Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы индэр дээрээс “Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөн өрнүүлж эхлээд байна" гэж хэлсэн. Энэ хүрээнд мод тарих ажил эрчимтэй өрнөж буй юм.
Бид өнгөрсөн долоо хоногт "НЭГ СЭДЭВ, НАЙМАН ЭХ СУРВАЛЖ" буландаа энэ сэдвийг онцолсон билээ.
Энэ удаа Хүрээлэн буй орчин судлалын доктор М.Тунгалаг, Улаанбаатар хотын ерөнхий дендрологич, биологийн ухааны доктор, профессор, Б.Чимидийн байр суурийг хүргэж байна.
"МОДЫГ УСАЛЖ, АРЧЛАХГҮЙ БОЛ ДЭЭД ТАЛ НЬ ЗУРГААН САР Л АМЬДАРДАГ"
Мод тарих ажилд бүх нийтээр идэвхтэй оролцож, жил бүр албан байгууллага, хамт олноор уриалан мод тарьдаг. Эдгээр тарьсан модны хэчнээн нь үхэж, хэчнээн нь ургасан бэ гэх судалгаа алга. Мод тарихаас илүү арчилж ургуулах нь маш их зардал мөнгө, ажил болдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тэрбум мод ургуулахын тулд арчилгааны зардал, мэргэжлийн боловсон хүчин гээд маш их төлөвлөлт судалгаа, шинжилгээ хэрэгтэй болно.
2020 оноос нэг га талбайн ойжуулалтын зардлыг 2-5 дахин өсгөсөн. Ингэснээр тарьсан ой модоо дор хаяж 3-5 жилд арчилж ургуулах зардлыг оруулан тооцдог болжээ. Улаанбаатар хотод ногоон байгууламж бүхий 130 гаруй гудамж бий. Тэдгээрийн тохижилт арчилгаанд жилд 5-7 тэрбум төгрөг төсөвлөж, Хот тохижилтын газар болон дүүрэг хувийн хэвшлийн 132 аж ахуй нэгжтэй төр, хувийн хэвшлийн зарчмаар хуваарилан өгдөг байна. Нийт төсвийн 50 гаруй хувийг Хот тохижилтын газар зарцуулдаг аж. Тухайн төсвийг нийслэлийн ногоон байгууламжид ажилладаг 400 гаруй хүнд цалин, тээвэр, шатахуун, ногоон байгууламжид зарцуулж байгаа бараа материалд олгодог байна.
ТҮК-иас хавар, намрын улиралд тодорхой давтамжтайгаар арчилгааг хийдэг. Гэхдээ нарийвчилсан арчилгааны заавар, зөвлөмж гэж байдаггүй. Усалгааг бол тогтмол хийдэг байна. Алслагдсан дүүргүүдийн хувьд мөн ТҮК арчилгааг хариуцдаг бөгөөд аж ахуй нэгж, хувь хүний тарьсан модыг биш зөвхөн төвийн хэсгийн нийслэлээс тариалсан модыг л усалж, арчилдаг гэсэн юм. Тэгэхээр хээр талд бүх нийтээр тариалсан модыг арчилж, торддог албан байгууллага байхгүй гэсэн үг
Улаанбаатар хотын нэг хүнд 1.3 ам метр цэцэрлэгжсэн талбай ногддог. Жил бүр тарьж буй модны статистик болон түүнд зарцуулагдах төсвийг харвал нийслэл ногоон хот болсон баймаар. Гэвч тарьсан моддыг хэн арчлах болон төсөв санхүүг хэрхэн зарцуулах талаар хариуцсан байгууллагуудад тодорхой ойлголт огт байхгүй байгаа юм. Мод тарихад хөрсийг урьдчилан бэлдэх хэрэгтэй байдаг аж. Тиймээс нийслэлийн байгаль орчны газар болон захирагчийн ажлын албанаас боломжит байршлыг тусгаж өгдөг байна. Хэрэв урьдчилан тооцоологүй газарт тариалж, усалж, арчлахгүй бол тухайн мод төрлөөсөө үл хамаарч дээд тал нь зургаан сар л байдаг байна.
Нийслэлийн байгаль орчны газраас тарьсан модны арчилгааг хэн хариуцаж, хэрхэн хийдэг талаар тодруулахад дүүрэгт тарьсан модыг тухайн дүүргийн тохижилт үйлчилгээний компани хариуцна. Нийслэлээс тендер зарлаж ойжуулалтын ажлыг хийж байгаа бол тухайн гүйцэтгэгч компани арчилгааг гурван жил хариуцахаар тусгасан байна. Нийслэлийн тухайд хариуцсан 48 гудамжны 50.3 га газрын мод арчилгааг хариуцдаг. Харин үлдсэн ногоон байгууламжийн арчилгааг дүүрэг тус бүр хийдэг гэсэн үг.
Харин орон нутагт тусгайлсан нэгж байдаг бөгөөд усалгаа арчилгаа, ойжуулалтын ажлыг тухайн бүс нутгийн харьяа газар хариуцдаг байна. Байгаль орчны газраас өгсөн мэдээллээр ойн бүсэд мод тарих нь олон талын ашигтай бөгөөд үр дүнтэй. Учир нь монгол орны ой бүс цэвдэг дээр оршдог учраас 40 хүртэлх метрийн гүнээс ус ундарч, хөрс нь үргэлж чийглэг байдаг тул мод ургах таатай орчин бүрддэг байна. Харин нийслэл суурин газар учир уулын мод, зулзаган мод суулгасан ч усалж тордохгүй бол ургахгүй үхдэг байна. Хэчнээн га талбайд мод тарьсан ч хэн тэрхүү бүс нутаг, байршлыг хариуцаж модыг арчлах нь зайлшгүй анхаарах асуудал. Одоогоор тэрбум модны арчилгааг нарийвчлан гаргаагүй байгаа бөгөөд эхний ээлжид бүх нийтээр мод тарих уриалгаа хэрэгжүүлж, дараа нь үхүүлэхгүйгээр усалж арчлана гэдэг тайлбарыг захирагчийн ажлын албанаас өгсөн юм. Тиймээс төсвийн дийлэнх хувийг арчилгаанд зарцуулах хэрэгтэй аж. Одоогийн байдлаар тэрбум модны төсвийн ихэнх хувийг мод тарих, уриалга контент бэлтгэхэд төсөвлөсөн байна.
С.УНДАРМАА
БАЙР СУУРЬ: МЕГА ТӨСӨЛД СЭТГЭЛИЙН ХӨӨРЛӨӨР ХАНДАЖ БОЛОХГҮЙ
Хүрээлэн буй орчин судлалын доктор М.Тунгалаг:
-Тэрбум мод тарина гэдэг бол асар том тоо. Нийт ойд ургаж байгаа моднуудаас хамгийн нас биед хүрсэн, таван метрээс дээш мод нэг га талбайд 560 орчим ургаж байгаа гэж үзвэл Монгол орны сэрүүн бүсийн ойд нийт нас биед хүрсэн таван тэрбум гаруй мод ургаж байгаа. Зулзаган модтой нийлбэл 27 орчим тэрбум болж байна. Энд заган ойг оруулаагүй. Тэрбум мод тарих хөдөлгөөн өрнүүлж байгаа нь маш том мега төсөл. Үнийн дүнг нь харсан ч гэсэн 4.3 их наяд төгрөг зарцуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө манлайлж байгаа нь маш их ач холбогдолтой. Том төслүүд сонгуулийн цикль дунд уначихаад байдаг. Нэг том улстөрч нь манлайлж санаачлага гаргахаар дараагийн жил нь өөр намын улстөрч гарч ирээд зогсоочихдог. Одоогийн Ерөнхийлөгч зургаан жилээр сонгогдсон учраас энэ том төслийг санаачилж байгаа нь сайшаалтай. Мега төслийн хувьд заяа яавал амжилтад хүрч, яавал унадаг вэ гэдэг талаар бэлэн дэлхий даяар шинжлэх ухааны үндэслэлтэй онол болж, бүх зүйл нь тодорхой болсон. Яг тэр дагуу л явах хэрэгтэй.
Ингэснээр том төслийг амьдруулж чадна. Хамгийн гол нь манлайлагч гарч ирсэн нь сайн. Манай ойн салбарынхан тэрбум мод тарихад бэлэн биш байгаа. Социализмын үеэс хойш энэ салбар хүний нөөцийн хувьд тасарсан. Хуучин нийгмийн үед энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж, залуусыг их дэмжиж байсан.Гэтэл одоо материаллаг баазын хувьд ч тасарчихсан. Өмнө нь бодлогоор Говь-Алтай, Ховд, Сэлэнгэ, Хэнтий аймагттом том баазуудыг байгуулж байсан. Гэхдээ өнөө цагт бидний хийх ёстой ажил мөн учраас ард нь гарч таарна. Энэ төсөл хэрэгжиж, шууд эдийн засгийн эргэлтэд орж, ашиг тусаа өгөхгүй. Тийм учраас бусад мега төслүүдээс ялгаатай. Бид өнөөдөр хойч үе, ирээдүйдээ үлдээх томоохон өв хөрөнгөө бэлдэж байгаа гэсэн үг. Жишээлбэл, цахилгаан станц байгуулбал шууд ашиг, үр өгөөжөө өгнө шүү дээ.
Мега төсөлд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Том төслүүд зогсдог нэг шалтгаан бол энэ. Ингэснээр маш их хөрөнгө үрж, салхинд хийсгэдэг. Ажил хийхээсээ илүүтэй “Бид чадна. Бид бэлэн” гэж буруу төлөвлөлт хийх вий. Үүнд их анхаарах хэрэгтэй. Байгаль орчны цогц мэдлэг мэдээлэл хэрэгтэй. Бүс нутгийн хувьд хамтарч ажиллах ёстой. Ерөнхийлөгчийн тамгын газраас одоо шууд техник, технологи болон цэргүүдийг дайчлан мод тарина гэж мэдээлэх буруу. Харин төслийг санаачлагчийн хувьд ингэж хэлж болно. Төслийн стратегиа дор хаяж 1-2 жил хийж байж, зарлах ёстой. Салбарын бүх мэргэжилтнүүдэд нээлттэй байх ёстой. Том төслүүд нээлттэй бус байснаар зогсох тохиолдол гардаг. Яагаад гэвэл ард түмний итгэлийг нэгтгэж, хөдөлгөөнд оруулж байгаа учраас нээлттэй байх шаардлагатай. Өмнө нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед зарлиг гаргаж, хавар намрын улиралд бүх нийтээрээ мод тарьдаг болсон. Энэ ажил өнөөдрийг хүртэл үргэлжилж буй.
Улаанбаатар хотын ерөнхий дендрологич, биологийн ухааны доктор, профессор, Б.Чимид:
–Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан энэ санаачлага бол маш чухал. Бидний амьдарч буй дэлхий нэг градусаар дулаарсан. Хэрвээ хүний биеийн халуун нэг хэмээр дулаарсан бол өвдөж байна гэсэн үг. Дэлхий өвдсөн үед ногоон ургамал тарьж эмчилдэг. Төв Азийн өндөрлөг бүс нутагт оршдог Монгол орон цөлжиж эхэлбэл дэлхий сөнөнө. Төв Азид хүн үүссэн гэдгийг олон улсын эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг. Монгол орны нийт нутгийн 76 хувь цөлжөөд байна. Монголын ой мод мөнх цэвдэг дээр байдаг. Гэтэл тэр мөнх цэвдэг нь дэлхийн дулаарлын улмаас хайлж, томоохон гол мөрний усны хагалбар ширгэнэ. Дэлхийн хэмжээний том асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс хөндсөн юм. Зарим иргэд “Монголд нэг тэрбум мод тарих уу” гэж шоглож байна. Ирэх 2030 он хүртэл есөн жилийн хангалттай хугацаа бий.
Дэлхийн цаг уурын дулаарал, эрс тэс уур амьсгалын эсрэг ганц арга хэмжээ бол ой мод. Монгол улсын хэмжээнд 1200 ойн инженер байдаг. Эдгээр мэргэжилтнүүдээ бүрэн ашиглах хэрэгтэй. Нэг га ойг 150-200 сая төгрөгөөр улс худалдаж авах ёстой. Ганцхан нас бие гүйцсэн 50 настай шинэс модны экологийн үнэлгээ 197 сая төгрөг байдаг. Гэтэл бид нэг га ойг 10-хан сая төгрөгөөр худалдаж авч болохгүй шүү дээ.
Миний бие Улаанбаатар хотыг сүүлийн таван жил ойжуулсан. Ойд шигүү ургасан модыг сийрэгжүүлэлтийн аргаар авч, хотын төвд суулгадаг юм. Шигүү ургасан ой модыг сийрэгжүүлэх ёстой байдаг. Огтлох ёстой модыг сийрэгжүүлж авч, хотод суулгасныг иргэд буруугаар ойлгох байна. Мөн уул уурхай, замын бүтээн байгуулалт, төмөр замын бүтээн байгуулалт хийх нэрийдлээр орон нутагт ойн модыг шууд тайрч буй. Тэр моддыг яагаад хотод суулгаж болохгүй гэж. Үүнийг бодож үзэх хэрэгтэй.
А.ЦЭЭСҮРЭН
Холбоотой мэдээ