Одоогоос 60 жилийн өмнө буюу 1961 оны аравдугаар сарын 27-нд Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын 101 дэх гишүүн болж байв. Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон нь манай улсын тусгаар тогтнол, энхийг эрхэмлэгч улс болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсний илрэл байлаа.
НҮБ-д элсч байх үед Монгол Улс ердөө 19 улстай дипломат харилцаатай байсан бол өнөөдөр дэлхийн 192 улстай дипломат харилцаа тогтоосон олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн улс болжээ. Мөн эдгээр 192 улс оронтой 1318 гэрээ, хэлэлцээр тогтоосон байна.
Монгол Улс өнгөрсөн он жилүүдэд 294 олон талт гэрээ, конвенцид нэгдэж, 80 орчим олон улсын болон бүс нутгийн Засгийн газар хоорондын байгууллагад элсчээ. Анх 1946 онд 51 гишүүнтэй байгуулагдсан НҮБ өнөөдөр 193 гишүүн улстай болж, эгнээгээ тэлэн, НҮБ-ын 30 гаруй төрөлжсөн байгууллага, сан, хөтөлбөр дэлхийн улс түмэнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй юм.
100 ОРНЫ ТӨЛӨӨЛӨГЧ ХҮНДЭТГЭН СУУДЛААСАА БОСЧ, МОНГОЛЫГ НҮБ-Д ЭЛСҮҮЛЭХИЙГ ДЭМЖСЭН
Монгол Улс НҮБ-д элссэн түүхэн үйл явц гадаад, дотоод хүчин зүйлийн талаар академич, Онц бөгөөд бүрэн эрхт элчин Ц.БАТБАЯР:
-1950-иад оны сүүлч, 1960-аад оны эхээр НҮБ дахь их гүрнүүд болон хуучин колони, хараат байсан Ази, Африк, Латин Америкийн улсуудын хоорондын хүчний харьцаа өөрчлөгдсөн. ЗХУ түүний шинэ удирдлага Н.С.Хрущев 1950-иад оны дундаас нийгмийн өөр өөр байгуулалтай улсууд “энх тайвнаар зэрэгцэн орших бодлого” явуулж, НҮБ-ын үйл ажиллагаанд ч цоо шинээр хандах болов. Түүнчлэн Ази Африкийн шинээр тусгаар тогтносон улсууд дэлхийн тавцанд гарч ирж, БНМАУ тэдний эрчимтэй дэмжлэгийг олж, тэдэнтэй эв санааны нэгдлийг тогтоож чадсан явдал шийдвэрлэх нэг нөлөө үзүүлсэн юм.
Москва, Вашингтон аль аль нь НҮБ дахь нэг талаас Европ, Америк тивийн орнууд нөгөө талаас Ази, Африкийн орнуудын хүчний тэнцвэр өөрчлөгдөх болсныг мэдэрч, НҮБ-д шинээр гишүүн элсүүлэх асуудалд уян хатан хандах болсон билээ. Нэгэн зэрэг Чан Кайши-гийн БНМАУ-д саад хийж байсан олон жилийн бодлого улам бүр явуургүй болж, БНХАУ-ын байр суурь улам бүр бэхжин, Чан Кайшиг хөөж, БНХАУ-ын хууль ёсны байр суурийг НҮБ-д эзлүүлэх хүчин чармайлт улам нэмэгдэж байлаа.
Ийм нөхцөлд АНУ, Их Британи, Франц, БНМАУ-ын талаарх бодлогодоо тус бүр залруулга хийж, Их Британи, Франц, БНМАУ-ыг НҮБ-д элсэхийг дэмжиж, АНУ БНМАУ-ын НҮБ-д элсэхэд саад хийхгүй, түдгэлзэх санал өгөхөө ил тод зарласан байна. Ийнхүү ЗХУ-ын оруулсан тогтоолын төслийг Аюулгүйн зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүн орнууд дэмжиж, АНУ түдгэлзэн, Тайвань танхимаас гарч, санал хураахад оролцоогүй учраас БНМАУ 1961 оны аравдугаар сард НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж, НҮБ-д хууль ёсны суудлаа эзэлж чадсан. Энэ үеэр 100 орны төлөөлөгч хүндэтгэн суудлаасаа босч, алга нижигнүүлэн ташиж, Монголыг элсүүлэхийг дэмжсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг НҮБ-д элсүүлж дэмжих гэсэн дэлхийн хамтын нийгэмлэгийн орнуудын хүсэл эрмэлзэл хичнээн өндөр байсныг харуулсан хэрэг.
НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГАА БА МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ОРОЛЦОО
Монгол Улс 2002 онд анх удаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, хоёр зэвсэггүй цэргийн ажиглагчаа Баруун Сахар дахь нийтийн санал асуулга зохион байгуулах НҮБ-ын Ажлын хэсэгт илгээсэн түүхтэй. Энэ цагаас хойш НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 30 орчим цэргийн баг, 300 орчим цэргийн ажиглагч, штабын офицерыг сургаж бэлтгэн, нийтдээ 10 мянга гаруй цэргийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээж, мандатаар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсээр байна.
