УИХ дээр төсвийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Урьд өмнө байгаагүй 18 их наяд гэх том тоотой төсвийн төслөөс манай гишүүдийн акцилж, амбицалж байгаа ганцхан асуудал шинээр байгуулагдах хоёр яамыг “авах” сайд нар нь давхар дээлтэй байх эсэх тухай. Н.Алтанхуяг гишүүний зүгээс гурван ч Шадар сайдтай байх санаа гаргасан ч МАН-ын дэмжлэгийг авч чадаагүй. Харин МАН-ын бүлгийн гишүүд дунд заавал “давхар дээлтэй байх ёстой” гэх байр суурийг ч илэрхийлэх хүн цөөнгүй байлаа. Гол нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр давхар дээлтэй сайд нарын тоог заагаад өгчихсөн болохоор эцэг хуулийг шинэчлэхгүйгээр УИХ-ын гишүүд давхар дээл нөмрөх боломжгүй. Өнгөрсөн 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн, батлаж байхдаа үнэмлэхүй олонх үүнийг тооцох ёстой байв. Давхар дээл нөмрөх эсэх нь мэдээж дараагийн асуудал. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд бөөн хэлэлцүүлэг өрнөнө, хэрүүл талцал ч болох байх. Гэхдээ эхлээд улсын төсвөө хуульд заасны дагуу ирэх сарын 15 гэхэд батлах ёстой.
Уг нь, бөөн тоон дунд төсвийн хулгай хэр их нуугдаж байгааг УИХ-ын гишүүд хяналт тавиад гаргаад ирэх ёстой юм л даа, даанч Засгийн сайдууд нь ирэх онд хэн хэдийг үрэхээ, УИХ-ын гишүүд нь тойргийн дөрвөн тэрбумаас өөрийг бодож байгаа шинжгүй. Ирээдүйн өв сангийн мөнгийг ирэх оноос үрнэ гээд улсын төсөвтөө оруулаад ирэхэд уншсан , анзаарсан хүн алга.
Бүдүүн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “18 нас хүртлээ хүүхдийн мөнгөө огт аваагүй хүн 20 гаруй сая төгрөг хуримтлуулах боломжтой. Байгалийн баялаг ард түмэндээ хүрч байгаа хэлбэр нь хүүхдээрээ дамжъя гэж байгаа. Тиймээс Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулаад зөвхөн хүүхдийн мөнгө хуримтлуулахад зарцуулна” гэж. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлэхдээ тус сангийн нийт үлдэгдэл 2.4 их наяд. Энэ мөнгийг ямар ч тайлбараар зарцуулах ёсгүйг Сангийн сайд Б.Жавхланд сануулсан. Атал нөгөө “би үхэхээр чи үх” гэдэг шиг нэг ёсондоо ирээдүйгээсээ зальдаж амьдрахаар шийдчихэж, манай Засгийн газар.
Байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд тэгш хүртээх үүднээс Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2016 оны хоёрдугаар сард батлуулсан. Хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд хэрэв хуульд өөрчлөлт оруулахгүйгээр, байгалийн баялгийн орлогоо хуримтлуулж чадвал 2075 онд Ирээдүйн өв сан 175 тэрбум ам.долларын хуримтлалтай болохоор тооцож байв.
Эрдсийн орлогын тодорхой хэсгийг ирээдүй хойч үеийн ашиг тусын тулд гадаад хөрөнгөнд оруулан хуримтлал үүсгэхээр төлөвлөсөн Ирээдүйн өв сангийн тухай хуулийг Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх санаачилан батлуулсан байдаг.
Хууль батлахдаа сангийн хөрөнгийг удирдахад хараат бус, ил тод байхаар суулгаж өгсөн. Тухайлбал,
Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, албан тушаалтнаас нөлөөлөхгүй, зааварчилгаа өгөхгүй байх;
Хуульд зааснаар сонгон шалгаруулах, томилох, гэрээ байгуулах ажиллагааг зохион байгуулахад төрийн байгууллага, албан тушаалтнаас аливаа хэлбэрээр нөлөөлөхгүй байхаас гадна Ирээдүйн өв санд хуримтлагдсан мөнгөөр дотоодын бус гадаадын төслүүдийг санхүүжүүлэх бөгөөд цэрэг, зэвсэг, хар тамхи, мансууруулах бодис, тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, тэдгээрийн худалдаа, хуулиар хориглосон бусад үйл ажиллагаанд хөрөнгө оруулахгүй гэж тусгайлан хуульчилжээ.
Гэтэл цар тахал, эдийн засгийн хямралаар далимдуулж Ирээдүйн өв сангийн мөнгийг Засгийн газар “гар дүрэх”-ээр болчихлоо. Энэ талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нүүр номдоо байр сууриа илэрхийлэхдээ “Ирээдүйн өв санд хуримталсан хөрөнгийг зарцуулахаар төсөвт тусгажээ. Ирээдүйдээ өр биш өв үлдээх хуулиа ингэж зөрчиж болох уу!!!” гэсэн байна.
Монгол Улс нэг сая гаруй хүүхэдтэй. Сар болгон 100 мянган төгрөгийн халамж авдаг. Тэгэхээр Сангийн сайдын тайлбарласнаар өнөөдөр дөнгөж төрж буй нэг хүүхэд 18 жилийн дараа 20 гаруй сая / мөнгөө огт авахгүй гэвэл/ төгрөг авна гээд тооцохоор Ирээдүйн өв сан биш ирээдүйн өрийн сан үүсэх нь. Үндсэндээ Ирээдүйн өв сангийн хөрөнгө ирээдүй хойчийн ашиг тусад биш Ардын намын амалсан халамжид зарцуулагдахаар болж байна.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