Ерөнхий боловсролын сургуульд нэг хүүхдийн үдийн хоолны санхүүжилтийг 1500 төгрөг байхаар тусгасан. Гэвч бодит байдал хүүхдэд өгч буй үдийн хоол чанар болоод шим тэжээлийн хувьд хангалттай биш байгааг NEWS.MN сайт “Үдийн хоолны үнэн төрх”, “Атар талхны мөнгөөр үр хүүхдүүдээ хооллож байна” зэрэг цуврал сурвалжлагаар бэлтгэн хүргэсэн билээ. Үүний дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт иргэдээс гомдол, мэдээлэл очиж, шалгалтын ажлыг эхлүүлжээ.
Сургуулийн хоол үйлдвэрлэгчдийн зүгээс үдийн хоолны нэг хүүхдийн санхүүжилт 1500 төгрөг болсон ч бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд ийм мөнгөөр порц ихтэй хоол өгөх хүндрэлтэй байна. Үдийн хоолонд заавал гурван төрлийн хоол өгөхийг шаарддаг. Бид хувийн сургуулийнхан шиг хоол өгөх боломжгүй. Эрх баригчид хөрсөн дээрээ буух хэрэгтэй. Бодит амьдрал дээр нэг хүүхдийн багц хоол 1500 төгрөг болохгүй. Өнөөдөр гадуур мантуун бууз, хуушуурын ширхгийн үнэ 1500 төгрөг болж, тавагтай хоол 8000 болсон шүү дээ гэдэг тайлбар, мэдээллийг өгсөн. Тиймээс бодит нөхцөл байдал төсөөллөөс өөр байгааг ерөнхий боловсролын сургуулийн хоол бэлтгэгчид төдийгүй эцэг, эхчүүд, сурагчид хэлж байгаа юм.
ХООЛ ЗҮЙЧ А.ЯНЖМАА:
-Сэт хоол 1500 төгрөгт хангалттай гарна. Барааны үнэ өссөн байхад энэ мөнгөөр хүүхэд цадахаар хоол гаргах боломжгүй гэдгийг зарим хоол нийлүүлэгчид хэлдэг. Гэхдээ нэг хүүхдийн хоолны орц, зардлын долоо хоногийн мөнгийг хэрхэн хуваарилахаас л шалтгаална. Тухайлбал, Даваа гаригт 680 төгрөг, Мягмарт 2500, Лхагвад 1460, Пүрэв гаригт 1433, Баасанд 1431 төгрөг гэж тооцвол хүүхэд цадахаар хэмжээний хоол гаргаж болох юм. Жишээ нь, өнөөдрийн броклитой зутан, бөөрөнхий махны сэт 2000 төгрөгөөр бүтсэн. Бусад өдөр нь үндсэн нэг хоолтой. Гэхдээ заавал дагалдуулах бүтээгдэхүүн байхгүй бол хүүхэд хараад цадахгүй. Хоол харагдах байдлаас л сэтгэл зүйд нөлөөлж байдаг. Ганц аяга шөл байвал хүүхэд дурамжхан, цадахгүй дээ гэж бодно. Иймд дагалдуулах бүтээгдэхүүн их чухал. Ер нь хоолны мөнгө, орц их байхын хэрээр хүүхэд цадах, шим тэжээлтэй хоол болно гэсэн үг биш. Сэтгэл байвал хэчнээн бага өртөгтэй ч шим тэжээлтэй хоол хүүхдэд өгч болно.
ШӨХТГ-аас иргэдийн гомдлын дагуу сурагчдын "Үдийн хоол" -ыг шалгаж эхэллээ. Та бүхэнд санал гомдол байвал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын пэйж хаяг болон 115 утсанд баримттай гомдол мэдүүлнэ үү. Иргэдээс ирсэн мэдээлэлд тулгуурлаж холбогдох хяналт шалгалтыг баримттай болгож, зохих арга хэмжээг авна гэжээ.
Холбоотой мэдээ