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны шугамаар ажиллаж буй дэлхийн 126 улс орноос нийт энхийг сахиулагчдын тоогоор 25-д, эмэгтэй цэргийн албан хаагчдын тоогоор 17-д, нэг хүнд ногдох энхийг сахиулагчдаар Монгол Улс Ази тивдээ тэргүүлж байна.
Түүнчлэн 2006 оноос хойш 645 эмэгтэй офицер, ахлагч НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч, штабын офицероор болон цэргийн багт үүрэг гүйцэтгэжээ. Өнөөгийн Covid-19 цар тахлын энэ хүнд үед ч Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, Өмнөд Судан дахь энхийг сахиулах ажиллагаанд арав дахь ээлжийн цэргийн багаа 2020 оны аравдугаар сард илгээсэн юм.
МОНГОЛ ЦЭРЭГ ЦЭНХЭР ДУУЛГА ӨМСӨХ БОЛОМЖ 2006 ОНД ЭРЧИМЖСЭН
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа ба Монгол Улсын зэвсэгт хүчний оролцооны талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн судалгааны хүрээлэнгийн дэд захирал, хурандаа Ж.МЭНДЭЭ:
-Зэвсэгт хүчний дүр зураг 1990 онд хэцүүхэн байлаа. Өлсгөлөн, тураалын улмаас цэргийн алба хаагчид эндэж, дэглэлт, архидалттай холбоотой мэдээлэл, шүүмжлэл олон нийтийн дунд хүчтэй яригдаж байв. Нэгэнт дайны аюул байхгүй болсон учраас цэрэг, арми хэрэгтэй, хэрэггүй гэдэг талцал нийгэмд үүсэв. Армийн бие бүрэлдэхүүний 50-иас дээш хувь нь цомхотголд орж, эдийн засгийн хүндрэлийн улмаас цалингаа ч бүрэн тавьж чадахгүй байдалд байсан.
Яг энэ үед Монгол цэрэг цэнхэр дуулга өмсч болох боломжийн талаар НҮБ-аас дуулгасан. Ингэхдээ монгол цэрэг дэс дараатайгаар бэлтгэл хангасан тохиолдолд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Уг асуудлыг Гадаад хэрийн яам дэмжсэн ч Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлага уг саналыг хүлээж аваагүй. Цэргийн алба хаагчдыг “хөлсний цэрэг” болгох гэж байна гэх яриа тухайн үеийн нийгэмд хүчтэй гарч эхэлсэн. Тухайн үеийн бодит байдлыг авч үзвэл, Зэвсэгт хүчний дэд бүтэц, зохион байгуулалт, зэвсэглэл нь муу, бие бүрэлдэхүүн офицеруудын хувьд олон улсын болон энхийг сахиулах ажиллагааны тухай ямар ч ойлголтгүй байсан. Улмаар 1997 онд энхийг сахиулах ажиллагаанд оролцох чиг үүрэг бүхий тусгай батальоныг байгуулж, дотоодын сорилтыг давсан. Хэдийгээр 1999 оноос хойш Монгол Улсын цэргийн 130 хүнтэй багийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулахаар бэлтгэсэн боловч төдийлөн амжилт олоогүй.
2002 оны наймдугаар сард л анхны хоёрхон ажиглагч явуулсан байв. Мөн оны аравдугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннаныг Монгол Улсад айлчлах үеэр албан ёсны лобби хийхэд цэргүүдээ энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах талаар холбогдох газруудад уламжлахаа мэдэгдсэн. Гэвч 2003 онд "Улс орнуудтай хамтарсан дадлага, сургууль хий, тэгвэл 3-5 жилийн дараа л НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд орохоор өрсөлдөх боломжтой" гэсэн зөвлөгөө өгсөн.
Үндсэндээ бид НҮБ-д гологдсон. Ингээд 2006 оноос эхлэн энхийг сахиулах ажиллагаанд оролцох асуудал эрчимжсэн. Түүнчлэн дотоод, гадаад улс төрийн дэмжлэг ч эрс нэмэгдсэн. Иракийн эвслийн цэргийн ажиллагаанд оролцсоноор дайнтай газар үүрэг гүйцэтгэсэн цэргийн албан хаагчдын нөөцтэй болж, цэргийн багийн сургалт, зэвсэглэл, техник хэрэгсэл сайжирсан. АНУ-тай 2003 оноос эхлэн хоёр талын болон олон улсын команд штабын болон тактикийн сургуулилалт хийж эхэлсэн. Тавантолгой дахь энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвийн үйл ажиллагааг тогтмолжуулж чадсан.
Холбоотой мэдээ