АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Баасан гаригт утсаар ярилцсан талаар Цагаан ордноос мэдэгдэв.
Байден, Макрон нар Сахелийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг дэмжих, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах, Европын батлан хамгаалахын салбарыг илүү чадварлаг болгох асуудлаар ярилцсан гэжээ.
Мөн хоёр орны удирдагчид энэ сарын сүүлээр Ром хотноо уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаарх яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр болсон байна.
Цагаан ордноос дэд ерөнхийлөгч Камала Харрис ирэх сард Францад айлчилж, Макронтой уулзахаар болсныг мөн мэдэгдэв. Тэрбээр айлчлалынхаа хажуугаар арваннэгдүгээр сарын 12-нд болох Ливийн асуудлаарх Парисын бага хуралд оролцох гэнэ.
Харрисын айлчлалыг АНУ, Францын харилцааг сайжруулах гэсэн оролдлого хэмээн шинжээчид үзэж байна. Өнгөрсөн сард АНУ, Их Британи хоёр улс саяхан “AUKUS” гурван талт гэрээний дагуу Австралийн тэнгисийн цэргийн флотыг цөмийн шумбагч онгоцтой болоход дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдсэн.
Улмаар Францыг Австралид 12 ердийн шумбагч онгоц нийлүүлэх хэлэлцээрээс хассан нь тус улсыг эвгүй байдалд оруулсан юм. Тодруулбал, уг гэнэтийн алхамд эгдүүцсэн Франц улс АНУ, Австралид суугаа Элчин сайдуудаа эргүүлэн татсан билээ. Харин Байдений зүгээс асуудлыг илүү дээр байдлаар шийдвэрлэх саналыг гаргаж байв.
ЭХ СУРВАЛЖ: XINHUA
Холбоотой мэдээ