Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
"ХОТ РУУ ЯВЖ, ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ ЧАДАХГҮЙ ОЛОН ХҮН БАЙНА"
Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Б.Түвшин Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллахаар гэр бүлийн хамт орон нутгийг зорьсон. Түүнтэй анх холбогдоход "Ядаж 10 хагалгааны ард гарсны дараа ярилцлага өгсөн дээр байх" гээд даруухнаар татгалзаж байв. "Энэ ажлыг жишиг болгоно оо. Цаашдаа хавдрын оношилгоо, эмчилгээг орон нутагт нь хийдэг болгохын төлөө зорьж байна" гэх түүний хэлсэн үгнээс нь эрч хүч, урам зориг мэдрэгдэнэ. Ийм залуусын зориг, хүсэл тэмүүллээр эх орон маань хөгжинө гэдэгт итгэнэм.
Орон нутагт нарийн мэргэжлийн эмч дутагдалтай, шинэ залуу эмч нар аль болох хотод эсвэл гадаадад ажиллахыг илүүд үзэх болсон. Цар тахалтай амаргүй цаг үед хөдөө ажиллахаар шийдвэр гаргасан тэрбээр үе тэнгийн залуусаа манлайлж, үлгэр жишээ болж явна. Түүний сонголт олон хүнд урам өгсөн бололтой, нарийн мэргэжлийн эмч нар орон нутгийг зорих болсон.
-Хөвсгөлд хүйтэн байна уу, тохижиж амжсан уу?
-Хөвсгөлд ирээд нэг сар гаруй болж байна. Цэвэр агаарт сайхан юм байна. Энэ хугацаанд орчиндоо дасаад товхиноод амжсан. Амралтын өдөр нэг цаг давхиад Хөвсгөл нуур дээр оччихно гээд бод доо.
-Гоё юмаа. Ингэхэд та, аль нутгийн хүн бэ?
-Би хотын унаган хүүхэд. Гэхдээ хотын хүүхэд гээд хөдөө амьдарч чадахгүй гэсэн үг биш. Миний хувьд хавдрын оношилгоо, эмчилгээг орон нутагт нь хийдэг болгохын төлөө хөдөөг зорьсон.
-Мэдээж, ажил их л биз дээ?
-Нэг сарын хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрлөө. Бид хавдрын найм дахь мэс заслаа хийгээд байна. Энэ хугацаанд мэс засал хийх үе шатаа өнгөрөөд хорт хавдар нь маш хожуу оношлогдсон хэд хэдэн хүн байсан. Мөн ходоодны уян дурангаар гурван настай хүүхдийн улаан хоолойд гацсан гадны биет (зоос) авлаа. Эрт үеийн ходоодны хорт хавдрыг оношилсон гээд тун завгүй өнгөрлөө дөө. Энэ долоо хоногт гурван мэс засал хийхээр төлөвлөөд байна.
Covid-19-ийн дараа нөхөн сэргээх эмчилгээ эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал болж байна. Халдвар авч эдгэсний дараа хүний эрүүл мэнд, сэтгэлзүйд ноцтой нөлөөлдөг болохыг мэргэжилтнүүд хэлж буй. Хүмүүсийн дунд амархан ядрах, ажлын бүтээмж сулрах, ханиалгах, сэтгэл санаа хямрах зэрэг халдвар авч эдгэсний дараах шинж тэмдэг нийтлэг бий. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн мэргэжилтэн Д.Цэнджаваас тодрууллаа.
-Covid-19-өөр хүнд өвдсөн бол эдгэхэд хэр их хугацаа шаардах вэ? Нөхөн сэргээх ямар эмчилгээ хийж байна вэ?
-Covid-19-өөр нэн хүнд болон хүнд өвдөж, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлсэн өвчтөнүүд мэргэжлийн эмчийн хяналтад байна. Улаан бүсээс гарсан ч мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч сэргээн засах эмчилгээ хийлгэх ёстой. Халдвар авч эдгэсэн хүмүүс эмнэлгээс гарсны дараа ч хэвийн байдалдаа орох, багахан алхахаар ядардаг тул хэвтмээр л санагддаг. Хэрэв хэвтсээр байвал таны дархлаа сэргэхгүй. Иймд бага багаар хөдөлгөөн хийж, дархлаагаа дэмжих хэрэгтэй. Жишээ нь, ороо хураах, алхах, шатаар өгсөх, йог хийх зэрэг бага багаар дасгал, хөдөлгөөн хийснээр хөл гарын булчин нэмэгдэж, уушгины амьсгалын эрчим нэмэгддэг. Үрэвсэлд өртсөн уушгийг хэвийн байдалд нь оруулахын тулд амьсгалын дасгал хийх булчингийн үйл ажиллагаа оруулсан дасгал хийх нь зүйтэй. Ингэснээр үрэвсэлд өртсөн уушги дахин хэвийн амьсгална.
