FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоог Монголын өсвөрийн охидын багт тохиолдсон бэлгийн дарамт, бие махбодын хүчирхийллийн хэрэг дээр авсан арга хэмжээ, шийтгэлээ олон нийтэд ил тод мэдээлээгүй гэж шүүмжилжээ.
Монголын 15 хүртэлх насны охидын багийн менежер асан Б.Учралсайхан Өмнөд Солонгост болсон зүүн Азийн хөлбөмбөгийн наадмын үеэр багийнхандаа бэлгийн дарамт үзүүлж, биед нь халдсан нь тогтоогдсон учир FIFA-гаас шийтгэл хүртсэн. Харин Б.Учралсайхан бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэдгээ үгүйсгэсэн юм.
FIFA-гаас Б.Учралсайханд 10 жилийн хориг оногдуулсан.
"Fifpro" буюу Олон улсын тоглогчдын холбооноос Их Британийн “The Guardian”-д өгсөн тайлбартаа “Хувь хүнд шийтгэл оногдуулах нь хангалтгүй. Энэ салбарын мэргэжилтнүүд байнга л клуб, шигшээ багуудтай явж байдаг. Энэ нь хүчирхийлэгчдэд боломж олгож байна. Тиймээс тамирчдаа хамгаалахын тулд бид санаа зовоосон хүмүүсээ нэн даруй түдгэлзүүлж, энэ тухай мэдээллийг олон нийтэд нээлттэй болгодог систем хэрэгтэй. Хэрэв мөрдлөг явагдсаны дараа хувь хүн шийтгэл амссан бол үүнийгээ олон улсад өргөжүүлж, бүртгэх ёстой. Тоглогчид, клубууд, лигүүд, холбоод өөрсдийгөө болон хариуцлага үүрэх хүмүүсээ хамгаалахын тулд эдгээр бүртгэлд нэвтрэх боломжтой байх ёстой” гэжээ.
Б.Учралсайханы хэрэг дээр Монголын хөлбөмбөгийн холбоо мөрдлөг явуулж, 2019 оны наймдугаар сард хөлбөмбөгтэй холбоотой бүх үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хассан билээ. Үүнээс гурван сарын дараа Азийн хөлбөмбөгийн холбоонд энэ талаараа мэдээлж байв.
Энэ хэргийн талаар хамгийн анх Монголын 15 хүртэлх насны охидын багийн ахлах дасгалжуулагч Кавамото Наоко мэдэж, Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Азжаргалд захидал илгээсэн юм. Тэрбээр захидалдаа багийнхан Солонгост байрлаж бэлтгэл хийх үеэр Б.Учралсайхан охидод бэлгийн дарамт үзүүлж, биед нь халдсан гэж бичжээ. Түүний захидал Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагуудад очсоноос долоон хоногийн дараа Б.Учралсайханы халагдах тушаал гарсан ч арваннэгдүгээр сар хүртэл ажлаа хийсэн сурагтай.
Б.Учралсайхан өөрийн цахим хуудастаа FIFA-гийн ерөнхийлөгч Жианни Инфантинотой уулзсан зургаа хийн, "FIFA-гийн хамгийн том босс ирлээ. Түүнтэй таван минут ярилцах боломж олдов” хэмээн тайлбар бичжээ. Энэ талаар FIFA-гийн хэвлэлийн төлөөлөгч ярихдаа “Инфантино байнга л дэлхий даяар аялж, олон хүнтэй уулзаж байдаг. Хувь хүмүүстэй зургаа даруулсан гээд тэднийг дэмжиж байгаа үйлдэл биш” гэжээ.
Хэрэг явдлын дараа холбооны дэд ерөнхийлөгч Х.Азжаргал 15 болон 17 хүртэлх насны шигшээ багуудын тамирчдын эцэг, эхтэй уулзаж, уучлалт гуйжээ. Нэрээ нууцалсан нэгэн хохирогч охины хэлснээр Х.Азжаргал болсон явдлын талаар гадагш задруулахгүй байхыг охидод анхааруулсан аж. Харин Х.Азжаргал өөрөө энэ бүхнийг үгүйсгэсэн юм.
Холбоотой мэдээ