Хазаруудын үхэл, амьдрал хаана залбирахаас нь шалтгаалж байна

Хуучирсан мэдээ: 2021.10.22-нд нийтлэгдсэн

Хазаруудын үхэл, амьдрал хаана залбирахаас нь шалтгаалж байна

Хазаруудын үхэл, амьдрал хаана залбирахаас нь шалтгаалж байна

Кабул хотод үлдсэн хазаруудын нэг, 23 настай Хусейн Рахими сүмд очиж залбирахаар гэрээсээ гарах бүрдээ амьд эргэж ирэх эсэхдээ эргэлздэг учир үргэлж Исламын шашны богино хэмжээний шүлэг "Калима"-г уншиж, тэнгэр бурхнаасаа ивээл хүсдэг болжээ.

Тэрбээр "Би айж байна. Манай гэр бүлийнхэн ч сүмд очихдоо үргэлж айж байна" гэж ярьжээ. Хазарууд афганистанчуудын багагүй хувийг бүрдүүлдэг ч бусдаас арай өөр, шийт урсгалын шашинтайгаасаа болж хамгийн их адлуулж, хүчирхийлэлд өртсөөр ирсэн билээ.

Сүүлийн хоёр ч долоо хоногт дараалан Исламын улс бүлэглэлийн амиа золиослогч нар Исламын шийт урсгалын сүмүүдэд халдаж, 100 гаруй хүнийг хороосон байна. Тиймээс зарим хазарууд өдгөө сүмд очиж залбирахаас татгалзаж эхэлжээ.

Афганистанд хазаруудыг эрт дээр үеэс олон шалтгаанаар ялгаварлан гадуурхсаар ирсний зөвхөн нэг нь шашин юм.

1996-2001 онд Талибан төрийн жолоог атгаж байх үед хазарууд хамгийн ихээр гадуурхагдаж, олон мянгаараа амь үрэгдэж байлаа. Мөн хожим 2015 оны эхэн үеэс Исламын улс бүлэглэл Афганистанд идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлснээр шийт шашинтнуудыг илүү өргөн хүрээнд хядаж эхэлсэн байдаг.

Шийт шашныг жинхэнэ Исламын шашин биш гэж үздэг суннит урсгалын дайчид тэдний сүм, хийд, олон нийтийн цуглардаг газруудад амиа золиослогч илгээн, халдлага үйлддэг болсон нь өдгөө Ирак, Афганистан зэрэг орнуудын доройтлын гол шалтгаануудын нэг болжээ.

Хүн амын тооллогын сүүлийн үеийн нарийн тодорхой мэдээлэл байдаггүй ч Афганистаны нийт хүн амын 10-20 хувийг перс хэлээр ярьдаг тажик, пуштун, хазара зэрэг шийт шашинтнууд эзэлдэг гэх ерөнхий тооцоо бий. Зөвхөн шашнаас гадна хазарууд Афганистаны улс төр дэх угсаатны болон эдийн засгийн өрсөлдөөнд үргэлж золиос болон нүд үзүүрлэгддэг аж.

Өнгөрсөн тавдугаар сард Кабулын дунд сургуульд бөмбөг дэлбэрэхэд бага насны олон охин амиа алдсаны дотор Рахимийн 12-р ангийн сурагч дүү байжээ.

Талибууд уг нь наймдугаар сард Кабул хотыг эзэлж, төрийн эрхийг гартаа авахдаа бүх үндэстний цөөнхүүдийг эрх тэгш хамгаална гэдгээ амалж байсан ч хэрэг дээрээ алан хядлага үргэлжилсээр байгаа юм.

Кабулын их сургуулийн компьютерийн шинжлэх ухааны ангийн оюутан Рахими дүүгийнхээ зургийг барьсаар сэтгүүлчдэд "Биднийг гэрээсээ гадуур байхад гэрийнхэн минь үргэлж утасдан хаана байгааг асууж, хурдан харихыг сануулдаг. Бидний хувьд маш аймшигтай цаг үе үргэлжилж байна" гэж ярьжээ.

Тэрбээр дэлхийн исламын шашинтнуудын хамгийн чухал чуулган болох Баасан гаригийн мөргөлд очихын тулд сэтгэл зүрхээ чангалан бэлдсээр байгаа аж.

ШАХИДЫН ЦЭЦЭРЛЭГ

Зөвхөн Кабул хотод гэхэд 400 гаруй шийтийн сүм байдаг ч дараагийн халдлага яг хаана нь болохыг хэн ч тааж мэдэхгүй тул аль ч сүмд аюулгүй байх боломжгүй болжээ.

Өмнөх халдлагуудад нэрвэгдэгсдийг дэмжихээр ажиллаж буй их сургуулийн профессор Мохаммад Бакер Сайед "Манай нийгэмлэг удахгүй болох мөргөлийн үеэр Герат, Кабул сүмүүдэд халдлага болж магадгүй гэж таамаглаж байна. Гэхдээ өөр хаана ч амиа золиослогч нэвтрэхийг үгүйсгэх аргагүй" гэж хэлжээ.

Их Монгол гүрний байлдан дагуулагч Чингис хааны аян дайнтай түүхийн холбоотой гэж эрдэмтдийн үздэг перс хэлтэй хазарууд Афганистаны хүн амын бүрэлдэхүүнд пуштун, тажикуудын дараа орохуйц гурав дахь том угсаатны бүлэгт тооцогддог.

Гэвч "Төмөр Амир" гэгч Абдур Рахман 19-р зуунд орчин үеийн Афганистан улсыг байгуулахаар сэтгэл шулуудан, тэр зорилгоо тун хэрцгий аргаар гүйцэлдүүлсэн гэдэг. Тэгэхдээ Афганистаны төв хэсгийн нутгуудад суурьшиж байсан олон мянган хазарыг газар нутгаас нь хөөн зайлуулснаас болж тэд уугуул нутаггүй, хавчигдан гадуурхагдаж, хаа сайгүй дарангуйллын золиос болсоор ирсэн түүхтэй.

Амиа золиослогчдын халдлагад өртсөн маш олон хохирогчийг Кабул хотын "Шахидын цэцэрлэг" хэмээх тусгай оршуулгын газарт нутаглуулсан байна. Тэнд өмнө нь сургуулийн дэлбэрэлтэд амь үрэгдсэн хохирогчдыг оршуулж байв.

Дэлбэрсэн сургуулиас хэдхэн метрийн зайд байрлах эмнэлэгт ажилладаг, халдлагыг өөрийн нүдээр гэрчилсэн Асиф Лали гэр бүлийнхэнтэйгээ хэсэг хугацаанд залбирал, мөргөл, сүмээс хол байхаар шийджээ. Тэр “Бид одоо бүх зүйлээс айж байна. Зам хөндлөн гарах хүртэл бидний хувьд маш аюултай болжээ” гэж ярьсан байна.

Кабул дахь шиит хазара гэр бүлүүдийн нэгэн адил тэр ч гэсэн үхэл хагацлаас ангид хоцорсонгүй. Наймдугаар сард афган дүрвэгчид АНУ-ын цэргийн онгоцонд багтахаар үймцгээж байх үед болсон амиа золиослогчийн халдлагад тэрбээр дотны дүүгээ алджээ.

Өмнөх засгийн газрын үед шийтүүдийн бүлгүүдэд лалын сүмээ хамгаалах зорилгоор сургалт зохион байгуулж, зэвсгээр хангадаг байсан бол өдгөө тэр тогтолцоог талибууд устгаж, олон мянган шийтийг эрсдэлтэй байдалд оруулжээ.

Талибаны эрх баригчид өнгөрсөн долоо хоногт шийт сүмүүдийн хамгаалалтыг чангатгахаа амласан ч хазаруудыг олноор нь устгаж, дайсагнасаар ирсэн тэдний үгэнд олон түмэн төдийлөн итгэхгүй байгаа аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж