АМНАТ-ын дарамт уул уурхайн компаниудыг сөхрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.25-нд нийтлэгдсэн

АМНАТ-ын дарамт уул уурхайн компаниудыг сөхрүүлжээ

АМНАТ-ын дарамт уул уурхайн компаниудыг сөхрүүлжээ

НЭМЭЛТ: 14.30 ЦАГ 

Уул уурхайн салбарынхан цар тахлын “шок”-ноос гарч чадалгүй уналтад орсон. Хилийн хориг, экспортын гацаанаас үүдэн нүүрс олборлогч компаниуд “тэг” зогсоод буй. Улмаар АМНАТ (ашигт малтмалын нөөц ашигласны татвар)-ын дарамт аж ахуйн нэгжүүдийг дампуурахад хүргэжээ. Уг татварыг Засгийн газрын 174 дүгээр тогтоолын дагуу энэ оны долдугаар сараас эхлэн зөвхөн жишиг үнээр тооцдог болсноор компаниуд үндэслэлгүй татвар төлөхөд хүрсэн байна. Энэ нь "Тавантолгой” ХК, “Хишиг Арвин Индустриал” ХХК зэрэг уул уурхайн томоохон компаниудыг үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүйд хүргэж байгааг салбарын төлөөллүүд хэлж байгаа юм. Шалтгаан нь, экспортын хэмжээ багасч, орлого тасарсан байхад багахан ашгаа давсан татвар төлөх болсон нь уул уурхайн компаниудад цар тахлаас ч илүү хүнд цохилт болсон аж.

"Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 20-ноос коксжих болон эрчим хүчний нүүрсний борлуулалтаа зогсоожээ.

Тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Цар тахлаас гадна АМНАТ бидэнд дарамт болж байна. Гуравдугаар улиралд бид 83 ам.доллараар нэг тонн коксжих нүүрс борлуулахад 260 гаруй ам.доллар буюу 259 хувийн өндөр АМНАТ ногдож байсан. Тэгэхээр 13-14 ам.доллараар борлуулаад, 15 ам.долларын АМНАТ төлнө гэдэг бизнес биш. Хагас коксжих болон эрчим хүчний нүүрсийг зарах тухай яриад ч хэрэггүй. Иймд бид аравдугаар сарын 20-ны өдрөөс хагас коксжих болон эрчим хүчний нүүрсний борлуулалтыг зогсоосон” гэв. Тус компанитай адил бусад аж ахуйн нэгжүүд ч бас зогсонги байдалтай, олборлолтоо зогсоожээ. Иймд Монголын нүүрс ассоциациас Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран “Жишиг үнэ ба Амнат” хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Энэ үеэр салбарын төлөөллүүд байр сууриа илэрхийллээ.

АМНАТ-ЫН ТОГТСОН ҮНЭ СТАНДАРТГҮЙ, ГЭНЭТ ӨНДӨР ҮНЭ ЗАРЛАЖ, АЛДАГДАЛ ХҮЛЭЭЛГЭДЭГ

“Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн дэд захирал Б.НАСАНБИЛЭГ: 

-АМНАТ авахдаа үнэд суурилдаггүй, төрөөс жишиг үнэ тогтоосон. Ингэхдээ маш өндөр үнэтэй. Энэ нь экспортлогч компаниудад татварын дарамт нэмж байна. Улмаар Монгол Улсаас экспортлож буй нүүрсний зах зээлийн өрсөлдөх чадвар буурах, эргээд ашиггүй ажиллах асуудал үүсгэж байгаа юм. Уг нь бид өрсөлдөх чадварыг байнга хадгалж, тогтоож байх ёстой. Жишиг үнэ нь тогтсон стандартгүй, үнэ тогтворгүй, гэнэт л өндөр үнэ зарлаж, их хэмжээний зардал гаргаж байна. Зарласан үнийг урьдчилан тооцох нөхцөлгүй байдал үүсгэж байна. Есдүгээр сард зарласан кокжих нүүрсний жишиг үнэ 100 гаруй ам.доллар. Жишээ нь, манай компани 50 ам.доллораар нүүрсээ борлуулахад 100 гаруй ам.долларын татвар төлнө гэхээр ашгаас давсан зарлага гарч байна. Экспорт удааширсан, цар тахлын нөхцөл байдлаас болж хүндэрсэн энэ үед манай компанийн үйл ажиллагаа зогсонги байдалтай  байна. Уул уурхайн компаниуд элгээрээ хэвтэж магадгүй байна. Уг нь зөв шийдэл гаргах ёстой болов уу.

