
Д.Одоос тодрууллаа.
-Хэдийнээс зам засварын ажил дуусах вэ. Ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байгаа вэ?
-Ирэх сарын1 гэхэд замын ачааллыг бууруулах зорилгоор хотын төвийн зорчих хэсгүүдийг нээнэ. Энэ хугацаанд гүйцэтгэгч компаниуд гэрээнд заасан хугацаандаа зам засварын ажлыг хийж гүйцэтгэхээр цаг сунган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хорооллын дундах замууд бүрэн засварлаж, замын их засвар ойролцоогоор 70 хувьтай байна. Гэхдээ зарим замын засварын ажил ирэх сараас эхэлнэ. Учир нь гүйцэтгэгч компанийн сонгон шалгаруулалтыг удахгүй дахин зарлана.
-Энэ онд нийслэлийн зам засварын ажилд хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бэ?
-Энэ жилийн тухайд нийслэлд дөрвөн эх үүсвэрээр замын ажил хийж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн тэрбум 650 сая төгрөг төсөвлөсөн. Энэ хөрөнгөөр нийт 10 ажил хийхээс нэг замаас бусдад нь гүйцэтгэгчийг шалгаруулж ажлаа төлөвлөсний дагуу хийж байна. Харин 100 айл Лхам худалдааны төвөөс “Жоби” барилгын материалын дэлгүүр хүртэлхи 300 метр замд гүйцэтгэгч олдоогүй байна. Хоёр дахь нь замын сангийн хөрөнгөөр барьж буй зургаан тэрбум 400 сая төгрөгийн өртөгтэй ажил. Энэ хөрөнгөөр гол гудамжууд, хороолол дундах зам болон тэмдэг тэмдэглээний ажил хийж байна. Үүнд Саппорагийн аюулгүйн тойрог, аюулгүйн тойргоос Гурвалжингийн гүүр хүртэлх замын шинэчлэл, Баян зүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөөнөөс Жанжин клуб хүртэлх 300 метр замын ажил ашиглалтад орж байна. Гурав дахь ажил нь он дамжин хийгдэж буй автозамууд юм. Баруун дөрвөн замаас X хорооллын уулзвар хүртэлхи энэ замын тухайд одоо Төмөр замын коллежоос баруун дөрвөн зам хүртэлх ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар урд хэсгийг нь хааж зам засварын ажил хийж байгаа. Энэ сарын 25 гэхэд дуусна.
Зам барилгын ажлын дөрөв дэх нь энэ жилээс цоо шинээр эхлүүлж буй эргэн төлөгдөх нөхцөлтэй зам барилгын ажлууд. Гүйцэтгэгч компаниуд өөрсдөө хөрөнгийг нь гаргаж ажиллаад дараа нь улсаас энэ мөнгөө гаргуулж авах юм. Нийтдээ 52,5 тэрбум төгрөгийн өртөгтэй 50 км замыг засварлаж ажил хийж байна. Үүнээс зарим замыг он дамжин гүйцэтгэх төлөвтэй байна.
-Зарим зам засварын ажлыг ирэх сараас эхлүүлэх талаар яригдаж байна. Энэ талаар?
-Тийм. Эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр тендэр нь зарлагдсан ч гүйцэтгэгч шалгараагүй учраас тендэрийг дахин зарлахаар болсон замын их засварын ажил хэд хэд бий. Удахгүй гүйцэтгэгч компаниуд шалгарсан хэдий ч он дамжин үргэлжлэх нь тодорхой. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Шар хадны зам. Энэ зам нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс жил бүр нөхөөс хийгээд явсан ч замын ачааллаа хүчрэхгүйд хүрсэн учраас заавал урсгал засвар хийх шаардлагатай байгаа.
-100 айлын автозамын дагуух тохижилтын ажлыг хэзээ гүйцэтгэж дуусах вэ?
-Жил гаруйн хугацаанд гүйцэтгэгчээр шалгарсан дөрвөн компанийг өнөөдөр /өчигдөр/нийслэлийн Засаг даргын шийдвэрээр тохижилтын ажлыг одоог хүртэл хангалтгүй гүйцэтгэж байна гэж үзэн, гэрээг цуцлахаар болсон. Хотын дарга хоёр ч удаа очиж, газар дээр нь байдалтай танилцсан учраас гэрээг цуцалж, дахин тендэр зарлаж, хохирлыг барагдуулах талаар үүрэг өглөө.
-Ойрын үед хүлээлгэж өгөх ямар зам засварын ажлууд байгаа вэ?
-Гурвалжингийн гүүрийн их засварын ажлын гүйцэтгэгч “НКВ” ХХК барилгын ажлаа тавдугаар сарын 1-нээс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар дам нурууны цутгалтын ажлууд бүрэн дуусч, ажлын явц 85 хувьтай байна. Мөн Баянбүрдийн уулзвараас Сүхбаатарын гудамж хүртэлх 0.5 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчээр “Заабар” ХХК ажиллан, явган хүний зам болон гэрэлтүүлэгийн ажлыг 90 хувьтай гүйцэтгэж байна. Их тойруу, Өлзий төвөөс Цагдаагийн гудамж хүртэлх 0,72 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчээр “Уорлд еруна” ХХК ажиллаж байгаа ба явган хүний замыг өнгөт хавтангаар хийх ажил 95 хувьтай байна.
Д.Долгор