“Нэг удаагийн тариур хомсдсон, онгоцоор татан авна"

Хуучирсан мэдээ: 2021.10.22-нд нийтлэгдсэн

COVID-19

“Нэг удаагийн тариур хомсдсон, онгоцоор татан авна"

Эрээний хилийн боомтыг тодорхойгүй хугацаагаар Хятадын талаас хаасан. Тиймээс эмийн бөөний төвүүдэд нэг удаагийн тариур, олон төрлийн дусал тариа, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц дуусч, энэ төрлийн ачаа бараа хил дээр гацжээ. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм хангамжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Буяндэлгэрээс тодрууллаа.


-Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаасантай холбоотойгоор эмнэлгүүдэд нэг удаагийн тариур, эм тарианы нөөц дууссан мэдээлэл бий. Хил дээр гацсан ачаа барааг татан авах ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?

-Эрээний хилийн боомт тодорхойгүй хугацаагаар хаасан. Тиймээс хил дээр эм, эмнэлгийн хэрэгслийн ачаа бараа саатсан нь үнэн. Холбогдох байгууллагууд энэ асуудлыг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна. Жишээлбэл, Тяньжин боомт дээр саатсан ачааны тоо хэмжээг эм ханган нийлүүлэх байгууллагаас авч, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яамаар дамжуулан шуурхай татан авалт хийж, эхнээсээ оруулж ирж байна.

Мөн Эрээн боомтоос газраар ачаа тээвэр орж ирэхгүй байгаа ч вагон болон онгоцоор татан авахаар ажиллаж байна. УОК-оос шуурхай үүрэг өгсний дагуу Эрүүл мэндийн сайд С.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг гарч, аль аль боомтуудад хэдэн тоннын чингэлэг ачаа саатав, тэр дундаа эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж нь хэд байна вэ гэсэн судалгаа гаргасан. Өнөөдөр 17.00 цагаас Эрүүл мэндийн сайд С.Энхболд Шадар сайд С.Амарсайханд энэ судалгаагаа танилцуулж, ажлын төлөвлөгөөгөө батлуулна.

-Хэчнээн хилийн боомтод хэдэн төрлийн ачаа бараа гацаад байна вэ. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Нэг удаагийн тариур, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хомсдож байна. Дуслын шингэнийг дотоодын хоёр үйлдвэр ажиллаж, бүх шатлалын эмнэлгүүдээ хангадаг. Одоо эмнэлгүүдийн үйл ажиллагаа хэвийн, дуслын шингэний нөөцтэй байна. Одоогийн байдлаар 10 гаруй компанийн 20-40 тоннын чингэлэг ачаа хил дээр гацаад байна. Эхний ээлжид хил дээр гацсан 6-7 эм ханган нийлүүлэх компанийн ачаа барааны мэдээллийг нэгтгэж, Шадар сайдад танилцуулна. Цар тахлын эсрэг эмчилгээнд хэрэглэдэг бусад эм, тариа тасраагүй.

-Эм, эмнэлгийн хэрэгслийн ачаа бараа хил дээр гацсан нь үнэд нөлөөлөх үү. Танай байгууллагаас үнийн хяналт тавих уу?

-Одоогийн байдлаар эм ханган нийлүүлэх байгууллагуудаас эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ нэмэгдсэн гэх мэдээллийг өгөөгүй. Цаашид Эрээний боомтыг хэр хугацаанд хаах нь тодорхойгүй байгаа учраас үнийн асуудал яригдах байх. Ер нь дэлхий нийтээрээ эм, эмнэлгийн хэрэгслийн хэрэглээ ихэссэн учраас нөөцийн асуудал үүссэн. Монгол Улсын хувьд жиижиг зах зээлтэй учраас энэ төрлийн ачаа бараагаа бага багаар татан авч байсан. Энэ асуудал Эрээний хил хаагдсанаар бүр их нэмэгдэж байна.

-Цахим орчинд хувь иргэд цар тахлын эсрэг эм бэлдмэлийг худалдан борлуулж байна. Үүнд хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Манай газрын Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны хэлтэс энэ чиглэлээр хяналт тавьж ажиллаж байгаа. Шуурхай зохион байгуулалт хийж цар тахлын эсрэг эм, бэлдмэлийг хуурамч эсэхийг тогтоон, холбогдох хууль хяналтын байгууллагад хүргүүлж буй.

Түргэвчилсэн тестийн хувьд манайхаас найман үйлдвэрлэгчийн тестийг зөвшөөрч, тусгай лиценз олгосон. Ингэхдээ түргэвчилсэн тест нь 90 хувиас дээш мэдрэг чанартай байх ёстой. Цар тахлын үед халдварт өвчнийг шинжлэх учраас маш өндөр шалгуур тавьдаг. ХӨСҮТ-ийн лабораторит шинжлүүлж, бичиг баримтын үнэлгээ хийлгэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж