УИХ бүрдэж, хоёр шинэ яам байгуулах асуудлыг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2021.10.24-нд нийтлэгдсэн

УИХ бүрдэж, хоёр шинэ яам байгуулах асуудлыг хэлэлцэв

УИХ бүрдэж, хоёр шинэ яам байгуулах асуудлыг хэлэлцэв

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


ХОЁР ШИНЭ ГИШҮҮН ТАНГАРГАА ӨРГӨЖ, УИХ БҮРДЭВ

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшиж, сонгогдсон Д.Сумъяабазар гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, хотын дарга болсон бол Хэнтий аймгийн 18 дугаар тойргоос сонгогдсон У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тиймээс УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль аравдугаар сарын 10-нд болсон ч ирц 50 хувьд хүрээгүй учир нэмэлт санал хураалт явуулсан юм. Нэмэлт санал хураалтад Монгол Ардын намаас /МАН/ нэр дэвшигч Э.Батшугар болон Ц. Идэрбат нар олонхийн санал авсан билээ.  Э.Батшугар нийт сонгогчийн 51.2 хувийн санал буюу 28537 сонгогчийн санал авсан бол Ц.Идэрбат нийт сонгогчийн 73.3 хувь буюу  17264 хүний санал авсан юм.

УИХ СЕХ-ны дүнг хүлээн авсны дараа УИХ-ын чуулганаар шинэ гишүүдээ тангараг өргүүлэх хуулийн зохицуулалттай. Шинээр сонгогдсон гишүүд  аравдугаар сарын 21-ны Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тангаргаа өргөсөн юм.


ХОЁР ШИНЭ ЯАМ БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭВ

Засгийн газар ирэх 2022 онд хоёр яам, дөрвөн агентлаг шинээр байгуулах асуудлыг чуулганаар хэлэлцлээ. Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны улсын төсвийг хэлэлцэхдээ шинээр байгуулах хоёр яамны зардал болон ажиллах хүний тоо, чиг үүрэг, сайдынх нь эрх мэдлийг сонирхох гишүүн цөөнгүй байлаа. Төсөвт суулгаснаар Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжлийн яамнаас гадна

  • И-Монгол Академи
  • Сахилгын хороо
  • Ойн судалгаа, хөгжлийн агентлаг
  • Боловсролын ерөнхий газар гэсэн дөрвөн агентлаг байгуулахад нийт 41.6 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Ирэх 2022 оны төсвийг аравдугаар сарын 21-нд УИХ хэлэлцээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Шинээр байгуулах эдийн засаг хөгжлийн яамны төсөв 4.3 тэрбум, Цахим хөгжлийн яамных 1.8 тэрбум.

Өнөөдрийн байдлаар агентлаг хэлбэрээр ажиллаж байгаа бөгөөд  30-40 хүнтэй аж. Харин ирэх жилээс "томорч" төсөвт тооцож оруулснаар шинэ хоёр яам тус бүрт 80, 80 хүний орон тоо гаргах санал яригдаж байгаа аж.

Дээрх хоёр яам нь Үндэсний хөгжлийн газар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газруудад суурилан үйл ажиллагаа явуулна. Гэвч шинээр байгуулах яамд нь чиг үүргийн хувьд Үндэсний хөгжлийн газар, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газруудаас ялгарах зүйлгүй ижилхэн байдлаар хуулийн төсөлд тусгасан нь гишүүдийг эргэлзэхэд хүргэв. Өөрөөр хэлбэл, шинээр хоёр яам байгуулах шаардлага бий эсэхэд эргэлзэхэд хүргэсэн талаар хэлж байв.

Түүнчлэн УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдааны үеэр Эдийн засаг хөгжлийн яамны сайдаар бусад яамдаа баздаг улстөрчийг томилох асуудал яригдсан. Ерөнхий сайд, дарга хийж байсан хүмүүсээс сайдаа томилбол Эдийн засаг, хөгжлийн яам чадвартай ажиллана гэж зарим гишүүд үзэж буй.


"ЭРДЭНЭС МОНГОЛ" КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.ХАЯНХЯРВААГ ХОРИВ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Прокурорын зөвшөөрлийн дагуу аравдугаар сарын 18-нд “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн хувийн оффист нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай хорих шийдвэр гаргасан. Улмаар аравдугаар сарын 21-нд шүүхээс түүнийг  үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гаргасан. Харин түүний өмгөөлөгчийн зүгээс энэ бол хууль бус үйлдэл гэж үзэж байгаа юм. Тэгвэл "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа Монгол Улсын Ерөнхий прокурор, Б.Жаргалсайханд хандаж, хүсэлт гаргасан байна. Хүсэлтдээ тэрбээр, тус компанийн захирлаар томилогдсоны дараа компанидаа дотоод аудитаар шалгалт оруулж, зарим зөрчил илэрсэн учраас АТГ-т хандаж энэ асуудлыг шалгаж өгөх хүсэлтийг өгч байснаа тайлбарлажээ. Тодруулбал, 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр АТГ-ын дарга бол тус газарт хаягласан албан бичиг хүргүүлж байсан аж.

