Манай цагдаа МАН-ыг хамгаална!

Хуучирсан мэдээ: 2021.10.24-нд нийтлэгдсэн

Манай цагдаа МАН-ыг хамгаална!

Манай цагдаа МАН-ыг хамгаална!

Эрх баригчдын дабль стандартыг эсэргүүцэн Сүхбаатарын талбайд акц зохион байгуулж байсан Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг  хойшлуулашгүйгээр баривчлан саатуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Тэд цар тахлын үед иргэдээсээ илүү эрх ямба эдлэн, ямар хяналтгүйгээр төсвийн мөнгийн үрж байгаа МАН-ын дарга нарыг огцрохыг шаардаж байсныхаа хариуд ийнхүү шоронгийн хаалга татахад хүрсэн юм.

 Э.Одбаяр, Д.Монголхүү хоёр хулгай хийж худал хэлээгүй.

Тэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ л эдэлсэн. Яг л 2018 онд М.Энхболдыг огцруулахаар жагсаж байсан өнөөгийн эрх баригч нар шиг Үндсэн хуульд заасан иргэний эрхээ эдэлсэн. Харин өдгөө эрх мэдэлд хүрсэн өчигдрийн жагсагчид өнөөдрийн дабль стандартыг өөгшүүлэгчид, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ дарамтлагчид болж хувирчээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сөрөг хүчин төр засагтаа шүүмжлэлтэй хандах ёстой. Ардчилсан нийгэмтэй Монгол Улсад олонх нь засгийн эрхийг барьж, цөөнхдөө хүндэтгэлтэй хандах ёстой. Үндсэн хуулийн дагуу иргэд тайвнаар жагсаал цуглаан зохион байгуулах, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Иргэдийн жагсаж цуглах эрхэд хүндэтгэлтэй хандаж, тавьж буй шаардлагыг нь шүүмжлэл бус зөвлөгөө гэж хүлээн авч, ажилдаа тусгах ёстой” гэж Засгийн газрын өмнөх хуралдааны үеэр анхааруулсан.  Харамсалтай нь, Ерөнхий сайдынхаа үгийг цагдаа нар нь нохой хуцсаны дайтай сонссонгүй.

Хуульчдын зүгээс Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг баривчлан саатуулсан үйлдлийг буруутгаж, Үндсэн хуулинд зааснаар иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх зөрчигдөх нь түгээмэл бөгөөд хэвийн үзэгдэл болсонд эмзэглэж буй. Өөрөөр хэлбэл, үзэл бодлоо илэрхийлж буй иргэдээ “манай ба танай тал” хэмээн ялгаварлан хандаж буйд олон нийт шүүмжлэлтэй хандах болсон. Нэг ялангуяа намын “троллчид”  олон нийтийн арга хэмжээ зохион байгуулбал асуудалгүй өнгөрдөг. Ямар нэгэн намын болон улс төрийн дэмжлэггүй иргэд эрх баригчдыг шүүмжилбэл цагдаа хариуцлага тооцдогоос харвал миний цагдаа МАН-ын цагдаа болж хувирсан байна.

  Хотын дарга Д.Сумъяабазарын дүү Д.Дагвадоржийн менежментийн хувьчлалаар авсан Циркийн бодит байдлыг харуулсан иргэн Д.Мөнх-Эрдэнийг АТГ-аас дууджээ. Гэтэл АТГ-д нэн түрүүнд очих ёстой хүн нь хотын дарга өөрөө. Учир нь Циркийн арын газрын дүүгийнхээ эхнэрийн нэр дээр өгсөн асуудал бол ашиг сонирхлын зөрчил мөн. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиг сонирхлын зөрчил гаргасных нь төлөө Д.Сумъяабазарыг АТГ уг нь дуудах ёстой байв.

Гэвч, АТГ даргын даалгавраар ашиг сонирхлын зөрчил гаргасан даргыг биш даргын ашиг сонирхлын зөрчлийг ил дэлгэсэн иргэнээ дарамталж эхэлжээ. Гэтэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараас эхлээд Монголд шударга ёс  тогтоохоо байнга амалдаг. Харамсалтай нь, тэдний амалдаг шударга ёс ард түмэнд үйлчилсэнгүй. 

2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар хар машиныг хакердсан гэх асуудлыг дэлгэсэн Ц.Ган-Очирыг мөн баривчлан шалгаж байгаа. Зүй нь Ц.Ган-Очирыг биш түүний дэлгэсэн баримтуудыг, тэнд нэр дурдагдсан хотын дарга Д.Сумъяабазар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг АТГ шалгах ёстой байв.  Гэх мэтчилэн МАН-ын дарга нарыг шүүмжилсэн хүн өнөөдөр Монголд гэмт хэрэгтэн болох нь хэвийн үзэгдэл болсон. Харин баталсан, гаргасан хууль дүрэм, журмаа зөрчих нь дарга нарын хувьд мөн хэвийн зүйл болж.

Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд 1964 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль манай орны хөрсөнд тохирсон гэсэн нь анхаарлыг тэмдэг үлдээв. Ингэж хэлж байна гэдэг ийм хүсэл Монголын цагдаад байна гэсэн үг. Иргэддээ дээрэнгүй ханддаг, хэлмэгдүүлдэг, зоддог цагдаа нартай холбоотой гомдол тасардаггүй. Гэтэл дарга нь 1964 онд эргэн очиж, эрүүдэн шүүх тухай ярьж байгаа нь жинхэнэ айдас хүйдэс юм. С.Зоригийн амийг хөнөөсөн алуурчин Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрүүдэн шүүлээ гээд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж  нь уйлан хэлж, усан нүдлэх нь холгүй байсаар сулласан шүү дээ.

Энэ мэт өнөөдөр болж буй үйл явдлаас харахад манай цагдаа нар МАН-д үйлчилдэг болжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж