиймээс холбогдох газруудаас удаа дараа хууль, журам зөрчсөн үйлчилгээ үзүүлж буй ломбардуудад хариуцлага тооцож, торгууль ногдуулдаг ч төд удалгүй сэргэдэг аж.

УИХ-аас ломбардын хүүг долдугаар сарын 1-н хүртэл гурван хувь, алдангийг 0.2 хувиар тус тус хэтрүүлэхгүй, барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байх хуулийг энэ оны нэгдүгээр сарын 29-нд баталсан. Энэ нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг  газруудад хэрхэн нөлөөлж буй сурвалжиллаа.

БАЙРШЛААС ХАМААРААД ЛОМБАРДЫН ХҮҮ БАГАДАА 6-8 ХУВЬ БАЙНА

7-14 хоногийн хугацаатай барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг ломбардуудын хамгийн бага хүү нь 5-6 хувь байна. Байршлын хувьд хотын төвдөө хамаарах нь хүүгийн хувьд багадаа 7-8 хувь болжээ. Энэ бол 5-7 хоногт барьцаалахад авч буй хүү буюу ашиг юм. Харин ч энэ бол буурсан дүн. Долдугаар сараас өмнө хамгийн багадаа 8-9 хувь байсан. Хүү буурсан ч үйлчлүүлэх хүн алга гэж ломбард ажиллуулдаг хүмүүс хэлж байв. Хотын төв болон захын хэсгийн ломбардаар орж үзэхэд ихэнх нь хаалгаа барьжээ. Тиймээс бид нийслэлийн иргэдийн хөл хөдөлгөөн хэсгээр буюу Сансарын үйлчилгээний төв дээр очлоо. Хэдэн метрийн зайтай байрлах ойролцоо ломбардуудаар ороход “Алт, монет, мөнгө авахаа болиод удаж байна. Одоо зөвхөн гар утас, лед телевиз л авч байгаа.

Хүү буурахаас өмнө нь хүлээлгийн хугацаа гэж байсан бол одоо тэр хугацааг бараг тооцох шаардлагагүй болсон. Хүмүүс барьцаанд тавьсан зүйлээ авахгүй гэдгээ хоногоо болохоор шууд хэлчихдэг. Тэгээд л түүнийг нь зарахаас өөр сонголтгүй.

Алт, монет гээд үнэт эдлэл авах нь одоо цагт их эрсдэлтэй. Цагдаагийн байгууллагаас хулгайн эд зүйл гээд хураагаад авчихна. Бас сүүлийн үед үнэтэй утас авахаа ч больж байгаа. Юнител, Мобиком, Скайтел зэрэг үүрэн телефоны компаниас үнэтэй утас зээлээр аваад, төлж дуусаагүй байж барьцаанд тавиад өнөөх нь хураагдах гээд байдаг зэрэг тоочоод байвал асуудал их. Хүмүүс ломбардаар мөнгө хүүлж байна гэдэг ч бид эрсдэлийг тооцоолоод өндөр үнээр зээл гаргадаггүй болохоор орлого тун бага болсон” гэлээ.

САНСАРТ 200 ЛОМБАРД БАЙДАГ Ч ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ НЬ 10 ХУРУУНД БАГТАНА

Нийслэлд 1000 гаруй ломбард ажилладаг статистик өнгөрсөн жил гарчээ. Тэдгээрийн тал хувь нь Баянзүрх дүүрэгт байрладаг. Тодруулбал, Сансарын үйлчилгээний төвийн ойролцоо 200 гаруй нь байдаг аж.

Сансарт тав дахь жилдээ ломбард ажиллуулж буй иргэн /нэрээ хэлэхийг хүсээгүй/хэлэхдээ “Би уг нь олон жил ломбард ажиллуулж байгаа. Энэ жил ашиг эрс багассан. Хууль батлагдсанаас хойш хүний алдаж гээсэн үнэт эдлэл, эд зүйл авахыг хориглосон учир бичиг баримтыг нь харж байж зөвхөн тухайн хүний эд зүйлийг л авдаг болсон. Мөн хүлээлгийн хугацаа нь дууссан ч зарахгүй харах зэрэг тохиолдол байна. Есдүгээр сараас л бид хэвийн ажиллаж эхэлсэн. Covid-19 гээд бүх л салбар ялгаагүй хүнд байгаа. Эдийн засгийн хувьд уналтад орж, иргэдэд барьцаанд тавих зүйл ч байхгүй болж байна. Тэр бүү хэл тавьсан зүйлээ авах нь ховордсон. Манайх алт, монет, гар утас, нөтбүүк, телевиз гээд бүгдийг авдаг ч ес, аравдугаар сард гар утас л хамгийн их орж ирсэн. Оюутнуудын хичээл танхимаар орж эхэлж байж л үйл ажиллагаа жигдэрч байна. Гар утас, нөтбүүкээр л орлогоо зогоож байна гэсэн үг.

Ашиг орлогогүй болоод аргаа бараад хаадаг юм уу гэж бодсон ч танхимын хичээл орж эхлээд Сансарын хөл хөдөлгөөн овоо нэмэгдлээ. Түүнээс биш хэдэн ломбардууд түрээсээ ч төлж чадахгүйд хүрсэн. Сансарт миний мэдэхээр 200 гаруй жижиг, том барьцаалан зээлдүүлэх газар бий. Тэднээс гарын 10 хуруунд багтах нь тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөгдсөн метр квадратад үйл ажиллагаа явуулдаг” гэв.

