
2010 оны наймдугаар сарын 16. Маршалын гүүр. Тэнд засварын ажил хийж байна гэсэн тэмдэг, тэмдэглэгээ алга байв. Засварын ажил хийж байна гэсэн дуу чимээ, гагнуурын ажил ч огт харагдахгүй байлаа. Тэнд ажилладаг, ажилладаггүй нь ч мэдэгдэхгүй хэдэн машин байх. Засварын ажлын талаар тодруулах гэсэн боловч тэндхийн ажлыг удирдаж байгаа болтой нэгэн “Та нарт тайлбар өгөх шаардлага огт байхгүй. Тэртэй тэргүй арваннэгдүгээр сарын 25 гэхэд ашиглалтад орчихно. Гурван жил хүлээж болсон юм. Гурван сар хүлээчихэд болохгүй байна уу” гээд дайрч эхлэв. Ажлыг удирдаж байсан ч юм шиг энэ нөхөр халамцуу байсныг хэлэх хэрэгтэй. 2,4 тэрбумын санхүүжилтыг гурван жилийн өмнө авчихаад тэд ажлаа халамцуу гүйцэтгэж байна.
Зам засварын ажил явагдаж байна гэдгийг мэдэгдэхийн тулд тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах нь аюулгүй байдлаа бодсон ч тэр байх ёстой зүйлийн нэг. Гэтэл тэнд ажил эхэлсэн гурван жилийн хугацаанд ямар ч тэмдэг “зоосонгүй”. Одоогоос хоёр жилийн өмнө нэгэн эмэгтэй дутуу баригдсан гүүрнээс унаж амиа алдаж байсан удаатай. Мөн Эксел маркын машин осолдож байсан баримт бий. Энэ мэтчилэн анх эхэлснээсээ хойш хар мөрийг дагуулсан засварын ажил өнөөдөр ч дуусаагүй л байна.
2009 оны намар С.Баяр ерөнхий сайд байхдаа хотын зам засварын ажилтай танилцаж байв. Энэ үеэр “Хотын зам” компанийн дарга гэх том толгойтой нөхөр С. Баяртай хэрэлдэж тухайн үедээ л шуугиан дэгдээж байлаа. Тухайн үедээ ирэх арваннэгдүгээр сар гэхэд ашиглалтад оруулах уу, яагаад нэг ажлаа дуусгаагүй мөртлөө Багшийн дээд орчмын нүхэн гарц хийх ажлыг авсан юм бэ? гэж асууж л байсан. Гүүрийн засварыг шуурхайлахыг холбогдох хүмүүст үүрэг болгосон ч, өнөөдөр ямар ч ахиц алга. С. Баяр ч халаагаа өгч Маршалын гүүрт санаа тавих хүн байхгүй болсон юм болов уу. Ерөнхий сайд ч “Хотын зам”-тай хариуцлага тооцох гээд барсангүй. Одоогийн Ерөнхий сайд ч санаа тавьсан юм алга.
“Хотын зам” гэх энэ хариуцлагагүй байгууллагыг өнөөдөр Улсын авто замын газар ч тэр, Хотын захиргаа ч тэр, Зам тээвэр барилга хот байгуулалтын яам ч тэр, ер нь хариуцлага тооцчих байгууллага алга. Уг нь Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам төсвийг нь гаргасан, Улсын авто замын газар захиалагч нь байх ёстой. Тиймээс ч ажлыг яаравчлах шаардлагыг тавьж, хянах эрх тэдэнд бий. Гэтэл бодит байдал дээр гүйцэтгэгч байгууллага ажил удаашруулсан гэсэн шалтаг тоочоод зогсч байх. Маршалын гүүрийг засах ажилд төсөвлөсөн 3,9 тэрбум төгрөг бага мөнгө биш. Нэг сумын хэмжээнд сургууль, цэцэрлэг, нэг эмнэлэг барьчих хэмжээний мөнгө. Гэтэл энэ мөнгө өнөөдөр хэний халаасанд орж, хаашаа алга болов гэдэг нь одоо хүртэл эргэлзээтэй л байна.
Өөр улсад нэг гүүрний байтугай, бүхэл бүтэн тивийг холбосон хоолойг барина гэдэг асуудал биш болжээ. Ямар сайндаа Арабын Нэгдсэн Эмират улс усан доорхи хоолойг гурван жилийн дотор 75 хувьд хүргэж байхав дээ. Хариуцах эзэн, хариуцлага тооцох субъект нь тэнд тодорхой байдаг. Нэгэн баримтыг сөхөхөд Арабын нэгдсэн Эмиратын барьж байгаа энэ усан доогуурх гарцыг барихад төлөвлөсөн хэмжээнээсээ 0,5 см зөрсөн байгууллагын тендэрийг шууд цуцалж, өөр гүйцэтгэгч олж байсан гэдэг. Эмиратын барьж байгаа энэ хоолой 158 км гэдгийг бид мартаж боломгүй. Тэд гурван жилийн хугацаанд 75 хувьд хүргэсэн. Гэтэл манайх ердөө 258 метр гүүрээ засах гээд гурван жил ноцолдоод ч дийлэхгүй сууж байна. Ингэж байсаар Маршалын гүүр мартагдах вий дээ.
Б.Болорсүх