-Сэргээн засах, нөхөн сэргээх эмчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Covid-19-ийн дараах сэргээн засах эмчилгээ нь хэд хэдэн төрөлтэй. Нэн түрүүнд, хөдөлгөөн эмчилгээ, дараа нь хөдөлмөрийн эмчилгээ болон физик эмчилгээ гэсэн аргыг хэрэглэдэг. Сэргээн засах эмчилгээ нь өөрөө багийн эмчилгээ. Сэргээн засах эмчилгээний эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, нийгмийн ажилтан бусад мэргэжлийн эмч зэрэг багаас бүрдэнэ. Эдгээр эмчийн зөвлөгөө, хяналтад хүмүүс нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх ёстой.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
"ДЭЛХИЙН МИСС"-ИЙН ТАЙЗ МИНИЙ ХҮҮХЭД НАСНЫ МӨРӨӨДӨЛ"
"NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор уран нугараач, мисс бүсгүйг онцолж байна. Түүнийг А.Бөртэ-Үжин гэдэг. Тэрбээр гоо сайхны олимп гэгдэх "Дэлхийн мисс-2021" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Үндэсний ялагч миссээр тодорсон юм.
Мисс А.Бөртэ-Үжин Соёл урлагийн их сургуулийг бүжгийн багш мэргэжлээр төгсчээ. Тэрбээр одоо 23 настай. Мисс бүсгүй олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан бөгөөд гадаадад уран нугаралтаар аялан тоглолт хийж, эх орноо сурталчилдаг. Түүнтэй танилцсанаа хүргэе.
-“Дэлхийн мисс-2021″ тэмцээний Үндэсний ялагчаар тодорчээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Мэдээж сэтгэгдэл маш өндөр байна. Дэлхий дахинд цар тахал гарсан учраас Монгол Улсын хувьд хохирол багатай даван гарахын тулд аливаа тэмцээн уралдаан, үзвэр үйлчилгээ зохион байгуулахыг тодорхой хугацаагаар хориглосон. Тиймээс энэ жилийн "Miss world Mongolia" тэмцээнийг зохион байгуулаагүй. Би өнгөрсөн жил тус тэмцээний нэгдүгээр байр буюу үндэсний ялагчийн дараагийн байрт шалгарсан юм.
Тиймээс энэ жилийн "Дэлхийн мисс" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болсон. Миний хувьд баярлахаас илүүтэй өндөр хариуцлага хүлээж, илүү их хичээхээр бэлтгэлдээ аль хэдийнэ орсон.
Латин Америкийн "Пуэрто-Рико" арал дээр ирэх арваннэгдүгээр сарын 21-нээс эхний үйл ажиллагаа эхэлж, арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл болж, шилдгүүдээ тодруулна. Нэг сар гаруй дэлхийн 123 орны үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй танилцаж нөхөрлөнө. Зохион байгуулалтын хувьд сүүлийн таван жилийн тэмцээнд усны хувцасны төрлийг хассан байсан. Харин энэ жилээс энэ төрлийг нэмж байгаа юм билээ. Халуун арал дээр болж байгаа учраас.
-Үндэсний ялагчийг тодруулахад төсөл хамгийн чухал. Энэ жилийн ялагч ямар хүмүүнлэгийн ажид танилцуулсан бол?
-Би уран нугараач. Энэ чиглэлээрээ найзуудтайгаа хамтран уран нугаралт, сунгалтын студи байгуулсан. Студи маань үйл ажиллагаа явуулаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Бид тулгуур эрхтэний согог буюу хөлний гажигтай хүүхдүүдэд тусалдаг. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, хөдөлгөөн заслаар булчинг чангалж, хөгжүүлэх чиглэлээр бусдад туслахыг хичээж явна.
Мөн хүүхдүүдэд эрүүл мэндээс гадна сэтгэл зүйн зөвлөгөө тусламж үзүүлдэг. Энэ хүүхдүүдэд маш их дарамтаас гадна үе тэнгийнхэн нь ялгаварлан гадуурхах тохиолдол гардаг. Тиймээс бусдыг ялгаварлан гадуурхалгүй, бие биедээ тусалж дэмжих уриалгыг гарган ажиллаж байна. Удахгүй хүмүүнлэгийн үйл ажиллагааны видео маань цацагдах байх.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Холбоотой мэдээ