Иргэдийн зүгээс ломбардын хяналтыг сайжруулж, хүүг буулгавал өрсөлдөөний зах зээл дээр хэрэглэгч байгаа юм чинь барьцаалан зээлдүүлэх газар хэрэгтэй гэдгийг хэлж  байлаа. Гагцхүү хяналтгүйн улмаас хулгайн эд хөрөнгө борлуулах, хүлээлгийн хугацаа нь дуусаагүй байхад зардаг зэрэг нь асуудалтай байдаг гэсэн юм.

30 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТАВ ХОНОГИЙН ХУГАЦААТАЙ ТАВЬСАН УТСАНДАА 2700 ТӨГРӨГИЙН ХҮҮ ТӨЛНӨ

ИРГЭН Ш.БАЯРСАЙХАН:

-Хүү буурч байна гэдэг үнэн юм уу. Үнэлгээ бага хэрнээ хүү нь өндөр л санагдаж байна. Миний хувьд "Q7" гэдэг гар утсыг тав хоногийн хугацаатай есөн хувийн хүүтэй тавьсан. 30 мянган төгрөгөөр тавьсан утсаа 32700 болгож тав хоногийн дараа авна. Хүлээлгийн хугацаа гэж байхгүй гэсэн. Хямд утас болохоор авахгүй бол шууд зарах юм байна гэж ойлгосон. Өмнө нь шаардлага гараад ломбардад мөнгөн гинж, бөгж зэргийг барьцаалж, зээл авч байсан. Тэтгэвэргүй, банкнаас зээл авч чадахгүй бидэнд ломбард байх нь зүйтэй. Гэхдээ хүүг нь багасгах, эсвэл нэгдсэн ижил дүнтэй болгох хэрэгтэй болов уу гэж бодож байна.

 

 

ЯВУУЛЫН ЛОМБАРД ХҮРТЭЛ БАЙГАА НЬ ШААРДЛАГАТАЙ ХҮНДЭЭ ХЭРЭГТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ

ИРГЭН Н.ГОМБОЖАВ:

-Ломбард байх нь зөв гэж боддог. Гэхдээ олон болоод ирэхээр эмх цэгцгүй болж байгаа. Хүүгээ өсгөдөг, оройн цагаар ажиллаж байгаа нь илүү өндөр хүүтэй байдаг юм билээ. Бас гэрээр очиж үнэт эдлэл, гар утас, зурагт зэргийг авдаг ломбард ч байдаг гэсэн. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд ломбард бол хэрэгтэй. Харин хүмүүсийн эд зүйлийг аваад хугацаа нь дуусаагүй байхад зарчихдаг, бага үнэлгээгээр аваад хэд нугалж зардаг зэрэг асуудал их гардаг юм шиг байна лээ. Барьцаалж авч байгаа зүйлдээ хянамгай байж, гэрээний дагуу тухайн хүн нь хүсвэл зарж, борлуулахгүй хүлээж байвал зүгээр байх.

 

 

ЛОМБАРДТАЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ ИХЭВЧЛЭН МӨНГӨН ТОРГУУЛЬ Л НОГДУУЛДАГ

Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тодруулахад иргэдээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу бид хяналт шалгалтыг хийж ажиллаж байгаа. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн хүрээнд асуудлыг харгалзаж, зарчмын дагуу үйл ажиллагаа явуулахгүй газруудад шалгалт хийж, холбогдох арга хэмжээ авч, хариуцлага тооцдог. Ихэвчлэн мөнгөн торгууль ногдуулдаг. Ломбардыг зохицуулах асуудал төвөгтэй. Учир нь ломбард банк болоод төрийн үйлчилгээний байгууллага биш. Өрсөлдөөний хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Цар тахлын түр журам зөрчсөн зөрчил, гомдлууд ирсэн. Бид тухай бүрд нь шалгасан гэдэг тайлбар өглөө.

9911-ТЭЙ ДУГААР, АВТОМАШИНЫ ЛОМБАРД Л АШГАА НУГАЛДАГ

Ломбард ажиллуулдаг хүмүүсээс асуухад жижиг зүйл авдаг гэхээс илүүтэй 9911, 8811-тэй дугаар барьцаалдаг, автомашин барьцаалж зээл олгодог ломбард ашгаа хэд нугалж байгаа гэсэн юм. Хэрэв цар тахлын нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилсээр байвал ломбард зорих хүн ч үгүй болохыг барьцаалан зээлдүүлэх төвийнхөн хэллээ. Хүүгээ бууруулж, хуулиа чангатгасан ч үйлчлүүлэгч байхгүй бол ломбард хэрхэн ажиллах вэ. Хаалгаа барих уу, гүрийж, амь зогоосоор ажиллах болов уу. Өрсөлдөөний зах зээлээ бодвол ломбард ашигтай учир өнөөг хүртэл байсаар ирсэн. Ломбардууд дампуурвал бас нэг өөр төрлийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ нэвтрэх байх. Гэхдээ иргэдийн хувьд ломбард байх нь зүйтэй. Харин зохицуулалт, хяналт дутуу байгаа гэдгийг удаа дараа сануулсаар, холбогдох газарт нь хандсаар ирсэн юм.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж