УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын талаар хэлэлцжээ. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. Хоёр хөрштэй харилцах харилцааны асуудал, ялангуяа олон жил бужигнасан зарим асуудлуудыг ярьсан. Мөн Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн. Засгийн газраас хаалттай өргөн барьсан учраас хаалттай хэлэлцлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын талтай, БНХАУ-тай харилцах харилцааны олон асуудал ярилцсан. Зарим асуудал нь нууцын зэрэглэлтэй асуудал. Хоёр хөрштэй холбоотой зарим томоохон асуудлыг хурдан шийдэх шаардлагатай байна.
Ялангуяа төмөр зам, шатахуун, агаарын тээвэр, өөр олон асуудал бий. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод хоёр асуудал багтаж байна.
- Төмөр замуудын асуудал. Монгол Улс хэвтээ болон босоо төмөр замын асуудал ярьж байна. 267 км Гашуунсухайтын төмөр зам барьсан. Цаашид ч барих шаардлагатай байна. Концессын гэрээгээр барина. Ингэхдээ ашиглалтын гэрээгээр барина. Тэр агуулгаар нь баруун чиглэлд Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр зам барих нь зүйтэй гэж үзэж байна. Зүүн чиглэлд Чойбалсан Бичигтийн чиглэлийн, Улаанбаатрт Богд төмөр зам барина. УБТЗ-ын даргаар Оросын талаас орос хүн тавих саналтай байна гэсэн. Бид монгол хүнээ томилох саналтай байна. "Улаанбаатар төмөр зам"-ын даргаар АМГТГ-ын даргаар ажиллаж буй Х.Хэрлэнг томилох санал хүргүүлээгүй. Өнөөдрийн хуралдаанаар уг албан тушаалд хүний нэрс яригдаагүй. Ямар хүн томилох вэ гэдгийг ОХУ-тай байгуулсан дүрэм журмын хүрээнд Монгол Улсын хуулиараа Засгийн газар шийдвэрлэдэг.
- Өмнө нь баригдсан төмөр замын ажлууд ямар шатандаа явааг сонссон. Хэзээ ашиглалтад орох талаар захирлуудын мэдээлэл сонссон. Ингээд Засгийн газраас өргөн барьсан төслийг зарчмын хувьд дэмжих нь зүйтэй" гэж намын бүлгээс үзлээ.
Холбоотой мэдээ