Эрээний хил хаагдсан сургаар зах, худалдааны төвүүдэд нарийн ногоо, жимс, тахианы махны хомсдол үүсч эхэлсэн талаар бид та бүхэнд мэдээлж байсан. Хил хаагдаад өнөөдөр ес хонож байна. Ес хоногийн дараа хүнсний ногооны гол худалдааны төв "Барс"-ыг дахин зорилоо.
НАРИЙН НОГОО ДУУССАН!
Цагийн сайханд өглөө эрт Замын-Үүдийн галт тэрэгтэй уралдан "Барс" захыг зорьж, жимс жимсгэнэ, нарийн, бүдүүн ногоогоо иргэд хямдхан үнээр авчихдаг байлаа. Гэтэл одоо хэдийд ч очсон хаалттай саарал хаалга, хоосон лангуу угтдаг болов.
“Жимс жимсгэнэ, нарийн ногооны бөөний төв” гэх хаалгаар орвол Европоос ирсэн бололтой хэдэн алим, гадил өржээ. Өөр нарийн ногоо гэх зүйл тэнд байсангүй.
Худалдагч Д.Оюунаа ярихдаа “Нөхцөл байдал хүнд байна. Оросоос л жимс орж ирж байна. Нарийн ногоо үнэндээ алга. Лангуугаа таг хаачихгүйн тулд польш алим, орос усан үзмээ зарж байна. Хил хаагаад 10 хонож байна. Манайхаас нарийн ногоогоо аваад сурчихсан газрууд их бий. Ресторануудын зарим хоол нарийн ногооны хомсдлоос болоод гарахгүй байгаа гэсэн. Жимс жаахан байгаа” гэв.
Мөн хил хаагдсанаас гадна тээврийн зардалтай холбоотойгоор барааны үнэ өссөнийг ч онцолж байлаа. Түүний хувьд урд хилээс ачаа, бараагаа татах гэсэн боловч тээврийн зардал нь 40 гаруй сая төгрөг болсон тул татаж авч чадаагүй аж.
"ХИЛ, ГААЛЬ ОНГОЙХГҮЙ БОЛ ХЯТАД, СОЛОНГОС, ЕВРОП РЕСТОРАНУУД ХААГДАХ БАЙЛГҮЙ"
Хоол үйлдвэрлэлийн салбар Эрээний хил хаагдсантай холбоотой уналтад орсон. Гадаад, дотоодын том сүлжээ ресторан, түргэн хоолны газруудаас эхлүүлээд жижиг цайны газруудын ч хоолны цэс хумигдаж, жорноос нарийн ногоо ор тас "алга" болжээ.
Энэ талаар нарийн ногооны худалдагч Б.Соргосүрэнгээс тодруулахад “Манайх солонгос ресторануудад нарийн ногоо нийлүүлдэг. Одоо бүр юу ч байхгүй болсон. Жаахан ч олдохгүй байна. Бүдүүн гэгддэг өргөн хэрэглээний ногоогоороо л аргацааж байна. Хил, гааль онгойхгүй бол хятад, солонгос, европ ресторанууд хаагдах байлгүй. Эрэлт маш их байна. Нэг машин орж ирлээ бол дороо дуусна. Нэг машинд мянга гаруй хайрцаг юм ирдэг. Чадалтай газрууд Бээжингээс галт тэргэнд ачих боломжтой. Гэхдээ одоо хүйтэрчихсэн, замдаа олон хоног явдаг учир хөлдөх аюултай. Монголд цөөхөн газрууд өргөст хэмх, улаан лооль тариалж, нийлүүлж байна” хэмээн хариуллаа.
Төмс, лууван, манжин, байцаа, сонгино тэргүүтэй монгол ногооны нөөц, борлуулалт хэвийн байгааг худалдаачид хэлж байв. Монгол ногоо худалдаачдын хувьд Эрээний хил хаагдсан нь ямар ч нөлөө үзүүлээгүй аж.
УЛСЫН ХЭМЖЭЭНД 90 ГАРУЙ ГА ХҮЛЭМЖ БАЙГААГААС 27 ГА НЬ ӨВЛИЙН ХҮЛЭМЖ
Монголд нарийн ногоо тариалалт, үйлдвэрлэлтийн орчин нөхцөл сайн биш учир бид импортоос дутуугаа нөхөж байна. Ялангуяа манайд өвлийн хүлэмж дутмаг. Улсын хэмжээнд 90 гаруй га хүлэмж байгаагаас 27 га нь өвлийн хүлэмж.
Энэ 27 га талбайд Монгол Улс нийт нарийн ногооны хэрэгцээнийхээ дөрөвний нэгийг тариалдаг. Үлдсэнийг нь импортоор авч байгаа гэх судалгаа бий. Үүний улмаас л хил хаагдахад нарийн ногоо тасарч байгаа аж.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн Хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун өвлийн хүлэмжийн талаар “Асуудлыг шийдье гэвэл бидэнд 50 га өвлийн хүлэмж шаардлагатай. Хөрөнгө оруулалт их шаардах учир эхний ээлжид 20 га өвлийн хүлэмж барих төлөвлөгөөтэй байна. Голландын Засгийн газартай хамтран ирэх хавраас өвлийн хүлэмж барья гэж ярилцаж байна. Мөн Хятадын талд энэ асуудлыг тавьсан” гэв.
"Барс" зах дээр бараагаа цуглуулж явсан жимс, нарийн ногооны жижиглэнгийн худалдаа эрхлэгч Ө.Тэрбишийн хэлснээр, үндэсний үйлдвэрлэгчид ногооны үнээ өндөр тогтоодог байна. Тэрбээр “Бараа ховор учир эрэлт хэрэгцээ их байна. Худалдагчид хоосон суухгүй, лангууныхаа түрээсийг төлөхийн тулд үнэтэй ч гэсэн юм аваад л сууж байна. Бүх л жижиглэнгийн худалдаачин жимс, ногоогоо "Барс"-аас авдаг. Одоо гадил зардаг боллоо. Үнэ нь 65-120 мянга болж өссөн. Олдож байгаа нарийн ногооны үнэ ч өссөн. Өргөст хэмх 18 мянгаар олдвол их юм" гэж ярив. Олон жил жимс, ногооны худалдаа эрхэлж буй Ө.Тэрбиш хүнсний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдал гэдгийг онцолж байлаа.
Хүнсний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг учир бид аль нэг улсын хилийн боомтыг царайчлах бус, өөрсдөө дотооддоо нарийн ногоо, жимс жимсгэнэ тариалах нэн шаардлагатай үе иржээ. Эрээний хил эргэн нээгдсэн ч дахин хаагдахыг үгүйсгэхгүй. Мөн дотоодын цөөн хэдэн үйлдвэрлэгч, худалдаачид ч ард түмнээ шийтгэж байгаа мэт барааныхаа үнийг огцом нэмэх нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.
Холбоотой мэдээ