"Монголбанк АТМ шиг ажиллаж байна" | News.MN

"Монголбанк АТМ шиг ажиллаж байна"

Live"Монголбанк АТМ шиг ажиллаж байна"

 

18 : 35
2021-10-22

"Монголбанк АТМ шиг ажиллаж байна"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдийн саналыг сонсов.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ: 

-Хүнд хэцүү цагт мөнгөний бодлого маш чухал. Онцгой анхаарах ёстой. Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хэрэгжээгүй үлдсэн хөтөлбөр бий юу. Сүүлийн жилүүдэд гадаад валютын нөөц хурдтай буурч байна. Одоо ямар шатандаа явж байна. Ирэх жилүүдэд ямархуу төсөөлөлтэй байна. Мөнгөний бодлогын хүүг 6 хувьд барилаа. Цаашид яах вэ. Инфляци 9.9 хувь хүрч өслөө. Энэ бол худлаа тоо байх. Инфляци иргэдэд хүнд тусч байна. Монголбанк хараат бус ажиллаж чадаж байна уу? Сүүлийн үед АТМ шиг ажиллаж байна. Валютын ханш 2850 болж өслөө. Ардчилсан намын үед валютын ханш 1750 хүрэхэд салаавч гаргадаг байсан. Гэтэл тэр үед салаавч гаргаж байсан хүмүүс койн гаргаад явж байна.

Инфляци тогтвортой байвал мөнгөний бодлогын хүүг 6 хувьд барина

Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН: 

-Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг 2017-2019 онд хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөр 80-90 хувьтай хэрэгжсэн гэж Монголбанкны зүгээс үзэж байна. Багахан асуудал үлдсэн нь банкны салбарт 2017 онд Банкны системийн активын чанарын үнэлгээг хийлгэсэн. Үр дүнд нь хэсэг банкинд өөрийн хөрөнгө нэмэх зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Энэ дагуу тухайн банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага хүргүүлж байсан. 2019 онд  өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадаагүй нэг банк (Капитал)-ийг татан буулгаж байсан. Бусад банкны тухайд тодорхой хэмжээний өөрийн хөрөнгөтэй. Үүнд нягтлан магадлах ажлыг хийж байсан. Өнөөдрийг хүртэл зарим банк хангаж чадаагүй, боломж олгож байна. Банкны системийн хөтөлбөрийг хэрэгжүүлж шинэчлэлт хөгжүүлэлт хийж, ирэх оноос хөрөнгийн бирж дээр хувьцаат компани хэлбэрт шилжиж байна. Хоёрдугаарт, өнөөдрийн байдлаар валютын нөөц дөрөв тэрбум орчим байна. Энэ нь манай улсын импортын 7.8 орчим хувь, сарын хэрэгцээг хангахаар нөөц. Энэ нь хангалттай боломжийн хэмжээнд гэж харж байна. Хилийн гацаанаас үүдэн орлого тасарч, өсч байсан нөөц зогсонги байдалд орсон. Мөнгөний бодлогын хүүг 6 хувьд хадгалахаар шийдвэрлэсэн. Дараагийн хурал арванхоёрдугаар сард болно. Хэрэв инфляци тогтвортой байвал бодлогын хүүг энэ түвшинд хадгална гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд инфляци 9.6 хувьтай байна.

15 : 59
2021-10-22

"Төрийн албанд ажилласан туршлага, монгол хэлний мэдлэг ч яригдана"

“Сумын Засаг даргаар ажиллахын тулд заавал хоёр жил оршин суух албагүй”

УИХ-ын гишүүн Д.БАТТУЛГА:

-Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Улс төрийн бүх албан тушаалтан салбараа мэддэг, төрийн албанд ажиллаж үзсэн хүмүүс байх нь зөв. Гэхдээ сум, дүүргийн орлогч Засаг дарга байхын тулд заавал тухайн газарт хоёроос доошгүй жил амьдарсан байх гэж заажээ. Заавал ийм шаардлага байх ёстой юу?

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:

-Төрийн албанд тавигдах тусгай шаардлагын хүрээнд тухайн албан тушаалд ажиллая гэж бодож байвал орон нутагт хоёр жил оршин суу. Бидэнтэй хамтж байж зовлоон жаргалыг нь ойлгооч гэдэг л асуудал тавьж байгаа юм. Хуулийн төслийн хүрээнд энэ заалтыг тусгасан. Бидний томъёолсноор хоёроос доошгүй жил гэж тусгасан. Цаашид УИХ засч өөрчлөх нь бүрэн эрхийн хүрээний асуудал.

УИХ-ын Дэд дарга Т.АЮУРСАЙХАН:

-Аймаг, сум дүүргийн Засаг даргаар томилогдохын тулд тухайн аймагт хоёроос доошгүй жил оршин сууна гэдэг чадавх, зарчим, ёсзүйтэй нь яаж нийцэх вэ? Үүнийг бодолцож үзэх шаардлагатай. Яагаад гэвэл, Орон нутгийн сонгуулийн тухай хуульд тухайн орон нутагтаа оршин суудаг байх гэх заалт байсан. Үүнийг сүүлд засч байсан. Сум, дүүргийн Засаг дарга болохын тулд зөвхөн тэр сумандаа л ажиллана гэсэн заалт байна шүү дээ. Боловсон хүчнийг шилж сонгодог Монгол Улс сайн туршлагаараа үеийн үед явж ирсэн.

УИХ-ын гишүүн Ж.БАТЖАРГАЛ:

Хуулийн төслийг үзэл баримтлалын тухайд дэмжиж байна. Зарим зүйл заалтуудыг эргэн харах шаардлагатай. Төрийн албаны нийтлэг шаардлага ёсзүйн л асуудал. Тэгэхээр зохицуулалт хийх арга байхгүй юу. Төрийн албанд ажилласан жилээр тодорхой туршлага тавьж байна. Мөн тусгай шаардлагуудад хариулт авъя. Төрийн өндөр албан тушаалтнуудад тавигдаж буй шаардлага баг, сум дүүргийн Засаг дарга нарт тавьдаг нийтлэг шаардлагатай эн тэнцэж байгаа юм. Үүнийг юу гэж ойлгох ёстой вэ?

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:

-Төрийн албанд тавигдаж буй нийтлэг, тусгай шаардлага нь Төрийн албаны тухай хуулиар төрийн захиргаа, үйлчилгээний албан хаагчдад тавигдаж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл төрийн өндөр албан тушаалтнуудад нийтлэг шаардлага тавигдаж байгаагүй. Иймд  улс төрийн өндөр албан тушаалтанд ч бас төрийн албаны нийтлэг шаардлагыг оруулж ирэх ёстой гэх үүднээс энэ хуулийн төслийг санаачлаад байгаа юм. Мөн цаашид 11 тусгай заалт мөрдөгддөг болно. Тухайлбал, төрийн албанд ажилласан туршлагаас эхлээд монгол хэлний мэдлэг, ёсзүйн асуудал яригдаж байгаа юм. 


Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлах саналт хурааж, 50 гишүүний 40 нь дэмжсэнээр эцэслэн баталлаа.

УИХ-ын гишүүн Ц.ИДЭРБАТ:

-Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Хууль санаачлагчийн танилцуулгаас харахад 3600 гаруй төрийн албан хаагчид хамаатайг хэлж байгаа юм. Үүний дийлэнхийг багийн Засаг дарга нар эзэлж байна. Багийн Засаг дарга нарын асуудал яригдаж байна. Хэрэв хууль батлагдсан цагаасаа хэрэгжиж эхэлбэл тавигдаж буй шаардлагыг хэрхэн яаж тодорхойлох вэ? Үүнээс болж төрийн хамгийн анхан шатны нэгж болох баг дээр нэлээн асуудал үүсэх байх шүү. Энийг хэн тодорхойлох вэ? Гаж зуршилтай гэдгийг юу гэж үзэх вэ? Хуулийн төсөлд тусгаснаар тамхи татдаг бол гаж зуршилтай гэж хэлэх үү? Энэ мэт хуулийн зүйл заалтуудад хариулт авъя. Ер нь төрийн албаны тухай хуульд анхан шатанд маш хүндрэлтэй зүйлүүд үүсч байна. Орон тоо сулардаг, тэнцсэн зарим нь цалин голоод гардаг, хэн нэгэнд давхар хариуцуулдаг хийдэл үүсдэг. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулиа нийтэд нь авч үзвэл дээр биш үү?

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:

-Төрийн албаны тухай хуулийн 40.1 асуудлыг уг нь зааж өгсөн юм. Тус хуулийн 11.1, 11.3-т заасан төрийн албан хаагчийн ёсзүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор тогтооно. Тусгай хууль гэсэн заалт байхгүй. УИХ-аас Төрийн албан хаагчийн ёсзүйн хариуцлагын тухай хууль боловсруулж байгаа. Улс төрийн албан тушаалтнуудын хэм хэмжээг тусгах ёстойг хуульд тусгасан. Өнөөдөр 3600 гаруй албан тушаалтнаас томилогддог нь 2600. Тэгэхээр дийлэнх нь томилогддог албан тушаалтан байгаа юм. Цаашид Монголын төрийг хүчтэй байлгах үүднээс анхан шатаас өндөр албан тушаалтан хүртэл хуульчилж, хариуцлагын асуудал яригдаж байж шийднэ.

УИХ-ын гишүүн Г.МӨНХЦЭЦЭГ:

-Ард түмэн 3600 хүнийг Монголын төр л гэж харж байгаа. Төр ёс суртахуунтай байх, төр өөрөө дархлаатай байх, төр чанартай байхыг ард иргэд биднээс үргэлж шаарддаг. Энэ ч үүднээс тус хуулийн төсөл зөвхөн төрийн 3600 хүнд зориулсан гэхээс илүүтэй төрийн ёс  суртахуун, хэм хэмжээг заасан хууль байх ёстой гэж харж байна. Тиймээс хуулийн төслийг дэмжиж байгаа юм.

“Засгийн газрын гишүүд огцрох эсэх нь салбарынхан мэдэх асуудал”

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуулийн төсөлтэй холбогдуулан “Хэчнээн дэд сайд огцрох вэ?” гэж хууль санаачлагчаас асуулаа. Үүний хариуд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Хуулийн төсөл нь улс төрийн албанд шинэчлэлт хийх, албан тушаалд шалгуур тавих, цаашлаад Монгол төрийг тасралтгүй шинэчлэх, төр төгөлдөрших процесс зөв болоосой гэх үүднээс санаачилсан. Магадгүй тухайн албан тушаалтнуудыг томилж буй томилгоо эрүүл зөв тунгалаг байх ёстой. Өнөөгийн нөхцөл байдлыг хуульд тусгахгүй бол болохгүй нь. Хуулийн төсөлд төрийн өндөр албан тушаалтнуудад заасан тусгай шаардлагуудын нэг нь мэргэжлийн байх. Ажилласан дадлага туршлагатай байх. Энэ шаардлага хэн нэгэнд зориулагдаагүй, Монголын төрд зориулсан. Мэргэжлийн Засгийн газар бүрдүүлэх хэрэгцээ шаардлага байна. Өнөөдөр томилогдсон Засгийн газрын сайд нараас хэн нь мэргэжлийн, хэн нь мэргэжлийн бус гэдгийг салбарынх нь хүмүүс мэднэ. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг цаашид томилдог байж мэргэжлийн сайд, гишүүд томилогдох мэргэжлийн засгийн газар бүрдэх нөхцөл үүснэ гэж харж байгаа. Хууль батлагдсанаар эрүүл зөв улс төрийн тогтолцоо бүрдэх байх гэж бодож байна” гэлээ.

УИХ-ын гишүүдийн саналыг авч, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж хэлэлцэж дууслаа.

Гишүүд санал, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Г.АМАРТҮВШИН:

-УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн өргөн барьсан хуулийн төслийг цаашид бусад гишүүдийн өргөн барьсан хуультай хамтатгаж хэлэлцүүлэх нь дээр биш үү гэсэн санал байна.

УИХ-ын гишүүн Ё.БААТАРБИЛЭГ: 

-Төрийн албанд болон төрийн захиргааны жинхэнэ албанд улсын хэмжээнд төрийн албаны зөвлөлөөс өгсөн мэдээллээр маш олон орон тоонд боловсон хүчний дутагдалтай, орлон гүйцэтгэгч нар тавьсан, зарим ажил мэргэжлийн ажилласан шаардлага нь хангагддаггүй албан тушаалуудад хавсран гүйцэтгэдэг асуудлууд байна. Эрүүл мэнд, боловсролын салбарт маш олон жил ажилласан, эдийн засгийн бусад салбарт ч бас төрийн захиргааны жинхэнэ албанд яам Тамгын газруудад ажилд орох бүх боломжийг өнөөдрийн хэрэгжиж буй хуулиар хаасан. Яагаад гэвэл тэр улсууд захиргааны албан тушаалд жинхэнд албанд ажиллаж байгаагүй гэдэг. Өнөөдөр ярьж буй чадавхид суурилсан мэргэжил боловсролоор дээшилсэн хүмүүсийг ажиллуулах зайлшгүй шаардлагатай тул хуулийн төсөлд оруулсан. Салбартаа ажиллаж байсан боловсон хүчнийг төрийн захиргааны байгууллагад нээж өгөх шаардлагатай.

УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН: 

-Хуулийн төсөл бол төрийн албыг цэгцлэх маш чухал нөлөөтэй. Харамсалтай нь цар тахлын хуулийг батлан төрийн албыг зарим газар дампууруулж байна. Сонгон шалгаруулалтгүйгээр үүрэг гүйцэтгэгч томилдог, мэргэжлийн бус хүн томилдог, Төрийн албаны хуулийн мерит зарчим алдагдсан. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын өргөн барьсан хуулийн төслийг тодруулбал, 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуульд рист хийгээд байгаа юм. Төрийн албыг тогтвортой байлгах чиглэлд мерит зарчмыг авсан хууль байгаа юм. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хуулийг харахаар дүйцүүлэх албыг оруулж ирж байгаа юм. Ингэснээр төрийн албыг тогтворгүй болгох гээд байна. Тодруулбал, хуулийн төслийн 23.3.3 бол дүйцүүлэх заалт. Төрийн алба шатлан дэвжих тогтолцоогоор явж байхад хэн нэгэн зэрэгцэн дүйцэж орж ирэх гээд байна. Ингэхээр л шатлан дэвжих тогтолцоог үгүй болгох гээд байна. Төрийн албыг удирдах албан тушаалтнуудад Засгийн газраас хараат бус болгох гэж ийм заалт оруулсан. Төрийн албыг хараат бус болгох заалтыг өөрчилж байгаа юм. Харин дэмжиж болохоор заалт нь, төрийн албаны шалгалт жилд нэг байх заалтыг өөрчилье гэдэг нь болж байна. Жилд хоёр удаа төрийн албаны шалгалт авч болно. Үүнээс илүү хэрэггүй. Бусад хуулийн төсөл нь 2017 онд батлагдсан хуулиас илүү тогтворгүй болгоход чиглэгдсэн байна. Иймд дүйцүүлэх болон хараат бус болгох тухай хоёр заалтын талаар асууя.

УИХ-ын гишүүн Ё.БААТАРБИЛЭГ: 

-Хоёр талтай зүйлийн нэг талыг нь л барьж яриад байна. Хууль өөрөө гурван асуудлыг хөндөж байна. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нэг заалтыг нь л барьж авч, хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж яриад байна. Үүний цаана хоёр заалт бий. Нэгдүгээрт, шалгалтын давтамжийг ойртуулъя, маш их хүнд сурталтай байна. Их, дээд сургууль хүртэл жилд хоёр төгсөлт хийж байна. Шалгалт байнга байж болно. Шатлан дэвших гэдгийг та юу гэж ойлгож байгаа юм бэ. Яагаад мэргэжлийн хүн ажиллаж болохгүй гэж. Нийт 200 гаруй ажилтны 170 мянга нь төрийн албан хаагч. Тэгэхээр улс төрийн албан тушаалтныг хасвал хасч болно шүү дээ. Энэ хуулийн төслийг өргөн барьсан нь төрийн захиргаа гэдэгт адилхан хаалгыг нь нээх л зорилготой.

Хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэхэд хариуцлагыг хослуулах ёстой

УИХ-ын гишүүн Б.БАЯРСАЙХАН:

-2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны хууль төрийн албыг тогтвортой, улс төрөөс хараат, хариуцлагатай байлгах сайн хууль болсон нь үнэн. Гэхдээ энэ хууль амьдрал дээр яаж хэрэгжиж байгааг мэдэрсэн. Тиймээс өнөөдрийн хуулийн төслийг дэмжиж байна. Мерит зарчмыг гуйвуулж ойлгоод байдаг. Газар, хуулийн хэлтсийн дарга нар өөрсдөдөө 98 хувийн үнэлгээ өгдөг. Ямар нэгэн үйлчилгээнд иргэд сэтгэл хангалуун байгаа юу гэвэл бодлого боловсруулж буй төрийн үйлчилгээнд иргэдийн үнэлгээ байдаггүй. Үүнээс болоод хуульд ажил хийсэн ч, хийгээгүй ч 15 жил болчихвол удирдах албан тушаалд очих боломж бүрдээд байна. Иймд санал дэвшүүлэхэд, хөгжингүй орнууд ямар шийдэл өгсөн юм бэ. Жишээ нь, Японд бодлого боловсруулж, яаманд ажилласан хүнээ эргүүлэн гаргасан бодлого шийдвэр нь хэрхэн хэрэгжиж байгааг харуулах зорилгоор багшаар таван жил ажиллуулж байна. Төрийн албан хаагчаа сэлгүүлэн ажиллуулдаг шийдэлтэй. Монголд яаманд ирсэн л  ажил хийхгүй байсан ч бол эргүүлэн хэн ч халдаж чадахгүй гэсэн хандлага байна. Иймд мерит зарчмаа хэр үнэлж байна, хариуцлагаа яаж тооцох вэ гэдэг асуудлаа давхар чангатгахгүй бол хууль амьдрал дээр хэрэгжихгүй байгаа юм.

УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:

-Гадаадад их, дээд сургууль төгссөн мундаг мэргэжилтнүүдийг урьж яам, тамгын газарт яагаад ажиллуулж болохгүй юм бэ. Салбарт салхи оруулахгүй бол болохгүй. Тойроод л хэдэн дарга нар, ээлжлээд л дарга болж байдаг. Хуульд салхи оруулах цаг нь болсон. Тэгэхээр хуулийн төслийг дэмжиж байна.

УИХ-ын гишүүдээс санал авсны дараа хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал хураалтаар 31 гишүүн дэмжиж, Төрийн байгуулалтын Байнгын хороонд шилжүүллээ.

15 : 07
2021-10-22

"Төрийн алба иргэдэд биш, эзэндээ үйлчилдэг болсон"

Эзэндээ үйлчилдэг төрийн албаны хамгийн том хохирогч нь Ардчилсан нам

УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:

-Энэ бол маш чухал хуулийн төсөл. Дэмжихээс ч өөр аргагүй. Төрийн албан хаагчийн тоо 206 мянгад хүрсэн нь данхар бүтэцтэй байгааг харуулж байна. 2016 онд төрийн албанд 170 мянга гаруй хүн байсан санагдаж байна. 2012-2016 онд ажиллаж байсан хүнийг ажлын огноо, намын харъяаллаар нь халсан. Нийт 30 мянган хүнийг хомроглон халсан. Энэ бол Монголд Төрийн албан хаагчийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагуудын нэг гэж харж байна. Төрийн албанд чадваргүй, хэн нэгний дэмжлэгээр ажиллаж буй хүн олон. Мөн нутгархах байдлаар ханддаг байдал төрийн албанд хавтгайрсан. Хуулийн үзэл баримтлалын шаардлагад, төрийн алба иргэдэд үйлчилдэг гэж байгаа. Эсрэгээрээ төрийн алба иргэдэд биш, эзэндээ үйлчилдэг болсон. Үүнийг хэрхэх зорилгоор хууль санаачлагчид хуульд тусгасан бэ? Үүний томоохон хохирогч Ардчилсан нам. Тамга тэмдэгтэй холбоотой асуудал бидний дотоод хагаралд байгаа юм биш. Хэн нэгэн зарим хүмүүстэй хуйвалдаж буй хүмүүсийн өргөдлөөр төрийн алба нь эзэндээ үйлчилдэг ганц хоёр албан хаагчид дугаар олгож шийдвэр гаргаснаас л болсон. Цаана нь нөгөө хүмүүс хамгаалдагтай холбоотой. Энэ асуудлыг өнөөдөр зайлшгүй ярих шаардлагатай болж байгаа юм. Ялангуяа улс төрд томилогдож буй албан тушаалтнууд ажлаа мэддэг ажлынхаа төлөө, эх орныхоо төлөө сэтгэл гаргадаг хүн ховор болсон юм билээ. Өөрт ашигтай байдлаар, хууль гацаадаг болсон юм билээ. Салбараа мэддэггүй хүн томилсноос л иргэдийн төрдөө итгэх итгэл байхгүй, төрийн нэр хүнд уначихаад байна.

    Төрийн алба доройтсон нь ёсзүйгүй, мэдлэггүй улс төрчидтэй холбоотой

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:

-УИХ-ын гишүүн Ц.Тувааны асуултад хариулъя. Энэ оны есөн сарын байдлаар нийт 206 мянган төрийн албан хаагч байна. Үүнээс  улс төрийн 3600, төрийн захиргааны 20650, төрийн тусгай албанд 45453, төрийн үйлчилгээний албанд 136 мянган хүн ажилладаг. Төрийн алба бүх ард түмний төлөө үйлчлэх ёстой. Нийтийн эрх ашгийн сонирхолд үйлчлэх ёстой. Төрийн алба нэг талдаа нийгмийн алба юм. Өнөөдөр Монголын нийгэмд улс төрийн алба илүү давамгайлж, нийгмийн албаас итгэлийг нь хөсөрдүүлэх болох маягтай байна. Тэгэхээр иргэд өөрсдөө үйлчлүүлэх ашиг сонирхлоо хамгаалуулах гэж сонгодог. Иймд шаардлага тавихаас өөр арга байхгүй. Монгол төрийн алба сүүлийн 10 жилийн дотор чадвар нь доройтож байна. Улс төрийн албан тушаалтнууд нь зарчимгүй, ёсзүйгүй, мэдлэг боловсролоороо ч тэнцэхгүй байна. Иймд бодлогын гажуудал, тогтолцооны алдаанд өөрчлөлт хийх ёстой гэж харж байна.

Дөрвөөс дээш жил ажиллаагүй олон хүн ажлаас гарах эрсдэлтэй

УИХ-ын гишүүн А.АДЪЯАСҮРЭН: 

-Төрийн болон улс төрийн албан тушаалд аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, хот тосгоны захирагчийн ажлын албан тушаалаас эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл бүх албан тушаалтан багтдаг. Эдгээр албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалтанд тавигдах нийтлэг шаардлагаас өөр зүйл байдаггүй. Иймд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн барьсан хуульд улс төрийн албан тушаалтанд тавигддаг тусгай шаардлагуудыг оруулж ирснийг зөв гэж үзэж, энэхүү хуулийн төслийг дэмжиж байна.

2019 онд олонхын бүлэг Цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталснаар Төрийн албаны тухай хуулиар төрийн албан тушаалд ажиллах хүмүүст тавигддаг тусгай шаардлагууд юу ч биш болсон. Энэ нөхцөлд та нарын өргөн барьсан хууль хэрэгжих боломжтой гэж үзэж байна уу? Үүнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 23.2.1, 23.2.3-т заасан Төрийн албан тушаалтанд тавих тусгай шаардлагаыг хангаагүй төрийн албан хаагчдын тоог гаргаж үзсэн үү? Хууль мөрдөгдөж эхлэхээр хуулийн тусгай шаардлагад заасан дөрвөөс дээш жил ажилласан шалгуурыг хангахгүй маш олон хүн ажлаас гарах байх. Эдгээр хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Хуулийн төсөл батлагдсан өдрөөсөө хэрэгжинэ

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН: 

-УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн асуултад хариулъя. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2019 онд баталсан. Тус хуулийг тэр үед цар тахлын нөхцөл байдлын үед зайлшгүй баталсан. Энэ хууль хэрэгжээд хоёр жил боллоо. Хуулийн зохицуулалтыг эргэн харах цаг болсон. Хуулийн үйлчлэлийн хүрээнд төрийн албанд алба хаагч нарыг ямар нэгэн шалгуур, зохицуулалтгүй томилдог  асуудал хавтгайрч байна. Би цаашид Цар тахлын хуулийн үйлчлэлийг зогсоох, бусад хуулийн хүрээнд зохицуулагдах, Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөж төрд томилгоо хийдэг байдлыг зогсоох хэрэгтэй. Төрийн албаны тухай хуулийн 23.2.1, 23.2.3-т зааснаар түшмэлийн албанд наймаас доошгүй жил ажилласан байх ёстой гэж заасан 23.2.3-т түшмэлийн ахлах албан тушаалд наймаас доошгүй жил ажилласан байх гэж заасан. Ийм албанд шаардлага хангаагүй хэчнээн албан хаагч байгаа тухай тоон мэдээлэл алга. Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжинэ. Үүнээс цааш тусгай шаардлагууд мөрдөгдөнө.

14 : 25
2021-10-22

"Шаардлагыг сонсоод 200 мянган төрийн албан хаагч шоолно шүү"

УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Улс төрийн албан тушаалтнуудад тавигдах шаардлага энэ цаг үед бий. Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд дэмжигдвэл анхаарах зүйлүүд байна. Би УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Оюунчимэг нартай санал нэг байна. Нийтлэг тавигдаж буй шаардлага нь тунхаглалын шинжтэй. Үүнийг сонсоод 200 мянган төрийн албан хаагч шоолно. Гаж зуршил гэж юу юм бэ, хэн тодорхойлох вэ. Гаж зуршилгүй гэдгийг хэн тодорхойлох юм бэ, зан төлөвийн доголдолгүй байхыг хэн тодорхойлох вэ?

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнд хэлэхэд, аймаг сум, нийслэлийн засаг дарга нарт тодорхой шаардлага байдаг юм. Төрийн албанд 3-4 жил ажилласан байх, наад тал нь бакалаврын зэрэгтэй байх гэх мэт шалгуур бий. Харин хууль хэрэгжсэнээр сайд нар зөвхөн хуульч, эрхзүйч мэргэжилтэй хүмүүс байх ёстой гэж ойлгож байна. Энэ зөв үү? Боловсролын яаманд зөвхөн багш мэргэжилтэй л хүн байх юм байна. Өөр хүн боловсролын сайд хийж болохгүй юм байна. Зарчмын хувьд дэмжиж байна. Хэлэлцүүлгийн шатанд анхаарах ёстой.

Улс төрийн албанд шинэчлэлт хийх шаардлагатай

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН: 

-Төр авч явж буй алба хаагчдынхаа эрх ашгийг хамгаалах үүднээс хуулийн өөрчлөлтийг тухайн улс төрийн албан тушаалтнуудад шалгуур шаардлагыг тавих шаардлагатай гэж харж байна. Улс төрийн албан тушаалтнуудад нийтлэг шаардлага байхгүй. Тухайн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан хүнийг мэргэжлийн гэж харж байага юм. Уриа лоозон тунхагийн хэмжээнд байгаа салбар хуулийн хэмжээнд алга. Жишээ нь уул уурхай, эрчим хүчний салбарт дөрвөөс доошгүй ажилласан мэргэжлийн хүн байх ёстой. Мэргэжлийн Засгийн газар бүрдүүлэх үүднээс ийм шаардлага тавьж байна. Цаашид улс орны том эрх ашгийг харж, улс төрийн албанд шинэчлэлт хийх шаардлагатай.

УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН: 

-Өргөн барьсан асуудал нь зарчмын хувьд зөв. Гэхдээ миний харж байгаагаар Төрийн албаны тухай хуульд биш Засгийн газрын, нутгийн захиргааны хуульд тусгах ёстой. Улс төрийн алба хаагчдын харилцааг Засаг захиргааны болон Нутаг дэвсгэрийн тухай нэгжийн хуулиар зохицуулж байгаа юм. Үүгээр зохицуулах нь зөв. Нэгэнт өргөн барьж, түүнийг нь хэлэлцүүлж байгаа учраас энэ хуулийг хэлэлцэх эсэхийг нь дэмжих хэрэгтэй. Хуульд янз бүрийн шаардлага тусгахаа болих хэрэгтэй. 23.1, 23.2 заалтыг авч болно. Орон нутгийн засаг даргыг заавал сумандаа ажилласан байх ёстой гэж зааж болохгүй. Гаднаас мэргэжлийн чадвартай хүн ажиллаж болно. 

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:

-Төрийн албанд тавигддаг нийтлэг бүх шаардлагыг улс төрийн албан тушаалтнуудад тавья. Дээр нь ёсзүйн хэм хэмжээтэй холбоотой асуудлыг хуульд нэмж тусгая. Хуулийн төсөлд ёсзүйн хэм хэмжээтэй шалгуур шаардлага тавья. Монгол төрийг хүчтэй байлгах үүднээс сууринаас нь эхэлж байна гэж та бүхэн ойлгож болно.

     Хуулийн төсөл чухал асуудлыг хөндсөн, зарчмын хувьд дэмжиж байна

УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТ: 

-Хуулийн төслийн зүйл заалтууд Төрийн албаны ёсзүйн хууль, сонгон шалгаруулах хуулийг Засгийн газрын санал асуулгыг авхуулахаар өргөн барьсан. Ажлын хэсэгт хэлэлцэх юм. Зарчмын хувьд хуулийн төслийг дэмжиж байгаа. Хэлэлцэх шатанд “бөөс түүх” ажил байгаа. Хуулийн төслийг дэмжиж байна. Цаашид төрийн албыг ёсзүй сахилга баттай болгох нь чухал. Төр төлөөлж суучихаад дадлага хийгээд байж болохгүй. Хуулийн төсөл бол чухал асуудлыг хөндсөн. Төрийн байгууллагыг чадварлаг, хүнд сурталгүй, ёсзүйтэй, хариуцлагатай  байх хэрэгтэй. Төрийн албанд намчирхдаггүй, нээлттэй байх талаар хуулийн төсөлд тусгаж байгаа юм.

УИХ-ын гишүүн Г.АМАРТҮВШИН:

-Хувь хүний зан төлөвийг хуульчилж болох юм уу. Ерөнхий томъёололтой шалгуур оруулчихаар дараа нь томилох болохоороо нээнтэглэж, хэрэгтэй хүмүүс нь ажиллаж чадахгүй нөхцөл байдал үүсэх вий. Зарчмын хувьд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн өргөн барьсан хууль болон Төрийн албаны тухай хуулийг нэгтгэж хэлэлцэх шаардлагатай биш үү.

УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТ:

-УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй санал нэг байна. Төрийн албаны тухай хууль, сонгон шалгаруулалтын тухай хууль зэрэг асуудлуудаа нэгтгэж хэлэлцэнэ. Харин хувь хүний зан төлөвтэй холбоотой асуудлаар хэлэхэд, жишээ нь, жендерийн мэдрэмжтэй байх гэдэг асуудлыг бид ямар шүүлтүүрээр шүүх юм. Бие даасан гэдэгт хариуцлага хүлээсэн чадвартай байх гэдэгт тухайн нэр дэвшигч нь хангаж байгаа эсэхийг ямар шалгуураар хэн тогтоох вэ зэрэг асуудлууд байна. Энэ асуудлыг цаашид ажлын хэсгээр ярина. Зарчмын хувьд хуулийн төслийг дэмжинэ.

13 : 17
2021-10-22

"Салбартаа хүлээн зөвшөөрөгдөөгүй, мэргэжлийн бус сайд нар бий"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.

-Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны тавдугаар сарын 21-ний өдөр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нарын хамт УИХ-д өргөн барьсан болно. Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудлуудын нэг болох төрийн алба хаагчид, улс төрийн алба хаагчдын ёсзүйн хариуцлагын асуудлыг хөндөн хууль эрхзүйн харилцаа зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай гэж хууль санаачлагчийн зүгээс үзсэн болно.

Өргөн барьсан хуулийн төслийн хүрээнд улс төрийн албанд шинэтгэл хийх, тухайн томилогдох албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг тавьж, улс төрийн албан тушаалтны мэдлэг, ур чадвар ёсзүйн хариуцлага нэхэгдэх улмаар төрийн бодлого, залгамж чанар, үйл ажиллагааны үр дүнг сайжруулах боломжтой гэж үзэж байна.

Төрийн байгуулалтын Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.

-Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Төрийн байгууллагын байнгын хорооны аравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Хууль санаачлагч улс төрийн албан тушаалтанд тавигдах шаардлагыг хуульд тусгах, төрийн баталсан бодлогын баримт бичгийг хангах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна.

Төрийн албан тушаалтанд тавигдах шаардлагыг хуульчилснаар улс төрийн алба хаагчийг ур чадвар, мэдлэг дээшлэх, ёсзүй хариуцлагагүй байдал зэрэг сөрөг үр дагаварууд багасна гэж үзжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үед гишүүдийн олонх буюу 60 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн болно. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн

  • Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Монгол Улсын засаг захиргаа, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Засаг захиргаа, түүний нутгийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье гэв. 

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хууль санаачлагчид хариулт өглөө.

Хуулийн төсөл техникийн хувьд хангалтгүй, эргэн харах шаардлагатай

УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:

-Хуулийн төсөлтэй танилцсан. Техник талаасаа шаардлага хангахгүй. Хууль бол лоозон тунхагийн шинж чанартай байж болохгүй. Төрийн албаны тухай хуулиар хамаагүй оролдож болохгүй. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилж буй хууль бол энэ хуулийн танилцуулж буй концепци нь шал өөр. Нэгдэж явах бололцоо байхгүй. Өмнө нь энэ хуулиуд нэгдэх тухай яригдаж л байсан. Концепци нь шал өөр зүг рүү явж байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын санаачилсан хууль бол улс төрийн албан тушаалтнуудад тодорхой шаардлага тавьж буй юм байна. Гэхдээ яаж хэмжих нь тодорхойгүй. Жишээ нь, аливаа гаж зуршилгүй, зан төлөвийн доголдолгүй байх гэж юуг ойлгох вэ. Гаж зуршилгүй гэдэг нь гар хөлөө хөдөлгөх үү? Хамрын тамхи татах чинь хүртэл гаж зуршилд орох гээд байна. Зан төлөвийн доголдолгүй байх гэхээр юугаар хэмжих вэ. Бусдын нөлөөнд автахгүй байх гэдгийг яаж хэмжих вэ? Сүүлд дарга нар нь ажилчдаа зан төлөвийн доголдолтой гэж ажиллах бололцоогоор нь хангахгүй болох нь. Хариуцлага тооцох гэж байгаа бол шууд чөлөөлдөг байх хэрэгтэй.

Ойлгомжгүй хууль баталбал сүүлдээ завхрал болж, төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлнэ. Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлох вий. Улс төрийн албан тушаалтнуудад тавигдах шаардлагад ерөнхий шаардлага тусгасан мөртлөө аймаг, сум, дүүргийн дарга нарыг шаардлагаас чөлөөлсөн. Ингэхээр хэнийг ялгаварлаж байна вэ? Хуулийн төслийг эргэн харж техник талаас нь ажиллах хэрэгтэй.

ГАЖ ЗУРШИЛ ГЭЖ СОГТУУРУУЛАХ УНДАА, МАНСУУРУУЛАХ БОДИСТ ДОНТООГҮЙ БАЙХЫГ ХЭЛНЭ

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:

-Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй энэ хуулийн төсөл бол зөвхөн улс төрийн албан хаагчдад тавигдаж буй шаардлага. УИХ-ын гишүүн Н.Учралын асуултад хариулахад, төрийн албан хаагчидтай хамааралтай, тэднийг ялгаварлан гадуурхахгүй. Өнөөдөр Монголын төр 206 мянган төрийн албан хаагчтай. Үүнд, улс төрийн, төрийн жинхэнэ албан хаагч, төрийн тусгай, төрийн үйлчилгээнийхэн багтаж байна. Үүний дотор улс төрийн нийт 3600 гаруй албан хаагч байна. Өнөөдөр нийт Монголын төрийн албанд нүүрлэж буй, магадгүй өнөөдөр намчирхал талцлаар хуваагдаж, улс төрждөг, төрийн жинхэнэ албан хаагчдыг хэлмэгдүүлдэг, салбарын бус мэргэжлийн бус хүмүүст шаардлага тавья. Одоо бол нийтлэг болон тусгай шаардлага тавигдаж байгаа. Улс төрийн өндөр албан тушаалтнуудад төрийн болон тухайн салбарын туршлагын асуудлыг тавьж байгаа юм. Өнөөдөр салбартаа хүлээн зөвшөөрөгдөөгүй мэргэжлийн бус сайд нар бий. Тухайн салбарыг самардаг мэргэжлийн хүмүүсийг хэлмэгдүүлдэг асуудлаас ангид байх тухай л хэлж байгаа юм.

Монголын төрийг ёс зүйтэй болгоход эдгээр асуудлыг хуульчлах эрхзүйн шаардлага байна гэж харж байна. Тэр дундаа, гаж зуршил, зан төлөвийн доголдлыг, тухайн албан тушаалд тэнцэж байгаа, гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй асуудлыг ойлгож болно. Гаж зуршил гэдэг нь архидан согтуурах донтолт, мансууруулах бодисын хэрэгтэй хамааралтай. Эдгээр асуудлыг бид тухайн хүний үүх түүх болон эмнэлгийн магадлагаагаар тогтооно.

УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:

-Энэ хуулиар сайд болох хүн ямар шалгуур хангах ёстой вэ. Ямар хүнийг дэд сайдаар сонгох вэ гэдгийг нарийвчлан зааж өгнө. Тухайн салбарын шаардлага хангахгүй хүнийг улс төрийн албан тушаалд томилохоос зайлсхийхэд тусална. Ингэснээр бидний нөгөө яриад байгаа Япон лугаа хөгжье гэдэг санааг хэрэгжүүлэх боломжтой юм. Улс төрийн албан тушаалтнуудад тавьсан шаардлагыг хэрхэн тусгаж өгсөн бэ?

Улс төрийн томилгоо хийдэг улс төрийн намуудад оноох хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:

-Өнөөдөр 205 мянган хүн төрийн алба хашиж байна. Үүн дотор 3600 нь улс төрийн албан тушаалтан. Өнгөрсөн хугацаанд улс төрийн албан тушаалтнуудад тухайн албан тушаалтай нь холбогдсон шаардлага шалгуур тавьж байгаагүй. Гэтэл улс орны хөгжил, бодлогыг тодорхойлдог, шийдвэр гаргадаг, нөгөө талаараа нийгмийг авч яваа, манлайлж байгаа эдгээр хүмүүст бид зөв шалгуур тогтоож байж л төр нь чадварлаг, хүчтэй байж, цаашлаад улс нь хөгжинө. Улсын эрх ашгаас илүү улс төрийн намын эрх ашиг байх ёсгүй. Ингэж байж монгол төрийн босго өндөр байх нөхцөл бүрдэнэ. Гэтэл өнөөдөр салбартаа хүлээн зөршөөрөгдөөгүй, танигдаагүй, мэргэжлийн бус, ур чадварын хувьд шаардлага хангадаггүй албан тушаалтнууд бий.

УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН:

-Улс төрийн албан тушаалтанд тодорхой хэмжээний шаардлага тавих нь зөв. Гэхдээ энэ асуудлыг Засгийн газрын тухай болон нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиар зохицуулах нь зүйтэй болов уу гэж үзэж байна. Тавьж байгаа шаардлагын хувьд төрийн албанд ажилласан болон салбартаа ажилласан жилийн шаардлагыг авах ёстой гэж бодож байна. Улс төрийн албан тушаалтанд шаардлага тавиагүйн улмаас асуудал гарч байгаа тохиолдол бий. Тийм учраас дэмжиж байна. Засгийн газраас яагаад санал аваагүй вэ?

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:

-Засгийн газраас санал авахаар хүсэлтээ хүргүүлсэн ч хуулийн хугацаандаа багтаж ирээгүй.

1935 албан хаагчийг эргүүлэн томилж, 11.7 тэрбум төгрөг нөхөн олгох боллоо

УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ:

-Улс төрийн албан тушаалтанд ёс зүйн хэм хэмжээ тавих асуудал зайлшгүй шаардлагатай. Төрийн албан хаагчийн эрх ашгийг хамгийн ихээр хохироодог хүн бол улс төрийн албан тушаалтнууд. Өнөөдөр улс төрийн намууд төрийн албан хаагчдыг хомроглон халдаг үйлдлийг зохицуулсан боловч харамсалтай нь энэ хууль хэрэгждэггүй. Улс төрийн албан тушаалтнууд төрийн албан хаагч нарыг дарамталдаг үйлдэл үргэлжилсээр байна.

Засгийн газар солигдох бүрт сайд нар нь яамдын газрын дарга, хэлтсийн дарга нарыг сольдог. Шийдвэрийг нь хөөрхий төрийн нарийн бичгийн дарга гаргадаг. Сайд нь шахаж гаргуулдаг. 2016-2021 онд 1935 төрийн албан тушаалтныг ажилд эргүүлэн томилж, тэдгээрийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 11.7 тэрбум төгрөгийг олгох шүүхийн шийдвэр гарсан. Өнөөдөр 1068 хүнийг ажилд нь эргүүлэн авч, төсвөөс 6.6 тэрбум төгрөг гарсан. Буруу шийдвэр гаргасан албан хаагч тухайн төлбөрийг төлөх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар төлөлт 500 гаруй сая төгрөг байна. Алдаа гаргасан албан тушаалтнуудад дээрх мөнгийг барагдуулах ёстой.

11 : 47
2021-10-22

"Монголд ирээдүйд биотехнологи хөгжүүлэх боломжтой"

Чуулганы хуралдаанаар Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2021.10.06-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах)-ийг хэлэлцэж байна. 

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулав.

-Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах тухай гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд манай улс нутаг дэвсгэрийг цөмийн зэвсэггүй статус хэмээн 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр зарласан. Өнгөрсөн хугацаанд цөмийн зэвсэггүй статусыг эрх зүйн үндэстэй болгоход чиглэсэн бодлого үйл ажиллагаа явуулсаар ирсэн билээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 258 тоот тогтоолын дагуу зохион байгуулсан 2017 оны долдугаар сарын 7-ны өдрийн Бага хурлын үр дүнд цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээний төслийг гишүүн улсууд баталсан. Энэхүү гэрээ нь 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд энэ оны аравдугаар сарын байдлаар 86 улс гарын үсэг зурж 56 орон соёрхон батлаад байна.

Тус гэрээгээр цөмийн зэвсэг, эсвэл аливаа төрлийн зэвсэгт төхөөрөмжийг хөгжүүлэх, турших, үйлдвэрлэх бэлдэх болон өөр бусад хэлбэрээр худалдан авах, эзэмших, хадгалах, цөмийн зэвсгийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, өөрийн газар нутаг дээр байршуулах, суурилулах, гэрээний оролцогч улс орон бүрт хориглосон байдаг.

Түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор бусад улстай хамтран ажиллах зэрэг асуудлыг зохицуулж байна. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын 2.13-т “Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсэг үл дэлгэрүүлэх зэрэг бүс нутгийн болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг чармайна” гэж заасан.

Монгол Улс уг гэрээг баталснаар цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх чиглэлээр байр сууриа бататгах, энэ чиглэлийн яриа хэлэлцээр арга хэмжээнд идэвхтэй оролцох ач холбогдолтой юм. Монгол Улсын Гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хорооны энэ оны аравдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар энэхүү хуулийн төслийг дэмжсэн болно. Хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хууль санаачлагчид хариулт өглөө.

Ирээдүйд биотехнологи хөгжүүлэх боломжтой

УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР: 

-Цөмийн зэвсгийн асуудал ойлгомжтой. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх бодлого бол гадаад бодлогын жанжин шугам. Манай улс цөмийн зэвсэгтэй болох бололцоо байхгүй, ирээдүйд ч байхгүй. Гэхдээ хэт басч болохгүй. Дэлхий нийтийн хандлагыг харахад шинэ эрин цаг үед шилжин орж байна. Манай улсын бяд чадал бол биологийн зэвсгийн чиглэлээр байж болно. Энэ чиглэлээр манай улс бүрмөсөн хориглосон юм биш биз дээ. Ер нь улс орнууд өөрсдийгөө батлан хамгаалах хэрэгтэй байна. Цөмийн зэвсэг сансар огторгуй нь биш гэхэд био технологи хөгжүүлэх хэрэгтэй.

Гадаад харилцааны нөхдүүд зөв гэрээ байна гэж давхиж гүйгээд байдаг. Дандаа ийм байхгүй байх даа. Биологийн, технологийн чиглэлээр хөгжих боломж, хүмүүсийн нөөц байгаа гэж харж байна. Энэ чиглэлд бид өөрсдийгөө илүү хааж боосон байх вий. Энэ чиглэлээр олон улсын гэрээ хэлцэлд болгоомжтой хандах хэрэгтэй. Био технологийн салбарт бүгдийг нь хааж хориглож болохгүй.

Монгол Улс биологийн технологи ашиглахыг хориглосон олон улсын гэрээнд нэгдээгүй

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.АНХБАЯР: 

-УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын асуултад хариулъя. Биологийг цөмийн буюу энхийн, эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийн зорилгоор ашиглахыг хориглосон аливаа олон улсын гэрээнд манай улс нэгдэж ороогүй. Одоо нэгдэн орж буй гэрээний хувьд цөмийн элементийг энхийн зориулалтаар буюу хөдөө аж ахуй, бизнесийн зорилгоор ашиглах заалт байхгүй. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хэлдэг шиг аливаа гэрээг байгуулахдаа бүх талаас нь судалж, маш сайтар нягтласны үндсэн дээр оруулж ирэх үүрэг чиглэлийг ойлголоо. Энэ дагуу Гадаад харилцааны яам ажиллаж байгаа, баярлалаа.  

Хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг 12:00 цагаас явуулна. Санал хураалтад 39-өөс дээш гишүүн оролцох шаардлагатайг УИХ-ын дарга Г.Занданштар хэлэв. 

11 : 32
2021-10-22

Алслагдсан 3 дүүргийн алба хаагчдыг урамшуулалд хамруулахыг хүсч байна

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүний санаачилсан Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцуулав.

УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын Байнгын Хорооны Дарга Б.БАТТӨМӨР: 

-УИХ-ын дарга эрхэм гишүүд ээ, УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүн 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ оны аравдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын Байнгын Хороонд шилжүүлсэн билээ.

Байнгын хорооны аравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар энэхүү хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс асуулт асуугаагүй бөгөөд гишүүдийн олонх дэмжсэн. Олонхын дэмжлэг авсан саналуудыг эцсийн хувилбарт бэлтгэсэн талаарх материалыг та бүхэнд тараасан болно.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-УИХ-ын гишүүн С.Чинзориг их сэргэлэн юм аа. Цалин урамшуулалтай холбоотой асуудал Засгийн газраас орж ирвэл сайн. Энэ асуудлыг яагаад УИХ-ын гишүүдээр санаачлуулж орж ирж байгаа юм бэ. Хэчнээн тэрбумын урамшуулал гарах гэж байна. Уг нь төсвөөс гадуур асуудал ярьж болохгүй гэдэг зарчим бий. Засгийн газраас орж ирэхгүй болохоор ийм л асуудал яриад байна. УИХ-ын зарим гишүүд хууль хүчний байгууллагад оноо авдаг. Гэтэл зарим асуудал төсвийн жилээс гадуур орж ирэхээр, зарчмаар нь дэмжихгүй болохоор онцгой байдлын алба хаагчдыг дэмжихгүй, хайргүй болчих гээд, улс төр болоод байна. Улсын жилийн төсвөөс гадуур урамшуулж болохгүй гэдэг зарчмаа баримталбал эсрэг санал өгөх гээд байна. Яагаад уг асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлж болоогүй вэ?

2023 оноос хуулийн төслийг хэрэгжүүлбэл  5.3 тэрбум шаардлагатай

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР: 

-Засгийн газар яагаад хэлэлцээгүйг мэдэхгүй байна. Хуульд заасны дагуу УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүн хуулийн төслийг санаачилсан. Онцгой байдлын алба нь нийслэл, 21 аймагт нэгжтэй 915 алба хаагч ажиллаж байна. Суманд нэг жил хүртэл тогтмол ажиллаж буй 853, хоёр жил хүртэл 224, гурван жил хүртэл 97, дөрөв хүртэлх жил 87, тав болон түүнээс дээш жил ажиллаж буй 261 албан хаагч бий. Хуулийн төслийг 2022 оноос хэрэгжүүлэх заалттай байсан ч 2022 оны улсын төсөв өргөн баригдаж буй тул боломжгүй. Иймд 2023 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эхний ээлжид 2023 онд 5.6 тэрбум хэрэг болно. Цаашид жил бүр 2.3 тэрбум шаардлагатай болох юм.

УИХ-ын гишүүн С.САНДАГ-ОЧИР:

-Зарчмын хувьд хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ аймгийн төвөөс бусад суманд гэхээр газар нутаг алслалтыг хэмжээгээр харгалзаж байна. Юуны тулд нийслэлийн алслагдсан гурван дүүрэг гэдэг билээ. Энэ ч үүднээс боловсрол, эрүүл мэндийн бүх алба хаагчид алслагдсан гэж хоцордог. Цаашид Засгийн газраас алслагдсан гурван дүүргийн алба хаагчдыг урамшуулалд оруулах, анхаарч өгөхийг хүсч байна. Яагаад алслагдсан дүүргийн алба хаагчдыг хуулийн төслийн хүрээнд урамшуулалд багтааж болоогүй вэ?

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР: 

-УИХ-ын гишүүн С.Сандаг-Очиртой санал нэг байна. Цаашид Засгийн газар судалгаа хийж, асуудлыг нэг мөр цогцоор шийдэх хэрэгтэй. Хуулийн төсөл өргөн баригдаж байгаа учраас алслагдсан дүүргийн алба хаагчдыг хэлж байгаа юм. Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хэлдэг үнэн. Засгийн газар асуудлыг анхаарч авч үзэн, судлаад, зөв шийдвэр гаргах байх. Энэ хүрээнд алслагдсан гурван дүүргийн асуудал яригдах байх гэж тооцож байна.

Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

10 : 00
2021-10-22

УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын дарга Г.Занданшатар "Өнөөдөр (2021.10.22) 14 гишүүн өвчтэй, чөлөөтэй орон нутагт ажиллаж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 62 гишүүнтэйгээр эхэллээ" гэж мэдэгдэв. 

Хуралдаанаар яг одоо Засгийн газар 2021.05.12-нд өргөн мэдүүлсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуугаагүй тул санал хураалт явуулж, 39 гишүүнээс 29 нь дэмжлээ. Энэхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүлэв. Хууль батлагдсан тохиолдолд 2021 оны арваннэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө.

09: 10
2021-10-22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар есөн асуудал хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдөр (2021.10.22)-ийн нэгдсэн хуралдаанаар есөн асуудал хэлэлцэнэ. Үүнд:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2021.09.30-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)
  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төсөл (Засгийн газар 2021.09.30-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2021.05.12-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)
  • Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүн 2021.05.14-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг)
  • Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хаалттайгаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
  • Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2021.10.06-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах)
  • Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүн 2021.05.21-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)
  • Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар 2021.10.04-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл (Монголбанк 2021.09.27-нд ирүүлсэн, хэлэлцэх эсэх)
  • УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Боловсрол, шинжлэх ухааны сайдад хандан шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсох асуудлууд багтжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-22 49.0.142.140

Ипотекийн зээлийн хэмжээг багасгахгүй бол инфляци өснө, барилгын үнээ өсгөж эрэлтээ гүйцэх гэж чанараа муудуулна.

Avatar

Зочин 2021-10-22 192.82.88.140

УИХ-ЫН ГИШҮҮН Д БАТТУЛГА ГЭЖ ХҮН БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ЯАЖ ИНГЭЖ ТЭС ХУДАЛ БИЧИЖ ЧАДАЖ БАЙНАА

Avatar

document lyierin 2021-10-22 172.85.168.166

xylgaichdiins

Avatar

tyreeslegch+Ltsmy.1 2021-10-22 172.85.168.166

-tsagiin cadaa
– ay tyxiin esreg xajyyd bainga guilagchin,chutguruu ulgeej sadaa bolj
– DARANGUILAGCH BAGAA DAGAGCHDAA AJILUULJ, DEN BRONCO + XARUUDTAI GEED TAILAGNAAD.xaa gazar bulduuchilj,

Avatar

Зочин 2021-10-22 185.220.101.12

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Монголын төрийн алба гутамшиг болсон газар 2021-10-22 103.26.194.237

ТА-ныхан бүгд авлигачид, бүгд авлигачин эздийнхээ цүнх баригч, б ө г с д о л о о г ч и д. үүрэг даалагврыг нь биелүүлэгч.

Сарын дундаж цалин нь 1000.000 төгрөг ч жижиг дунд бизнес эрхлэгчдээс илүү ганган брэнд өмссөн,
үнэтэй машин унасан тархины тураалууд.

Гарыг нь хүндрүүлэхгүйгээр юу ч бүтэхгүй. Мэдлэг боловсрол, чадавргүй. ажлын туршлагагүй.

Ажлын байраа мөнгө гэж хардаг ацнууд.

Монголын төрийн алба гутамшиг болсон газар

Avatar

зочин 2021-10-22 202.131.245.69

төрийн албаны цалин хөлсийг нэмэгдүүлэх хэрэгтэй. төрд ороход монгол бичгийн шалгалт, ярилцлагад л ороход болно. өөр элдэв одоогийн шалгалт хэрэггүй. тухайн төрийн байгууллага ярилцлагын бичлэг, эсвэл төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлийн оролцоотой ярилцлага хийхэд л болно. Төрийн албан хаагчийн үндсэн цалинг одоо мөрдөж бу зэрэг дэв, элдэв доктор гэх мэт нэмэгдлийг тооцож нэмх хэрэгтэй. харин ажилласан жилийн нэмэгдлийг өгч болно. Албан тушаал дэвшүүлэх болоход зарлаад ярилцлагаар шалгаруулах

Avatar

Зочин 2021-10-22 122.201.21.177

Ирээдүйн биотехнологи яахав ээ одоогийнхоо эрээний барааг яаж татахаа бод л доо. Хүнд чинь чадах чадахгүй юм гэж байна, мэдэх мэдэхгүй юм гэж байна ард түмний амьдрал ийм байхад цахим удирдлаша биотехнологи яриад шинэ яам байгуулна гээд балайраад байхаар чинь ард түмэн дэмжих үү? Наана чинь хоолгүй , байргүй хүмүүс хар мянга байхад өөр ертөнцийн юм яриад яаж тэдэнд хүрэх юм бэ. Ард түмэн гэдэг чинь ордон дотор байгаа хэдэн хүн, гадаа нь шагнал авсан цэцэг барьсан хүмүүсийг хэлэхгүй ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж