Хүүхэд бүрд тэгш боловсрол – “Smart Education” төсөл

Хуучирсан мэдээ: 2021.10.26-нд нийтлэгдсэн

Хүүхэд бүрд тэгш боловсрол – “Smart Education” төсөл

“Одоо би хичээлдээ сууж, ангийнхантайгаа холбогдох боломжтой боллоо’’ хэмээн “SMART EDUCATION” төсөлд хамрагдсан бяцхан сурагчдын төлөөлөл Тэлмэн хүү инээмсэглэн хэллээ. Яг л түүн шиг сурах хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлээр дүүрэн мянга мянган хүүхдэд туслах, цар тахлын үед тэднийг боловсролын тэгш боломжоор хангах зорилгоор Мобиком Корпораци ээлжит төслөө санаачлан хэрэгжүүлсэн юм.

Бяцхан сурагчдын баяр хөөр, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн энэхүү төсөл чухам хэрхэн хэрэгжиж, нийгэмд хамтын үнэ цэнийг хэрхэн бүтээсэн тухай онцлох мөчүүдийг тантай хуваалцъя.

Төсөл хэрхэн эхлэв?

Нийгмийн хариуцлага гэдэг нь сайн дурын ажил зохион байгуулах нэр биш юм. Харин цаг үеэ олсон, зорилтот бүлэгтээ хүрсэн, нийгэмд үнэ цэнийг бүтээж, бодит үр дүнг авчирсан санал, санаачилга байх ёстой.

Ковид-19 цар тахлын улмаас бүх шатны сургуулиудын тэнхимээр явуулах сургалтын үйл ажиллагаа зогсож, хичээл сургалтын хөтөлбөр цахим хэлбэрт шилжсэн. Тэгвэл интернэтгүй, гэрэл цахилгаангүй, гэр бүлийн орчинд нь техникийн боломж нөхцөл бүрдээгүй зэрэг шалтгаанаар цахим хичээлээ үзэж чадахгүй 180 мянга орчим сурагч байна гэсэн судалгаа гарчээ.

Мобиком Корпораци энэ асуудлыг шийдэж, хүүхэд бүрд тэгш боловсрол олгох зорилгоор Монгол орны 9 дүүрэг, 21 аймаг дахь ЕБС-ийн 4-7-р ангийн зорилтот бүлгийн сурагчдын дунд гар зураг, зохион бичлэгийн уралдаан зарлаж, шалгарсан хүүхдүүдэд цахим хичээл үзэхэд шаардлагатай ухаалаг гар утас болон бусад зүйлсийг бэлэглэхээр болсон билээ.

Төсөл хэрхэн өрнөв?

“Ийм сайхан төслийг хэрэгжүүлж, олон хүүхдэд итгэл найдвар бэлэглэж байгаа та бүхэнд маш их баярлалаа” хэмээн найман хүүхэдтэй өрх толгойлсон ээж сэтгэл хөдлөн хэлж байхад түүний цаана баяр хөөр дүүрэн хөвгүүн дүү нартайгаа хамт гар утсаа задалж харагдана.

Бидний төсөл ийнхүү зорилтот бүлэгтээ хүрч, үр дүнтэй хэрэгжихэд “Дэлхийн Зөн” ОУБ чухал хувь нэмэр оруулж, ерөнхий шаардлагад нийцэх зорилтот бүлгийн хүүхдүүдийн дата, мэдээллийг цуглуулж, тэдэнд урилга хүргэж, ирсэн бүтээлийг шалгаруулахад хамтран ажилласан юм.

 Булган аймагт нээлтээ эхлүүлсэн төслийн буухиа орон даяар үргэлжилж, нийт 1320 хүүхдийг шалгаруулж, эрдмийн түлхүүр болох ухаалаг утсыг гардуулан өгчээ. Төслийн хүрээнд Мобиком Корпораци нэг тэрбум гаруй төгрөгийг зарцуулжээ.

Төслийн хүрээнд Knox хамгаалалтын систем бүхий Samsung M12 ухаалаг гар утас, Stars үйлчилгээний шинэ дугаар, 12 сарын турш ашиглах нэмэлт  дата багц, TEAMS, GOOGLE MEET, ZOOM зэрэг цахим хичээлд өргөн хэрэглэгддэг апликейшнуудыг хязгааргүй ашиглах ACADEMY дата багц болон  1-12 ангийн теле хичээлийг байршуулсан VOO апликейшны  бүтэн жилийн эрхийг хүүхдүүддээ бэлэглэсэн байна. Мөн ЕБС-ийн 6-аас дээш ангийн нийт 500 гаруй хүүхдэд “Багшийн туслах” апликейшны 1 жилийн эрхийг бэлэглэжээ. Өөрөөр хэлбэл сурагчид маань хүссэн цагтаа теле хичээлээ үзэх, цахим ном унших, ойлгоогүй сэдвээ апликейшн ашиглан давтан суралцах, чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэх, нэмэлт сургалт авах,  анги хамт олонтойгоо google meet, teams, zoom-ээр өдөр бүр холбогдох боломжтой болж байна.

Бид юунд хүрэв?

“Smart Education” төсөл нь одоог ирээдүйд хөтлөх мянга мянган сурагчдад чанартай боловсролыг, тэгш боломжоор хүртэх нөхцөлийг бий болгож, олон нийтийн анхааралд боловсролын салбарт тулгараад буй асуудлыг тусгаж, нийгэмд зөв үлгэр дуурайл, эерэг хандлага түгээж, хамтын үнэ цэнэ бүтээж чадсан гэдэгт итгэлтэй байна.  Хэрэглэгч та бүхний худалдан авсан Хайр түгээе картын борлуулалтын үнийн дүнгийн тодорхой хувиар энэхүү төсөл санхүүжиж, олон хүүхэд сэтгэл зовних зүйлгүй, эрдмийн их аяллаа үргэлжлүүлж байгааг дуулгахад таатай байна.

Хүүхэд залуусын боловсролыг дэмжиж буй нь бидний ирээдүйдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Энэ бүхнийг биеллээ олоход тусалж, хамтран ажилласан “Дэлхийн Зөн" ОУБ, “Багшийн туслах” ХХК, UNICEF болон хэрэглэгч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Бид цаашдаа ч боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын салбарт тулгараад буй асуудлыг тодруулж, түүнд чиглэсэн үр дүнтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, олон олон баярт мэдээг дуулгасаар байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж