500 орчим хүн мөргөлдөөнд оролцжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

500 орчим хүн мөргөлдөөнд оролцжээ

Говь-Алтай
аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт нутгийн иргэд болон гар аргаар алт
олборлохоор очсон хүмүүсийн дунд мөргөлдөөн үүсч хүний амь нас эрсдсэн
хэрэг энэ сарын 11-ний өдөр гарсан. Тодруулбал,  тус сумын малчид
бэлчээр нутгаа хамгаалан алт олборлохоор очсон 100 гаруй “нинжа” –тай 
үймээн дэгдээж цаг гаруй хугацаанд буу шийдэм  зодоон цохион үүсгэж
эцэст нь 30 настай  эрэгтэй  амь насаа алдсан юм. Одоогоор тус суманд
аймгийн цагдаагийн хэлтсийн дэд дарга хошууч Н.Эрдэнэ-Очироор ахлуулсан
ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд хүний амь нас санаатай хохироосон гэх
хэрэгч сэжигтнээр хоёр хүнийг шалгаж эхэлжээ. Өчигдөр  бид аймгийн
цагдаагийн хэлтэс рүү холбогдоход ажлын хэсгээс нэмэлт мэдээлэл ирээгүй
гэсэн тайлбар өгсөн юм.  Мөн Говь-Алтай аймгийн Засаг даргын нарийн
бичгийн даргатай    утсаар холбогдож  Дарви суманд болсон үймээний
талаар тодруулахад, “Хүний амь нас эрсдсэн хэрэг гарсан нь үнэн. Тамгын
газар болон цагдаагийн ажилтнууд тус суманд ажиллаж байна. Бид ажлын
хэсгийнхэнтэй  холбоо барих боломжгүй байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.
Харин бид  тус сумын харьяат  Ж.Баярхүүтай холбогдлоо.

-Өнгөрөгч лхавга гаригт танай суманд болсон үймээний талаар тодруулаач?

-Тэр үед би хажуугийн Бигэр суманд ажлаар явж байсан юм. Миний
сонссоноор мөргөлдөөн үүссэн шалтаан нь  манай сумын Жавхлант багийн
Элстийн хөндий гэдэг газарт  их хэмжээний алтны нөөц илэрсэн гэх цуу
үгэнд итгэсэн хэсэг хүн ирж  хоёр өдөр Элстийн хөндийг ухаж сэнтийчсэн
юм билээ. Тэр бусармаг үйлдэлд дургуй нь хүрсэн малчид тэдэнтэй
зодолдсноор мөргөлдөөн үүссэн гэнэ лээ. Тухайн үед мөргөлдөөн нэлээн
хурцадсан гэсэн. Нэг хүн буун дуу гаргаснаар намжсан юм билээ.Тэгээгүй
бол нэлээн олон хүний амь нас хохирох хэмжээнд үймээн дэгдсэн гэсэн шүү.

-Үймээний үеэр хүний амь нас хохирсон шүү дээ?

-Манай
сумын харьяат нэг малчин залуу “Нинжа” нарын нэг рүү буудсан гэсэн. Сум
нь талийгаачийн толгой нь тус газар нь оносон юм байсан.  Буун дуу
гараагүй бол нэлээн хүчтэй мөргөлдөөн болох байсан гэсэн.

-Хэчнээн хүн бэртэж гэмтсэн бэ, өвчтөнүүдийн биеийн байдал ямар байгаа юм бол?

-Үймээний үеэр 20 гаруй  хүн бэртэж гэмтсэн гэж сонссон. Зарим нэг нь
толгой гар, хөлөндөө гэмтэл авсан юм шиг байна лээ. Гэмтэж бэртсэн
хүмүүсийн биеийн байдал сайжирч байгаа байх. Одоогоор уг хэргийг орон
нутгийн цагдаагийн хэлтэс Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд
мөргөлдөөнд оролцсон нэлээд олон  хүнээс гэрчийн мэдүүлэг авч  эхэлсэн
байна. Харин уг үймээнээс хэдэн долоо  хоногийн өмнө Увс аймгийн
Өмнөговь суманд хятадын хөрөнгө оруулалттай “Жи Си Си Айр” компанийн
ажилтнуудтай нутгийн иргэд муудалцаж мөн л багагүй  шуугиан дэгдээсэн.
Хэдийгээр дээрх аймагт болсон үймээний  хэргийг цагдаагийн байгууллага
хяналтдаа авсан ч өнөөдрийг хүртэл олон нийтийн анхаарлыг татсаар
байгаа.  Уг хэргийн талаар Тус аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга
хурандаа Ц.Намсрайжав дараахи мэдээллийг өгсөн юм.

-Одоо үймээн дэгдсэн танай аймгийн Өмнөговь  суманд нөхцөл байдал ямар байна вэ?

-Өнгөрсөн
сарын 22-нд манай аймгийн Өмнөговь суманд гарсан үймээний үеэр
цагдаагийн хэлтсээс хуулийн хүрээнд арга хэмжээ авсан. Үймээнд оролцсон
иргэдээс бусдын бие болон эд хөрөнгөнд санаатайгаар халдсан гэх
үндэслэлээр 17 сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Одоогоор
Өмнөговь суманд байдал хэвийн болсон гэж ойлгож болно. Тухайн үед
Өмнөговь сумын Орлого багийн иргэдийн төлөөлөгчид үймээнийг зохион
байгуулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогоод байгаа юм. Тэд гар
аргаар алт олборлодог 300 гаруй иргэнийг арван УАЗ-469 машин, хоёр
Зил-130 машинаар ачиж аваачин тус компанийн ажилчид руу дайрч эмх
замбараагүй байдал үүсгэснийг цагдаагийн ажилтнууд таслан зогсоосон.
Одоо уг хэргийн мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж