Монгол Улс, БНХАУ хооронд хиллэдэг Замын-Үүд, Эрээний хил хаагдаад өнөөдөр 11 дэх өдөр болж байна. Энэ хугацаанд Эрээнд халдварын тоо 14 болж, тус хотод хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, эмийн сан, хүнсний дэлгүүрээс бусад үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм. Монгол Улсын гол ачаа тээвэр, хүнсний хэрэглээг тээвэрлэж, нэвтрүүлдэг Замын-Үүд, Эрээний боомт хаагдсанаар бид өнөөдөр ямар нөхцөл байдалд байна вэ.
ОХУ-аас нийлүүлэх ёстой байсан шатахуунаа нийлүүлэх боломжгүй хэмээн мэдэгдсэнээр монголчууд шатахуунд өдөржин, шөнөжин дугаарлаж, нөөцөлж байсан цаг саяхан. Хэдийгээр импортлогчид шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн ч тэд өгөх хэмжээгээ бууруулсан. Тиймээс БНХАУ-аас шатахуун нийлүүлэх ажил үргэлжилж байгаа боловч төмөр замаа барьж чадаагүйн гайгаар өмнөх хөршөөс галт тэрэг “царайчилж” сууна.
Ийн шатахуунаа арай яадан зөөж байхтай зэрэгцэн Замын-Үүд, Эрээний боомт хаагдав. Нэгхэн халдвар гарахад хилээ хаасан Эрээнд өнөөдөр халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, цаашид хэр хугацааны дараа хилээ нээх вэ гэдэг асуудал тодорхойгүй байсаар.
Мах, гурилаас бусдыг нь импортоор, нийт импортынхоо 80 гаруй хувийг Замын-Үүд Эрээний боомтоор дамжуулдаг Монгол Улсын хувьд хүнсний нарийн ногооны хомсдолоос эхлээд өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадав. “Мах, гурилтайгаа байхад өлсөж үхэхгүй, монголчууд” гэх яриа хэн дуртайгийнх нь амнаас хөврөх боловч үнэн хэрэгтээ энэ бүх нөхцөл байдал цаашид хэрхэх, ямар нөхцөл байдалд хүргэж болох вэ гэдэг маш том эрсдэл дагуулна гэдгийг мэдэж, анхаарч байгаа хэн байна вэ.
Парламент нь хоёр шинэ гишүүнээ хүлээж авч, гишүүд нь хоёр шинэ яам байгуулна хэмээн сайд болох далдхан хүслээ илэрхийлж, тэмцэлдэж сууна. 2021 онд Монгол Улс нийтдээ 42 сая тонн нүүрс экспортлох өөдрөг төсөөллөөр төсвөө баталсан ч өнөөдрийн байдлаар 10 сая орчим тонн нүүрс экспортод гаргасан байхад 2022 онд мөн 36 сая тонн нүүрс импортлоно гэсэн өөдрөг төсөөлөлттэй төсөв хэлэлцэж сууна, парламент нь.
Ердөө нэгхэн сарын өмнө бид Орос ах нарын “сануулга”-д өртөж, шатахууны хомсдол үүсэх эрсдэл үүсч байсан бол өнөөдөр Өмнөд хөршийн Эрээнд халдвар гарснаар бид хязгаарлагдсан улс болов.
Орос, Хятад гэх хоёр том хөршийн өгч буй “сануулга” нь геополитикийн, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн асуудал биш үү, ҮАБЗ-ийн гишүүд ээ. Өнөөдөр хил нь хаалттай, нүүрсээ борлуулж чадахгүй, орлого байхгүй, цалин, тэтгэврээ юугаар тавих вэ. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл яах вэ, хил хаалттай байдал удаан хугацаанд үргэлжилбэл юу болох бол.
Нийт улсын, иргэдийн амьдралд сөрөг нөлөөлөл үзүүлэхүйц ийм асуудлаар хуралдаж, хоёр хөршийнхөө төрийн тэргүүнтэй нэгдсэн ойлголтод хүрэх, ярилцах цаг болоогүй юу, ҮАБЗ-ийн гишүүд ээ. Ямар ч гэсэн хил хаагдсан, өргөн хэрэглээний барааны үнэ өсчихсөн, цаашид ямар хугацаанд хил хаалттай байх нь тодорхойгүй нөхцөлд тэрбум мод гучингуравдугаар асуудал байлтай.
Сануулахад, ҮАБЗ-ийн тухай хуулийн 7 дугаар зүйлд:
“Монгол Улсын үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдлын ашиг сонирхлын үүднээс олон улсын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, цэрэг, улс төрийн байдалд дүн шинжилгээ хийж, шаардлагатай арга хэмжээг тодорхойлох” гэж заажээ.
Дотооддоо нэгнээ хуулийн байгууллагаар дамжуулан намнаж, сандал суудлын хэрүүл, тэмцэл хийж байх хооронд хойд хөрш нь шатахуун эрчим хүчээ хязгаарлана гэж далайлгаж байхад өмнөд хөрш нь хилээ хааж, чичрүүлж байна, эрхэм түшээд ээ.
Ш.ЧИМЭГ