Тэрбээр хүсэлтдээ "аравдугаар сарын 18-нд гэрт, албан болоод хувийн оффист /түрээслэдэг/ нэгжлэг хийж гэрэл зургийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд шууд тавьж намайг авилга авсан мэтээр нийтэд түгээж, улмаар 48 цаг хорьж миний нэр хүнд, эрхэд ноцтойгоор халдсан хууль бус ажиллагааг Авлигатай тэмцэх газраас явууллаа.

Төрийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, авлига албан тушаалын гэмт хэргийг шалгуулах хүсэлт гаргасны хариуд ийнхүү хуулийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны хохирогч боллоо. Тодруулбал, намайг хорьж шалгасан асуудал нь 2019 оны буюу намайг томилогдохоос өмнөх үеийн худалдаж авах ажиллагаатай холбоотой асуудал байсан" гэж мэдэгджээ.


 

ЭРЭЭНД COVID-19 ХАЛДВАР ГАРЧ, ХИЛ ХААГДСАНААР МОНГОЛ УЛСАД БАРААНЫ ҮНЭ ХӨӨРӨГДӨВ

Монгол Улсын томоохон худалдааны бүс болох Эрээн, Замын-Үүдын боомт аравдугаар сарын 14-нөөс тодорхойгүй хугацаагаар хаагдсан. Өчигдрийн мэдээллээр Эрээнд Covid-19 халдварын нийт тохиолдлын тоо 12 болж өссөн байна. Хятадын албаныхны зүгээс хотын бүх хүн амыг халдварыг илрүүлэх шинжилгээнд хамруулан, холбогдох арга хэмжээг авч буй.

Харин хил хаагдсанаас хойш Монгол Улсад хүнс болоод ахуйн барааны үнэ 2-3 дахин нэмэгдсэн гэдгийг иргэд хэлж буй. Тэгвэл 2021 оны аравдугаар сарын 20-ны байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2.1 хувиар өсөж, өмнөх долоо хоногоос 0.3 хувиар буурсан гэж мэдээлжээ. Тухайлбал, нийслэлд нарийн ногоо, өндөгний үнэ нэмэгдсэн бол махны үнэ буурсан байна. Харин автобензин, гурил, цагаан будаа, талх, нарийн боовны үнэ тогтвортой байна гэв.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар энэ сарын 18-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзахдаа хугацаа нь дуусах дөхсөн, хөлдөх эрсдэлтэй, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг даруй авах шаардлагатай чингэлгийг яаралтай татаж авах талаар ярилцсаны зэрэгцээ хоёр тал нүүрс тээвэрлэлтийн талаар санал солилцсон байна.

Хилийн зарим боомтод хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул Монголоос ирж буй нүүрсийг Ганцмод боомтод Хятадын гал тэргэнд шилжүүлэн ачихаар болжээ.

 


ДОЛОО ХОНОГТ 101 ХҮН COVID-19 ХАЛДВАРААР НАС БАРАВ

Сүүлийн долоо хоногт Covid-19 цар тахлын өдөрт илрэх халдварын тоо буурсан боловч нас баралт буурахгүй хэвээр байна. Өдөрт бүртгэгдэх халдварын тооны тухайд Эрүүл мэндийн яамнаас зөвхөн PCR шинжилгээгээр баталгаажсан тохиолдлыг мэдээлж буй учир буурсан мэт харагдаж буй.

Харамсалтай нь нас баралт буурахгүй хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт 101 хүн Covid-19 халдварын шалтгаант хүндрэлээр хорвоог орхисон байна. Үүнээс тав нь 0-20 хүртэлх насны буюу бага насны хүүхдүүд болон өсвөр насныхан байв. Тодруулбал,

  • Аравдугаар сарын 23-нд   1733 тохиолдол илэрч,  17 хүн нас баржээ. Үүний нэг нь 0-20 хүртэлх настай байв.
  • Аравдугаар сарын 22-нд 1719 тохиолдол илэрч, тохиолдол илэрч, 19 хүн нас баржээ.
  • Аравдугаар сарын 21-нд 1744 тохиолдол илэрч, 16 хүн нас баржээ.  Үүнээс хоёр нь 0-20 хүртэлх настай байв.
  • Аравдугаар сарын 20-нд 2153 тохиолдол илэрч,  17 хүн нас баржээ.
  • Аравдугаар сарын 19-нд 1303 тохиолдол илэрч, 18 хүн нас баржээ. Үүнээс хоёр нь 0-20 хүртэлх настай байв.
  • Аравдугаар сарын 18-нд 1131 тохиолдол илэрч, 14 хүн нас баржээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж