Хятадын ӨМӨЗО-ы бүс нутагт Covid-19 гарсантай холбогдуулан Монгол, Хятад хоёр талын худалдаа ихээхэн саатаж буй. Гэсэн ч хоёр талын хүчин чармайлтын үр дүнд хил дээрх ачаалал багасч, хоёр улсын худалдаа түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байгааг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд “Global Times” сонинд ярьжээ.
Тодруулбал, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал Лхагва гаригт Хятадын Хунань мужийн Чанша хотноо болсон Дэлхийн эдийн засгийн хөгжил, аюулгүй байдлын анхдугаар форумд оролцохдоо тус сонинд дээрх ярилцлагыг өгсөн байна.
Тэрбээр өнөөдрийн байдлаар Хятад, Монголын хилийн 13 боомтын зургааг ачаа тээвэрлэх зориулалтаар, хоёрыг нүүрс болон бусад ашигт малтмалын экспортод ашиглаж байна гэв. Нүүрс, ашигт малтмалын экспортын хоёр гол боомт хэвийн ажиллаж байгаа ч халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний дагуу хилийн тээврийн ачаалал нэмэгдсэн байна.
Тухайлбал, “Covid-19” цар тахлаас өмнө хоногт 2000 гаруй ачааны машин хилээр нэвтэрдэг байсан бол өнөөдөр 500 гаруй ачааны машин нүүрс тээвэрлэж буй бөгөөд энэ тоог 600 болгохоор зорьж байгаа аж.
Үүнээс гадна Монгол Улс хилээр нүүрс тээвэрлэдэг 3000 гаруй жолоочтой. Гэтэл өнөөдөр ажиллаж байгаа жолооч нар “Covid-19”-ийн нөхцөл байдлын улмаас Монголд нэг, Хятадад нэг буюу хоногт хоёр удаа PCR-ийн шинжилгээ өгч байгаа нь тээвэрлэлтийг харьцангуй удаашрахад хүргэжээ.
Тиймээс хоёр тал нүүрсний тээвэрлэлтийг хурдасгах үүднээс өөрөө удирдлагатай тээврийн хэрэгсэл ашиглах зэрэг янз бүрийн хувилбар авч үзэж байгаа аж. Тухайлбал, Монголын талаас одоогийн тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд нүүрсний угсраа чингэлэг ашиглах санал гаргасан гэжээ.
Үүнээс гадна хоёр улсын засгийн газар өнгөрсөн онд хилийн томоохон боомтуудад төмөр замын тээврийг нээх тохиролцоонд хүрсэн байна. Тодруулбал, ӨМӨЗО-ы Ганцмод боомтод хил дамнасан төмөр зам барих асуудал хэдийнэ тодорхой болсон бөгөөд төслийг эхлүүлэхээс өмнө талууд хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурах гэнэ.
Төслийн дагуу 20 орчим километр төмөр зам барихаар төлөвлөж байгаа бөгөөд уурхайнуудтай ойрхон баригдах уг төмөр зам хоёр талын худалдаанд чухал ач холбогдолтой байх төдийгүй одоогийн тээвэрлэлтийн зардлыг гурав дахин бууруулах юм байна.
Төмөр замын тээвэрлэлт ирэх оноос эхлэх төлөвтэй байна. Төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлэх коксжих нүүрсний жилийн экспорт 50 хувиар нэмэгдэх аж. Өнөөдрийн байдлаар жилд 32 сая тонн нүүрс тээвэрлэдэг бөгөөд энэ нь даруй 10-20 сая тонноор нэмэгдэнэ гэсэн үг юм.
Эх сурвалж: HELLENIC SHIPPING NEWS
Холбоотой мэдээ