Иргэн Д.Мөнх-Эрдэнэ АТГ-т хандаж, нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулах гомдлоо үндэслэлтэй нь тайлбарлажээ. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, ашиг сонирхлын зөрчил гаргаж буй албан хаагчдад арга хэмжээ авч өгөхийг АТГ-аас хүсэв.
Хуультай, дүрэмтэй, ёс зүйтэй улсад түүний гаргаж тавьсан баримт, гомдлын мөрөөр АТГ аль хэдийнэ албан тушаалтнуудыг шалгаж, мөрдөж эхлэх ёстой байв. Харин Монголд эсрэгээрээ, дарга нарт үйлчилдэг хууль, дүрэм, ёс зүй гэж байхгүй. Бүх амьтнаас гахай илүү эрхтэй учраас.
Д.Мөнх-Эрдэнийн лайвыг үзсэн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар түүнийг цагдаа, шүүхэд өгч, цаад захиалагчийг нь олно гэж сүрдүүлжээ. Зүй нь иргэний гомдолд эмзэглэн, цагдаа шүүхээр айлгах нь манай дарга нарын гэм биш хойно. Удалгүй Д.Монголхүү шиг, Э.Одбаяр шиг дээрээс захиалгатай МАН-ын цагдаа нар иргэн Д.Мөнх-Эрдэнийг хойшлуулашгүй шалтгаанаар баривчилж мэднэ. Иргэн Д.Мөнх-Эрдэнийн амыг барихгүй бол авлигыг нь дэлгээд байж суух газаргүй болтол нь “балбаад” байгаа болохоор.
Нийслэлийн Засаг даргаар томиглогдсоныхоо дараа Д.Сумъяабазар төрсөн дүү Д.Дагвадоржийн эхнэр М.Отгонцэцэг гэх бүсгүйн нэр дээр Улсын циркийн арын нийтийн эзэмшлийн газар олгосон гэх асуудалд ашиг сонирхлын зөрчил, албан тушаалаа урвуулан ашигласан зүйл байгаа эсэхийг нь иргэн Д.Мөнх-Эрдэнэ АТГ-аар шалгуулахыг хүссэн.
Өөрөөр хэлбэл, Д.Дагвадоржийн эхнэрийн эзэмшил бүхий “Рояалплаза” ХХК-д Улсын циркийн арын нийтийн эзэмшил бүхий газрыг нийслэлийн Засаг дарга С.Батболд цэцэрлэгт хүрээлэн болгох зориулалтаар анх олгож байжээ. Энэ нь яван явсаар 2020 оны есдүгээр сард /Д.Сумъяабазар хотын дарга болсны дараа/ зориулалтыг нь өөрчилж, нийтийн үйлчилгээний газар бүхий томоохон цогцолбор барихаар шийдвэрлэж. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан бий. Д.Сумъяабазарын энэхүү үйлдэл нь дээрх хуулийг ноцтойгоор зөрчиж байгаа юм.
Цаашлаад иргэн Д.Мөнх-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн өөрийнх нь үнэлснээр 500 сая үнийн дүн бүхий хоёр хаусыг барьсан хөрөнгө хуулийн ёсны орлого мөн эсэхийг тогтоож өгөх хүсэлтийг АТГ-д гаргажээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл эх үүсвэрийг нь заагаагүй буюу түүнийг хэрхэн олсон талаар тайлбар гаргаагүй бол Авлигатай тэмцэх газар тухайн мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгана” гэж заасан байдаг. Ц.Нямдоржийн ХОМ-доо мэдүүлээгүй уг үл хөдлөх хөрөнгийн эс үүсвэрийг АТГ шалгах нь хуульд заасан үүрэг нь.
Өөрөөр хэлбэл, баримт дэлгэсэн Д.Мөнх-Эрдэнийг байцааж дарамтлах биш түүний гаргаж тавьсан баримтуудын мөрдөн шалгах нь АТГ-ын хийх ажил.
Д.Мөнх-Эрдэнэ удаа дараагийн лайв даа Х.Нямбаатар, Х.Баттулга, Д.Дагвадорж нарыг шалгах хүсэлтийг тавиад байгаа. Өнөөдөр үүнийгээ албажуулсан. АТГ хэний хүсэлт гомдлоор түргэн шуурхай ажиллаж, хэний хүсэлт гомдлыг хөсөрдүүлдэг болохыг харж л сууя.
Экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой баримтуудыг иргэн Д.Мөнх-Эрдэнэ мөн л дэлгэсэн. Аж үйлдвэрийн парк нэрээр Чингис бондын хөрөнгөөс авсан 14 тэрбум болон төмөр замын төслөөс угаасан 280 сая ам.доллар, шинэ сум, шинэ хот гээд Х.Баттулгын угаасан гэх мөнгөний асуудалд цэг тавих нь АТГ хийх ёстой ажил мөн. Х.Баттулгыг хэлмэгдүүлээд байна уу эсвэл Х.Баттулга хэрэгтэн үү гэдгийг.
Цаазаар авчихгүй л бол үгээ хэлсээр, дарга нартай “үзэлцэх” болно гэж Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр АТГ-ын өмнө хийсэн лайвдаа дурдана лээ. Ямар байсан түүнийг дарамтлах хүч эрх баригчдад хангалттай бий. Тэр бүгдийнх нь идсэн, уусан гэх баримтыг дэлгэсэн. Үнэндээ, тэр дарга нарын өвчтэй шүд болчихлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгэнтээ “Төрийн албаны бүх шатны байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээ, ажилтнуудын харилцаатай холбоотой гомдол, санал маш их байдаг ч иргэд хэнд хандахаа мэдэхгүй байна. Хэн нэгэн дээд шатны даргад нь хандаад ч тухайн гомдол, саналд нь эргэж хариу өгдөггүй. Тэгсгээд замхардаг. Өөрөөр хэлбэл иргэдээ сонсдог хүн өнөөдөр төрд алга болсон байна. Тийм учраас иргэд өөрсдийг нь сонсохгүй байгаад маш их бухимдаж байна.
Нөгөө талдаа төрийн албан хаагчид өөрсдөд нь тавих хяналт энэ мэтчилэн суларч байгаа учраас албан тушаалаа урвуулан ашиглаж шалтгаангүйгээр иргэдийг зориуд чирэгдүүлэх, үүгээрээ дамжуулж авлига нэхэх, хүнд суртал гаргаж буй”-г тодотгож байв.
Иргэн Д.Мөнх-Эрдэнэ ч төрийн албаны бүх шатны байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээ, ажилтнуудын харилцаатай холбоотой гомдол, саналаа АТГ-д гаргаж тавьсан. Ихэнх нь өөрийнх нь намын томоохон албан тушаалтнууд. Гээд ганц иргэний лайваас айж байгаа бол албан тушаалтнуудад но байна гэсэн үг.
Холбоотой мэдээ