“NATO”-д ажилласан афган орчуулагч нар аюул дунд үлджээ

Хуучирсан мэдээ: 2021.10.25-нд нийтлэгдсэн

“NATO”-д ажилласан афган орчуулагч нар аюул дунд үлджээ

“NATO”-д ажилласан афган орчуулагч нар аюул дунд үлджээ

Талибанчууд наймдугаар сарын 15-нд Кабулд нэвтэрлээ гэхийг сонсоод Али өөрийгөө ингээд л үхэх нь гэж боджээ. Али нэн даруй өөрийг нь америкчуудтай холбоотой гэх баримтуудыг устгаж, яаралтай нүүлгэн шилжүүлэхийг хүсч даргадаа хандсан байна. Умард Атлантын цэргийн эвсэл (NATO)-тэй хамтарч ажилладаг түүн шиг хүмүүсийг Талибан бүлэглэл “урвагч” хэмээн цоллож, овоо хараандаа байлгадаг.

Түүний нэрийг нууцлахын тулд Али хэмээн өөрчилсөн болно. Тэрбээр өөр хэдэн хүний хамт “NATO”-гийн Шийдвэртэй дэмжлэг ажиллагааны хүрээнд Кабул дахь Туркийн армид орчуулагчаар ажилласан юм. Тэдний хувьд Афганистанаас гадаадын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд багтах нь амьд үлдэх цорын ганц арга зам байв. Хэдэн сарын өмнө Талибан бүлэглэл Афганистаны хойд хэсгийн мужуудад хяналтаа тогтоож эхэлсэн бөгөөд Алиб болон хамт ажиллагсад нь даргатайгаа холбогдож, Туркийн армийг хурдан орхиж явах хүсэлтээ өгсөн байна. Тэд талибанчууд нутгийг эзлэхээс амжиж, Туркийн армийг орхихыг хүсч байв. Дарга нь Алид хэлэхдээ “Эхлээд бид, дараа нь та нар явна” гэжээ. Гэтэл хоёр сарын дараа талибанчууд Афганистаныг эзэлж, тэдний айдас бодит байдал болжээ. Али болон бусад орчуулагч нар одоо хүртэл Афганистанд үлдэж, Туркийн армид ажилласан хэвээр. Хамид Карзайн нэрэмжит олон улсын нисэх буудал дахь Туркийн цэргийн баазад 26 албаны ажилчин, 72 афган орчуулагч гэр бүлийн хамт Афганистанаас явах өдрөө хүлээж байна.

АНУ-ын дайралт эхэлсэн 2001 оноос хойш Афганистанд байршиж байсан гадаадын цэргүүд Кабул эзлэгдсэний дараа нутаг буцаж эхэлсэн. Улмаар Афганистанаас дүрвэхийг хүссэн олон мянган хүн бүтэн хоёр долоо хоногийн турш Кабулын нисэх онгоцны буудалд хоног төөрүүлж байв. Наймдугаар сарын 31 гэхэд гадаад улсууд цэргүүдээ татаж дуусах ёстой байжээ. Нидерланд зэрэг зарим улс Элчин сайдын яамандаа ажиллаж байсан орон нутгийн ажилчдыг орхисон байна. Германы олон улсын хамтын ажиллагааны агентлагийн шууд хөрөнгө оруулалттай “GIZ” ч орон нутгийн ажилчдаа татан авахаа амласан ч орхин явжээ. Гэтэл “NATO”-д ажилласан орон нутгийн иргэдийг талибанчууд гадаадын эзлэн түрэмгийлэгчдийн нэг гэж үздэг. Тэдний аюулгүй байдал, амь насыг “NATO” үл хайхарчээ.

Өдгөө 31 настай Али 2018 оноос хойш Туркийн армид орчуулагчаар ажиллажээ. Түүний гэрээ 2021 оны арванхоёрдугаар сарын сүүлээр дуусна. Гэтэл дарга нь түүнийг Афганистанаас гаргахыг яаравчлахгүй байгаа нь Алиг бухимдуулах аж. Талибанчууд энэ есдүгээр сарын эхээр Кабулд хяналтаа тогтоож, засгийн газраа байгуулсан. Тухайн үед буутай дөрвөн хүн Алигийн гэрт  ирж, бүх хувцас, номыг шалгасан. Азаар Али бүх бичиг баримтаа шатаачихсан байжээ. Талибанчууд түүнд гадаадын хүчний талд ажиллаж байсан хүмүүсийг хайж байна гэж хэлсэн байна. Үүний дараа Али гэрээсээ явж, найз нөхдийнхөөрөө хоноглон, байршлаа байнга сольж байгаа аж. Тэрбээр утсаа хааж, сим картаа хугалж хаясан байна.

Гадаадын цэргийн хүчинд ажилласан бүх л хүн Али шиг амьдарч байгаа аж. Тэдний нэг нь 36 настай Жавад 2009 оноос хойш Туркийн армид орчуулагчаар ажиллажээ. Гурван хүүхдийн эцэг тэрбээр ажил олгогч нь 12 жил хамтарч ажилласан хүнээ үнсэнд хаясан шалз шиг орхиод явна чинээ бодоогүй гэнэ. Түүний эхнэр математикийн багшаар ажиллаж байсан ч талибанчууд эмэгтэйчүүдийг ажиллахыг хориглосноор тэдний гэр бүл орлогогүй болжээ.

Жавад бусадтайгаа ижил нуугдаагүй аж. Гадаадын цэргүүдийг нутаг буцсаны дараахан цагдаагийн газраас түүнийг дуудаж, “NATO”-д ажилласан орчуулагч мөн эсэхийг нь тодруулжээ. Тэрбээр орчуулагч гэдгээ хүлээснээс хоёр хоногийн дараа хоёр хүн гэрт нь ирж, цагдаагийн газар руу явахыг шаардсан байна. Буутай хүмүүс түүнээс буугаа өгөхийг шаардаж, байхгүй гэхэд нь зоджээ. Түүнтэй ижил гурван ч орчуулагч зодуулж, гэр орноо нэгжүүлсэн байна.

Али, Жавад нар Туркийн армитай удаа дараа холбогдож, Афганистанаас гаргахыг хүссэн талаараа ярьжээ. Гэвч тэднийг хэзээ татах талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй хэвээр. Гадаадынхан цэргээ татсанаас хойш Жавад болон бусад 98 орчуулагч, албаны ажилчдад Туркийн арми цалин хөлсийг нь олгохоо зогсоосон байна.

ЭХ СУРВАЛЖ: DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж