Дербигээр “зодсон” өдөр ба Месси, Роналдо хоёр ялж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2021.10.25-нд нийтлэгдсэн

Дербигээр “зодсон” өдөр ба Месси, Роналдо хоёр ялж чадсангүй

Дербигээр “зодсон” өдөр ба Месси, Роналдо хоёр ялж чадсангүй

Европын хөлбөмбөгийн лигүүдийн дерби, мөнхийн ривал болсон багуудын тоглолт өчигдөр (2021.10.24) явагдлаа.


Эль Класико: Барселона 1 – 2 Реал Мадрид

Цэнхэр гаригийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн баялаг, сэтгэл догдлуулам дерби өчигдөр болж, эзэн хааны Реал Мадрид баг Каталон үндэстний баяр бахдал Барселонаг талбайд нь хожлоо. Энэ удаагийн эль класико Месси, Роналдо, Рамосгүй 2004 оноос хойшхи анхных гэдгээрээ онцлог байв.

Тоглолтын эхний гоолыг өнгөрсөн зун Германы Байерн Мюнхен багаас ирсэн Давид Алаба 32 дахь минутад оруулж, түүхэн дербид нэрээ мөнхлүүлэв. Хэдийгээр Барселона тоглолтын тооны харьцааг тэнцүүлэх гэж хичээсэн ч хоёрдугаар үеийн төгсгөлд Лукас Васкес багийнхаа хоёр дахь гоолыг оруулж, тэргүүллээ баталгаажуулсан юм. Гэхдээ Барселона нэр төрийн ганц гоолоо оруулсан. Тодруулбал, Серхио Агуэро талбайд сэлгээгээр гарсан үүргээ гүйцэтгэж, Васкесын гоолын дараахан хариуг нь барив.

Тоглолтын дараа Барселонагийн ахлах дасгалжуулагч Роналд Куман “Үр дүн таалагдахгүй байна. Бид илүү ихийг хүртэх эрхтэй. Бид олдсон боломжоо алдаж болохгүйгээ мэдэж байсан. Хэрэв Реал тэргүүллийг авбал тэд хэрхэн хамгаалахаа мэднэ. Бид тоглолтын сүүлийн 15 минут сайн байж чадсангүй. Өөрсдийн хамгийн том дербидээ талбайдаа хожигдох үнэхээр хүнд байна” гэв. Харин Реал Мадридын ахлах дасгалжуулагч Карло Анчелотти “Би төлөвлөгөөний дагуу тоглолоо. Бид юу хийхээ мэдэж байсан. Хөвгүүд маань ч төлөвлөгөөгөө төгс хэрэгжүүллээ. Баг маань сөрөг довтолгоогоо сайн гүйцэтгэж, би ч үүнд нь сэтгэл хангалуун байлаа” гэжээ.

Баруун хойд зүгийн дерби: Манчестер Юнайтед 0 – 5 Ливерпүүл

Английн хөлбөмбөгийн хамгийн баян түүхтэй хоёр багийн тулаан урд шөнө явагдаж, төсөөлөөгүй үр дүнгээр өндөрлөлөө. Кристиано Роналдог эргэн авчирсан Манчестер Юнайтед “Мөрөөдлийн театр”-таа таван гоол алдаж, фэнүүдийнхээ урмыг хугалав. Эхний үед Ливерпүүлээс Наби Кэйта, Диого Жота, Мохамед Салах нар гоолдож, 4-0 гэсэн харьцаатайгаар тоглолт завсарласан. Энэ үед л Манчестер Юнайтедын фэнүүд цэнгэлдэхийг орхиж эхэлсэн. Хоёрдугаар үед Салах дахин гоолдож, энэхүү тоглолтод хет-трик буюу гурван гоол оруулав.

Сэлгээгээр талбайд гарсан Пол Погба ч эерэг өөрчлөлт авчирч чадсангүй. Тэрбээр талбайд гараад 15 минутын дараа л бүдүүлэг зөрчил гаргаж, улаан хуудас хүртэн талбайг чөлөөлөв. Таван гоол алдчихсан, мөн хүн дутуу Юнайтедынхан үлдсэн хугацаанд гоол нэмж алдалгүй, оруулалгүй тоглолтоо дуусгасан.

Кристиано Роналдогийн Ливерпүүлийн залуу тамирчин Көртис Жонес дээр гаргасан үйлдэл шүүмжлэл дагуулсан.

Тоглолтын дараа Манчетер Юнайтедын ахлах дасгалжуулагч Оле Гуннер Сульшер “Бууж өгье гэхэд би дэндүү хол явжээ. Би ийм хүн биш ээ. Бид хүсч байсан үр дүнгээ авч чадсангүй. Харин хана мөргөчихлөө. Олон амархан гоол алдсандаа сэтгэл дундуур байна. Би одоо ч маргаашийнхаа ажлыг бодож байна. Бид ёроолдоо хүрчихлээ. Миний дасгалжуулагчийн замналын ёроол нь энэ байх. Үүрэг хариуцлагыг би үүрнэ. Гэхдээ би өөртөө итгэж байна. Хүссэн үр дүндээ хүрэхэд тун ойртсон байна” гэжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Манчестер Юнайтедын удирдлагууд шинэ дасгалжуулагчийн эрэлд хэдийнэ гарсан бөгөөд өмнө нь Челсиг дасгалжуулж байсан Антонио Контегийн нэр хүчтэй яригдаж байна.

Ле Классико: Марсель 0 – 0 ПСЖ

Эль Класикогийн гол дүрээр олон жил тодорсон Лионель Месси анхны Ле Классикодоо оролцлоо. Францын хөлбөмбөгийн хамгийн том ривал Марсель болон ПСЖ багуудын энэ удаагийн учраанд гоол орсонгүй, хуурай тэнцээгээр өндөрлөв. Угтаа тоглолтод хоёр гоол орсон ч "VAR" буюу видео шүүлтийн тусламжтай хоёуланг нь хүчингүйд тооцсон.

Тоглолтын хоёрдугаар үед ПСЖ-ийн хамгаалагч Ашраф Хакими Марселийн Женгис Ундер дээр зөрчил гарган, улаан хуудас хүртсэн. Ийнхүү ПСЖ 30 минут хүн дутуу тоглох хэрэгтэй болсон. Марселийн довтолгоо ч ширүүсч, Конрад Де Ла Фуэнте, Димитри Пайет нар гоол оруулах боломж үүсгэв. Эсрэг талд Анхель ди Мариа, Неймар, Мбаппе, Месси нар сөрөг довтолгоо хийж байсан ч үр дүнд хүрсэнгүй.

Тоглолтын үеэр Марселийн фэнүүд Месси руу янз бүрийн зүйлс шидэж, зарим нь бүр талбайд нэвтэрсэн аж.

Дерби дИталиа: Интер Милан 1 – 1 Ювентус

112 жилийн ой нь тохиож буй хар цагаан, цэнхэр харуудын тулаан энэ удаад тэнцээгээр өндөрлөлөө. Тоглолтын эхний гоолыг нэгдүгээр үед Интерээс Эдин Джеко оруулсан. Харин Ювентусын хариу гоол тоглолтын үндсэн цаг дуусахаас ганцхан минутын өмнө буюу 89 дэх минутад орсон.

Интерийн хагас хамгаалагч Дензел Дамфрис торгуулийн талбайдаа Алекс Сандрогийн хөл рүү нь өшиглөсөн нь давтан бичлэгээс харагдаж, шүүгч ямар ч эргэлзээгүй торгуулийн цохилт заасан. Олдсон боломжийг Пауло Дибала ч ашиглаж, багаа хожигдох аюулаас аврав.

Де Топпер: Аяакс 5 – 0 ПСВ

Нидерландын хөлбөмбөгийн бас нэгэн түүхэн ривал тоглолт урд шөнө болж, Аяакс өрсөлдөгчөө ядах юмгүй буулган авлаа. Аяаксаас энэхүү тоглолтод Стивен Бергус, Себастиан Холлер, Антони, Дави Классен, Душан Тадич нар гоол оруулсан. Хоёр багийн өмнөх учраанд ПСЖ Эйндховен өрсөлдөгчөө 4-0 гэсэн харьцаатай хожиж байсан бол энэ удаад Аяакс хариугаа авлаа.

Хоёр нийслэлийн дерби: Зенит 7 – 1 Спартак

Хоёр нийслэлийн дербид Санкт-Петербургийн цэнхэр, цагаанууд илт давуу ялалт авлаа. Зенитээс Сардар Азмун, Клаудиньо, Андрей Мостовой, Артем Дзюба, Александр Ерохин нар нийт долоон гоол оруулсан бол Москвагийн Спартакаас Квинси Промес ганц гоол оруулж, Максимилиано Кофриз улаан хуудас хүртэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж