Сувилагч О: "Улаан бүс"-д ажилласны урамшуулал ороогүй байна

Хуучирсан мэдээ: 2021.10.22-нд нийтлэгдсэн

Сувилагч О: "Улаан бүс"-д ажилласны урамшуулал ороогүй байна

Сувилагч О: "Улаан бүс"-д ажилласны урамшуулал ороогүй байна

Covid-19 цар тахлын халдварын тохиолдол нэмэгдэж, ажлын ачаалал нь хэт нэмэгдсэний улмаас эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд стресст их өртөх болжээ. Бид тэдний төлөөлөл болгон “улаан бүс”-д ажиллаж буй, Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилагч О-гоос цөөн асуултад хариулт авлаа. Тэрбээр Говь-Алтай аймагт 2020 онд их сургуулиа төгсөөд, Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж эхэлсэн байна.

-Ховд аймагт цар тахлын нөхцөл байдал ямар байна вэ? Та “улаан бүс”-д хэдэн удаа ажиллав?

-Ховдод Covid-19-ийн нөхцөл байдал хүнд байна. Өнөөдрийн байдлаар ор хүрэлцэхгүй, сувилагч ч хүрэлцээгүй байна. Эмч, сувилагч нар маш их ачаалалтай ажиллаж байна. Миний хувьд жил гаруйн хугацаанд нэг удаа “улаан бүс”-д ажилласан.

-“Улаан бүс”-д ажиллаж буй эмч, сувилагч нар халдвараар өвчилсөн тохиолдол бий юү?

-“Улаан бүс”-д ажиллаж байгаа нийт ажилчны тал нь цар тахлын халдвараар өвчилсөн. Дараагийн ээлжийн хүмүүс үүнээс болоод стресст их өртөж байна. Гурван сувилагч тутмын нэг нь “Ажлаасаа гардаг юм бил үү” гэж ярьдаг. Гэвч энэ их үнийн хөөрөгдөлд гэр бүлийн хоёрын нэг нь л ажилгүй болчихвол ахуйн хэрэгцээгээ хангаж чадахгүй болоод эхэлнэ. Энэ бол ажилчин бүрт тулгамдаж байгаа асуудал. Гэрээр эмчлүүлж байх хугацаанд нөхөр, хүүхдүүддээ халдаасан байх вий гэх мэт олон зүйл бодогддог юм билээ. Сэтгэл санаа ч тогтворгүй болоод ирсэн. Азаар гэр бүлийнхэнд маань халдварлаагүй.

-Covid-19-өөр өвдсөн ажилчдад төрөөс ямар нэгэн дэмжлэг, туслалцаа үзүүлж байна уу?

-Covid-19-өөр өвчлөхөд арав хоногийн цалинтай чөлөө олгосон.

-Арав хоногийн хугацаанд өвчний эдгэрэлт хэр байсан бэ?

-Хоол цайгаа хийж идэх боломжтой болсон. Ажлаас холбогдоод, “Хүн хүч муу байна. Одоо ажилдаа ор” гэсэн. Хамт олноо ямар  их ачаалалтай ажиллаж байгааг мэдэж байгаа учраас халдвар аваад эдгэрсний дараах дархлаажуулалт гэж ярих эрхгүй л ажилдаа орсон доо.

-“Улаан бүс”-д ажиллаж буй ажилчид цалингийн нэмэгдэл гэж авч байгаа юу?

-Үнэхээр бас өр ширтэй, нэмэгдэл орлого хэрэгтэй ажилчид байна. Ажиллах сонирхолтой хүмүүс дээрх шалтгаантай л өөрийн хүслээр өвчний голомтод ажилладаг. Миний хувьд ажилд орсноос хойш “Хариу арга хэмжээ”-нд оролцлоо. Саяхан 14 хоног “улаан бүс”-д ажилласан. Үндсэн ажилчиддаа урамшуулал олгодог хэр нь жинхлэгдээгүй ажилчиддаа урамшуулал олгоно гэж хэлчихээд олгохгүй байна. Зун “улаан бүс”-д ажилласан сувилагчийн цалин одоо хүртэл олгогдоогүй байгаа гэсэн. Надад ч бас одоогоор “улаан бүс”-д ажилласан нэмэгдэл цалин ороогүй байна.

С.ОЮУНГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж