Монгол Улс хүнсний ногоог дотоодоо 100 хувь хангадаг бол нарийн ногооны 75 хувийг импортоор бүрдүүлдэг. БНХАУ-ын Эрээн хотод Covid-19 халдвар илэрснээр хилээ хаагаад байгаа билээ. Үүнээс шалтгаалан нарийн ногоо захуудын лангуун дээр хоосорч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж байна. Цар тахлын халдвар бүртгэгдсэнээс хойш Замын-үүд боомтоор орж ирэх нарийн ногооны импорт багассан. Чухамдаа бол ачаа бараа тээвэрлэдэг автомашины тоог багасгаснаас нарийн ногооны хомсдол үүсэх шалтгаан, нөхцөл болсон гэхэд буруудахгүй. Манай улс үйлдвэрлэгч орон биш. Тиймээс дотоодын хэрэгцээний дийлэнх хувийг гаднаас оруулж ирдэг. Тэр дундаа БНХАУ-аас хүнс болон өргөн хэрэглээний барааг татан авдаг. Гэвч тус улсын Эрээн хотод Covid-19 халдвар илэрснээр хөл хорио тогтоож худалдаа үйлчилгээгээ зогсоосон. Үүнээс шалтгаалан манай улсад нарийн ногооны хомсдол, үнийн хөөрөгдөл үүсээд байна.
Өвлийн хүлэмж олноор барьж нарийны ногоог дотоодоо 100 хувь хангах боломж байгаа хэдий ч төр засгийн удирдлагууд гадаадын тусламж, хөрөнгө мөнгө ярьсаар замхруулдаг. ЖДҮ бизнес эрхлэгчдэд зориулсан төсөв, тусламжийн мөнгийг танил талтай хүн авдаг нь нууц биш. ЖДҮ-ийн мөнгө нүдээ олж очдог бол өдийд хэд хэдэн өвлийн хүлэмж барьчихсан, барилгын материалыг дотоодоо үйлдвэрлэдэг болчихсон байж болох байсан. Өндөр барилга, өргөн зам хөгжил дэвшил хэдий мөн ч гэлээ. Иргэдийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал эрэлт хэрэгцээ нэн чухал гэдгийг өнөөдөр харж байна. Тиймээс бид дотоодоо хүнсний бүтээгдэхүүнээ хангадаг болмоор байна.
Өнөөдрийн байдлаар хүнс, хүнсний бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт зогсонг байна. Тиймээс энэ төрлийн худалдаа эрхэлдэг зарим иргэд лангуугаа хаахад хүрээд байгаа юм. Тухайлбал олдоц нь хомс болсон нарийн ногоо тээвэрлэлт олон хоносноос хөлдөж ирэхийн зэрэгцээ гурав дахин үнэтэй худалдаалагдаж буй.
2020 онд 27.4 га өвлийн хүлэмж, 68.5 зуны хүлэмж нийт 95.9 га хүлэмжийн тариалалт хийж 5303 тонн нарийн ногоо хурааж авсан нь дотоодын хэрэгцээний ердөө 25 хувийг хангасан. Энэ онд мөн л “25 хувийг хангана” хэмээн ХХААХҮЯ-аас мэдээлсэн. Хил хаасны маргаашаас нь зах дээр нарийн ногоо олдохоо байсан нь нууц биш. Ургац хураалт хэвийн үргэлжилж байгаа гэх боловч техник, техникийн сэлбэг, шатахуун түлшээ гаднаас авдаг. Тиймээс дахин шатахууны хомсдол үүсвэл газар тариалангийн салбарт асар хүнд цохилт болно. Хэдий оюутан, цэргийн алба хаагчдыг дайчлан ажиллуулж байгаа ч техникийн оролцоогүйгээр хугацаанаасаа өмнө хураана гэдэг ямар ч боломжгүй.
Нэгэнт л бид нарийн ногоогоо дотоодоо 100 хувь хангаж чадахгүйгээс хойш бодлогын арга хэмжээ авах хэрэгтэй. Өөр гарц, өөр шийдэл олох нь нэн тэргүүний асуудал болоод байна. Үгүй бол энэ байдлаар сарын дараа гэхэд эдийн засаг улам хүндэрнэ. Энэ байдал удаан үргэлжилбэл монголчууд хөдсөн дээлээ нөмрөөд төмпөнтэй махруугаа дайрцгаах цаг удахгүй ээ.
Х.Доржпалам
Холбоотой мэдээ