ХЯТАДЫН ТАЛД ГАРСАН ЗАРДЛААР БИДНЭЭС АМНАТ ТООЦОЖ БАЙНА

"Говийн шандаст хүлэг" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.ТӨМӨРХУЯГ: 

-Манай компани АМНАТ-ын маргаантай гурав дахь жилийн нүүр үзэж байна. Өнөөдрийг хүртэл Сангийн яаманд жишиг үнийн маргаантай байна. Манай компани Замын-Үүд боомтоор нүүрсээ вагоноор экспортолдог. Гэтэл нүүрсний боомт биш учраас жишиг үнээ БУХТ-аас авч байна. Тэгэхээр Эрээнд зарж буй үнэ БУХТ-ад орох бүх зардлыг шингээж тэр жишиг үнээр биднээс АМНАТ авна гэх зүйл яригдаж байна. Өөрөөр хэлбэл, Хятадын талаас гарч буй зардлаас бидэнд АМНАТ тооцно гэдэг алдагдалтай. Ийм асуудал бидэнд тулгараад байгаа юм. Хэдийгээр нүүрсний үнэ өссөн энэ үед бид татвараа төлөхөд бэлэн ч гагцхүү Хятадад гарч буй зардлаас биднээс татвар авна гэдэгт л маргаан үүсээд байгаа юм. Бид Хятадын талаас гарсан зардлыг хасч, Эрээний бодит зардал дээр АМНАТ төлөх хүсэлтэй байна. Цар тахлын хүндрэлээс болж экспорт тэг зогсч, боомт хаалттай ийм үед манай компани тэг зогссон. Экспорт гацсан учраас олборлолтын үйл ажиллагаа зогсонги байна. Иймд үед АМНАТ-ыг зөвөөр тооцож, Хятадын талаас гарч буй татварыг ядахдаа бидэнд тооцохгүй байхыг хүсч байна.

АМНАТ-ЫН ЖИШИГ ҮНЭЭР 34-37 ХУВИЙН ТАТВАР ТӨЛЖ БАЙНА

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.ГАНХУЯГ: 

-Цар тахал нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг манай салбарынханд маш хүнд тусч байна. Өнөөдөр нэг машин, жолооч хилээр оруулж гаргах тухай ярьж байхад бид 30 сая тонноор экспортлож, импортлоно гэдэг хамгийн хүндрэлтэй асуудал. Цар тахлаас дутахааргүй АМНАТ-ын дарамт бий боллоо. Жишээ нь, бид нүүрсээ 13 ам.доллараар борлуулчихаад, 15 ам.долларын АМНАТ төлнө гэдэг яаж ч бодсон авцалдаагүй, бизнес биш. Зөвхөн зардал гаргахын тулд бизнес хийдэг харилцааг субботник хийж буй буруу харилцаа гэж ойлгож болно. Иймд бид аравдугаар сарын 20-ноос коксжих болон эрчим хүчний нүүрсний олборлолтоо зогсоосон. “Эрдэнэс Тавантолгой” ХК улсын төсөвт нийт 2.4 их наяд төвлөрүүлсэн. Үүний 2.2 их наядыг сүүлийн дөрвөн жилд улсын төсөвт төвлөрүүлсэн. Нийт найман их наядын борлуулалтын орлоготой ажиллаж, 25 хувийг нь улсын төсөвт бүх төрлийн татвараар төвлөрүүлсэн. Дээр нь цар тахлын үед нийгмийн хариуцлагын хүрээнд маш их зардал гаргасан. Иймд давхар АМНАТ авч болохгүй. Жаахан учиртай байх хэрэгтэй. АМНАТ 10 хувь зааж байгаа ч жишиг үнээр бид 34-37 хувийн татвар төлж байна. Хамгийн аюултай нь, 2022 онд жишиг үнийн төсөөлөл гаргасан нь худал болсон. Гэтэл 2021 оны төсөөллөөр биднээс 2 дахин илүү татвар авлаа. Хэрэв төр татвар, төлбөр авах гэж байгаа бол шударга байх ёстой. Одоо АМНАТ 100 гаруй ам.доллар гэж байгаа ч он гараад жишиг үнэ 300 ам.доллараас буухгүй.

Бусад “Өсөх зоос” ХХК, “Цагаан өвөлжөө” ХХК, “Тавантолгой” ХК зэрэг уул уурхайн компанийн төлөөлөл ч мөн адил АМНАТ-ын бодлого тогтвортой, уян хатан байх ёстой гэх байр суурь илэрхийлж буй. Тэд бас л уул уурхайн компани зогсонги байдалд орсныг учирлаж байв.

НҮҮРСНИЙ ҮНЭ ӨССӨН ДҮНГЭЭР ТАТВАР ТООЦОЖ БАЙНА

Уг асуудлаар "Монгол нүүрс" ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Ямар ч уул уурхайн компани олборлолт хийсэн бол АМНАТ төлөх ёстой. Энэ нь улсад төсөв бүрдүүлэх, компаниуд тогтвортой үйл ажиллагаа явуулах тал талын ашигтай. Өнөөдөр БНХАУ-д нүүрсний үнэ өссөн ч Монгол Улс дэд бүтцийн асуудлаа шийдэж чадаагүй. Нүүрсээ гаргаж чадахгүй байгаа учир зах зээлийн нөлөө бидэнд мэдэгдэхгүй байна. Үр ашгийг нь хүртэж чадахгүй байхад олборлосон нүүрсний тонныг зах зээл дээрх өндөр үнээр тооцож байна. Гэтэл зарим нүүрс ашиггүй байхад АМНАТ өндөр байна. Нүүрс борлуулж буй үнээс АМНАТ өндөр байна. Улмаар аж ахуйн нэгжүүд нүүрсний олборлолтоо зогсооход тулж байна. Иймд нөхцөл байдлаа ойлгож, арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал хүндрэх нь” гэлээ.

Мөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Экспортын нөхцөл байдал хүндэрч, нүүрсний салбарт томхон сорилт тулгараад байна. Цар тахлын дараа эдийн засаг сэргэж буй энэ үед аль болох хөрөнгө оруулалтыг урт хугацаагаар дэмжих учиртай. Гэтэл АМНАТ аж ахуйн нэгжүүдэд том зардал үүсгээд байна. Иймд гарц шийдэл олохоор өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа” гэлээ.

Аж ахуйн нэгжүүд АМНАТ-ын асуудлаар Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлсэн ч хүлээж авдаггүй, шийдвэрлэдэггүй болохыг шүүмжилж байв. Харин АМНАТ-ын асуудлаар салбарын яамнаас тооцоо судалгаатай хэлэлцүүлэг өрнүүлбэл анхааралдаа авна гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлж байв. Тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяа “АМНАТ буюу жишиг үнийг тогтоосон татвар хэт өндөр байна. Олоогүй орлогоос хэт өндөр татвар авч байгааг үйлдвэрлэгчид хэлж байна. Уг асуудлаар олборлогчид дуугарах нь зөв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Засгийн газрын тогтоолоор зохицуулдаг байсан зарим тодорхой заалтыг хүчингүй болгосон. Тэгэхээр хүчингүй болгох тогтоолын төсөлд салбарын бодлогын зарим зүйлийг дэмжээгүй. Яагаад гэвэл, уурхайн олборлолтын зардал, үйлдвэр хөгжиж шинэчлэх боломжийг хаах гэж байна гэсэн асуудлаар судалгаа гаргаж, тодорхой санал хүргүүлсэн ч эсрэг санал гаргасан. Аж ахуйн нэгжүүд тодорхой хүсэлт шаардлага яаманд ирүүлж байгаа. Үүнийг бид холбогдох харъяалах байгууллагад уламжилж байна. Удахгүй зөвлөмж гаргаж хүргэгдэх байх гэж ойлгож байна” гэлээ.


"ЖИШИГ ҮНЭ БА АМНАТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНӨЖ БАЙНА

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд өнөөдөр (2021.10.25) 11.00 цагт "Жишиг үнэ ба АМНАТ” сэдэвт хэлэлцүүлэг эхлэв.

БНХАУ-ын зах зээл дээр нүүрсний үнэ өсч байгаа ч Монгол Улс дэд бүтэц, хил гаалийн асуудлаас болж зах зээлээс тусгаарлагдаж, ашиг хүртэж чадахгүй байгаа юм.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох жишиг үнийг хэт өндрөөр тооцож байгаа нь аж ахуйн нэгжүүдийг алдагдалд оруулж, зарим төрлийн нүүрсний олборлолтыг зогсооход хүргэж буй билээ.

Иймд цар тахлын хүнд үед тохирсон гарц гаргалгаа олох зорилгоор “Жишиг үнэ ба АМНАТ” сэдвээр өрнөж буй энэхүү нээлттэй хэлэлцүүлэгт нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд болон хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж