Италийн гүйгч Андреа Маркато “Шри Чинмойн өөрийгөө-ялах 3100 милийн гүйлт”-ийн тэмцээнд 42 өдөр 17 цаг 38 минут 38 секундын хугацаанд гүйж, аравдугаар сарын 17-нд зайгаа дуусган түрүүллээ. Өдгөө 39 настай түүний 3100 миль зайд гүйсэн энэ жилийн амжилт дэлхийд гуравдугаарт эрэмблэгдэж байгаа юм.
3100 миль нь ойролцоогоор 4989 км урт зай.
Өдөрт дунджаар 72 миль (116 км) орчим гүйдэг тэрбээр Италийн хэт холын гүйлтийн дээд амжилт эзэмшдэг ба Швейцарийн Цюрих хотод цагаан хоолны хүнсний үйлдвэрт ажилладаг аж. Андреа Маркато нэгэн ярилцлагадаа "Арван өдрийн гүйлтэд оролцсоныхоо дараа нэг сарын турш мэдэрсэн сэтгэл ханамж, дотоод амар амгалан, баяр баясал нь дэлхийн хамгийн холын зайн гүйлтэд оролцох урамшлыг надад төрүүлсэн" гэж хэлсэн байдаг.
Гүйлтийн үед тэрбээр өдөрт 10 мянга орчим калоритай хоолыг гүйж юм уу алхаж байхдаа бага багаар иддэг байв. Өдөрт ойролцоогоор 18 цаг гүйжээ.
Андреа Маркато энэ гүйлтийн хугацаанд нийт 15 хос пүүз хэрэглэсэн ба өдөрт гурван удаа арван минутаар хөл дээрээ мөс тавьж хөргөж байв. Цагаан хоолтон түүний гол хүнс авокадо, тарвас, мандарин, жүрж, бор будаа, квиноа, Сагаган, жигнэсэн ногоо юм. Шингэн дутагдахаас сэргийлж ус болон наргил модны ус их хэрэглэдэг байсан. Гүйлтийн явцад түүний жин 10 кг-аар хасагдсан.
Шри Чинмойн “Өөрийгөө-ялах 3100 милийн гүйлтийн тэмцээн” АНУ-ын Нью-Йорк хотноо есдүгээр сарын 5-нд эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 26 хүртэл үргэлжилнэ. Тэмцээнийг 52 хоногоор барина.
Зорилгодоо хүрэхийн тулд 3100 миль (4989 км) зайг 52 хоногийн турш оролцогчид өдөрт дунджаар 59.6 миль (96 км) буюу хоёроос дээш марафон гүйх ёстой. Энэ нь нийт 118 марафон тасралтгүй гүйсэнтэй тэнцэнэ. Энэхүү тэмцээнийг "Хэт холын гүйлтийн Эверестийн оргил" гэдэг.
1953 оноос хойш Эверестийн оргилд 4000 гаруй хүн гараад байгаа бол 3100 милийн гүйлтийг 24 жилийн хугацаанд ердөө 49 хүн дуусгаад байна. Энэ жил долоон орны долоон элит гүйгч дэлхийн хамгийн холын зайн баталгаажсан гүйлтийн тэмцээнд өрсөлдсөн.
Шинэ Зеландад төрсөн эмэгтэй гүйгч 46 настай Харита Дэвис (АНУ) энэ тэмцээнд оролцож байна. Тэрбээр энэ хурдаараа үргэлжлүүлбэл аравдугаар сарын 25-ны Даваа гаригийн орой барианд орно. Өдгөө 58 настай Тайванийн гүйгч Ло Вэй Мин аравдугаар сарын 23-ны Бямба гаригт хоёроор барианд орох төлөвтэй байна. Шаахайтай гүйдэг тэрбээр Тайванийн гүйлтийн ертөнцөд рок од гэдгээрээ алдартай.
Васу Дужи (Орос) одоогоор гуравт яваа. Такасуми Сеноо (Япон) уралдааны сүүлчийн буюу 52 дахь өдөр амжиж барианд орно гэсэн найдвартай яваа. Бусад тамирчид Украин гаралтай Стутишель Лебедев, Словакийн Ананда-Лахари нар юм.
25 дахь удаагийн 3100 милийн гүйлтийн тэмцээн нь 0.5488 милийн тойрог замаар явагдаж байна.
3100 милийн уралдааныг Энэтхэг гаралтай сэтгэл зүрхний багш, тамирчин, хөгжимчин Шри Чинмой (1931-2007) 1997 онд анх санаачлан зохион байгуулсан. Тэрбээр өөрөө олон марафон, хэт холын тэмцээнд оролцож байсан. Тэр олон өдрийн гүйлтийн ашиг тусын талаар"Өөрийгөө-Ялах” гэдэг жинхэнэ аз жаргалтай байхад нь хүн төрөлхтөнд хэрэгтэй цорын ганц зүйл юм. Гадаад байдлаар гүйгчид маш их бэрхшээл туулдаг ч эдгээр гүйлтүүд нь тамирчдад маш их тусалдаг. Тэмцээнээ дуусгаад тэд маш чухал нэгэн зүйл хийснээ мэдэрдэг” гэж тайлбарласан байдаг.
Дашрамд дурдахад, энэ жилийн 3100 милийн тэмцээнд хэт холын гүйлтийн тамирчин Б.Буджаргал оролцохоор албан ёсоор бүртгүүлсэн ч Covid-19-ийн вакцины улмаас оролцож чадаагүй. Өдгөө АНУ-д бэлтгэлээ хийж буй тэрбээр ирэх жил Монголоо төлөөлж тус тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа юм.
Холбоотой мэдээ