Г.Сайханбаяр: Цэргийн алба бол албадлагын алба шүү дээ

Хуучирсан мэдээ: 2021.10.22-нд нийтлэгдсэн

Г.Сайханбаяр: Цэргийн алба бол албадлагын алба шүү дээ

Г.Сайханбаяр: Цэргийн алба бол албадлагын алба шүү дээ

Нийслэлд 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 21-нээс эхэлсэн. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан эхний ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулаагүй юм. Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагад цэргийн алба хаах 18-25 насны бүх эрчүүдийг хамруулахаар болсон. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр (2021.10.212) цэрэг татлагын байруудаар явж, ажлын явцтай танилцлаа.

ЦЭРГИЙН АЛБА ХААХ ХУГАЦААГ 1.6-2 ЖИЛ БОЛГОХ АСУУДЛЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНД
СУДАЛГАА ХИЙСНИЙ ҮНДСЭН ДЭЭР ШИЙДНЭ

Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯР:

-Энэ жилийн хувьд ихээхэн онцлогтой. Бүтэн нэг жилийн дараа цэрэг татлага явагдаж байна. Улсын хэмжээнд 18-25 насны цэргийн алба хаах нийт 190 мянган хүнд зарлан дуудах хуудас очсон. Өмнөх жилүүдтэй харьцуулахад залуучууд цэргийн алба хаах эрмэлзэлтэй, эх орноо гэсэн сэтгэл өндөр байгаа нь ажиглагдлаа. Цэргийн алба хаахын давуу талууд нэмэгдсэн.  Цэрэгт явснаар цэргийн болон энгийн мэргэжил эзэмшинэ. Үргэлжлүүлэн гэрээт алба хаах, төрийн албанд ажиллах боломж нээгдсэн. Мөн энэ жилээс эхлэн цэргийн албанд хамрагдсан оюутнуудад онлайн сургалтад хамрагдах боломж олгож байна. Цаашлаад хугацаат цэргийн албанаас халагдаад ирэхэд ажлын байр бэлэн, эсвэл хуучин ажлын байрыг хадгалахыг анхааруулж байгаа. Эдгээр ажлуудыг хийснээр цэргийн албаны нэр хүнд өсч, залуучуудад үр өгөөжтэй, алба хаах сонирхол нь нэмэгдэнэ.

Цаг үетэйгээ уялдуулан зэвсэгт хүчний алба хаагчид төрөөс даалгасан ажил үүргийг биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Төмөр замын бүтээн байгуулалт, Дархан хотын замын ажил, намрын ургац хураалт гээд олон ажилд хугацаат цэргүүд, мэргэжлийн офицер, ахлагчид, оюутан, сонсогч нар оролцож байна. Цаашлаад сайжруулсан түлшний түүхий эд тээвэрлэх ажлыг цэргийн тээвэрчид хийж гүйцэтгэж байгаа юм.

Мөн Монгол Улсын иргэн бүр эх орноо хамгаалах үүрэгтэй. Энэ үүргийн бэлтгэж өгөх үүрэг нь Батлан хамгаалах яаманд байдаг. 1990 оноос өмнөх үетэй харьцуулахад цэргийн дайчилгааны бэлтгэл, бүрэлдэхүүний тоо хэмжээ жил ирэх тусам буурч байна. Хугацаат цэргийн алба хаах залуучуудын тоо багассан. Иймд хэрэгцээтэй үед бэлэн байх цэргийн бэлтгэл бүлгийн нөөц, тоо хэмжээг зохистой хэмжээнд байлгах шаардлагатай. Харин хуучин цаг шиг бүх хүнийг цэргийн алба хаалгах замаар коммунизмын хэлбэрт шилжиж байгаа гэх иргэдийн ойлголт маш өрөөсгөл, буруу юм. Цэргийн алба бол албадлагын алба шүү дээ.

"ҮЗЛЭГТ ХАМРАГДСАН ЗАЛУУСЫН 1 ХУВИАС ХАЛДВАР ИЛЭРЧ БАЙНА"

Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын товчоог ахалж буй, тус дүүргийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаас халдварын нөхцөл байдлын талаар тодрууллаа. 

Г.ЧИНЗОРИГ:

-Цэрэг татлага 21-нээс 24-ний өдөр буюу нийт дөрвөн өдөр үргэлжилнэ. Энэ хугацаанд гэр болон эмнэлгийн тусгаарлалтад байгаа, зарлан дуудах хуудас авсан залуучуудыг эдгэрч гарсных нь дараа цэрэг татлагад хамруулна. Мөн цэрэг татлагад хамрагдахаар үзлэгт ирж байгаа залуусаас халдвартай нь тогтоогдвол буцаах буюу эмнэлгийн байгууллагад шилжүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийт үзлэгт хамрагдсан иргэдийн 1 хувиас халдвар илэрч байна. Энэ нь 500 хүн тутмын 3-5 нь Covid-19-тэй гэсэн үг юм.

БХЯ-НЫ БАЙРАНД ЦЭРГИЙН АНГИТАЙ ХОЛБОХ 24 ЦАГИЙН ТУСГАЙ ДУГААР БАЙНГА АЖИЛЛАНА

Сүүлийн нэг жилийн хугацаанд цэргийн алба хаагч нартай холбоотой сөрөг мэдээлэл их гарах болсон. Цэргийн дэглэлтээс болоод хугацаат цэрэг амь насаа алдах, тахир дутуу болох, бусдын ам насанд халдах зэрэг онц ноцтой гэмт хэрэг цөөнгүй  гарсан. Энэ нь хүүхэд залуусыг цэргийн алба хаах сонирхлыг бууруулахад хүрдэг.  Энэ асуудалд БХЯ болон Зэвсэгт хүчний жанжин штабаас хэрхэн анхаарч байгааг тодруулахад "Цэргийн алба хаахаар очсон залуучууд энгийн иргэдтэй харьцуулахад хуулиар 13 эрхээ хязгаарлуулж, нэг жилийн хугацаанд цэргийн мэргэжил эзэмшдэг. Энэ хугацаанд харилцааны зөрчил гаргуулахгүй байх, сахилга батыг сайжруулах, цэргийн бие махбод, сэтгэл санааны өөрчлөлтөд анхаарал хандуулахаар цэргийн бэлтгэл албанд ЦЭРГИЙН АНГИЙН ДӨРВӨН СТАНДАРТ мөрдүүлж, хяналт тавьж байгаа" тухай дуулгав. Цэргийн ангийн дөрвөн стандартад:

-Бага, дунд  цэргийн ахлах, ахлах офицеруудыг мэдлэг, ур чадвар, ёс зүйн түвшин тогтоох үзлэгт хамруулж, адистатчлал олгох,

-Цэргийн анги танхим бүрийг бүрэн камержуулах,

-Иргэний зөвлөл буюу иргэдийн төлөөллийг Сайдын дэргэд байгуулах,

-Цэргийн алба хаагчдыг гэр бүлтэй нь холбоотой байлгах үүднээс Батлан хамгаалах яамны байранд 24 цагийн, 1800-1144  тусгай дугаар байнга ажиллаж байна гэж салбарын сайд онцоллоо.

Г.ЭНХЖАРГАЛ
Гэрэл зургийг Д.МӨНХТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж