Ж.Дэлгэрсайхан: Мөнгөний биш БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТОО ХЭМЖЭЭ инфляцад нөлөөлж байна

Хуучирсан мэдээ: 2021.10.22-нд нийтлэгдсэн

Ж.Дэлгэрсайхан: Мөнгөний биш БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТОО ХЭМЖЭЭ инфляцад нөлөөлж байна

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай инфляцын талаар товч ярилцлаа.

– Инфляц Улаанбаатар хотод 9.9 хувь байна. Инфляцын гол шалтгааныг та юу гэж харж байна вэ?

– Инфляц хэт доогуур эсвэл хэт өндөр байх нь тухайн орны хөгжлийн түвшинээс шалтгаалж эдийн засагт эерэг, сөргөөр нөлөөлдөг. Зорилтот, оновчтой инфляцын түвшнийг чиглэл болгох ёстой. Өнөөдөр Монголын инфляц зорилтот түвшинээс давчихаад байна. Монголбанк +/-2 нэгж хувийн интервалтай 6 хувийн орчимд тогтворжуулах зорилт тавьчихаад баййгаа нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд тохирсон гэж үзэж байна гэсэн үг. Үүнээс давчихаад байгаа тохиолдолд хэрэглээний үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд дарамт болж байгаа төдийгүй үйлдвэрлэгчийн талд дам нөлөөлөл үзүүлж байгаа хэрэг. Аливаа бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь хэрэглэгчийн худалдан авах чадвар, орлогын түвшинд сөргөөр нөлөөлнө. Өнөөдөр Монголын инфляцын үндсэн шалтгаан нийлүүлэлтийн шинжтэй гэдэгтэй санал нэг байна. Учир нь Монгол Улсын эдийн засаг 2020 онд нэлээн хүчтэй унасан. Ингэхдээ хэрэглээ болон орлогын үзүүлэлтүүд сөрөг тал руугаа байсан. Өрхийн бодит орлого, хэрэглээ буурч, хэрэглээний зээл өндөр дүнгээр хумигдсан байдал сэргэж амжаагүй байна. Хэдийгээр өрхийн орлого сэргэж байна гэж статистикийн байгууллага мэдээлж байгаа боловч өрхийн бодит орлогын байдал эргэлзээтэй хэвээр байна. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд харьцангуй эерэг харагдаж байгаа ч ардаа байгаа суурь нь сайжраагүй гэдгийг ажиллах хүчинтэй холбоотой үзүүлэлтүүд харуулж байгаа юм. Ийм учраас эрэлтийн шинжтэй инфляц өндөр биш байна. Хоёрдугаарт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа идэвхжиж, тэр талын инфляц харагдахгүй байгаа юм. Харин хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хумигдаж, удааширч байна. Энэ байдлыг үүсгэж буй үндсэн хүчин зүйл бол цар тахал. Монгол Улс цар тахлын эсрэг хийж буй тэмцэлдээ амжилт олохгүй байгаагаас экспорт, импорт буурч байна. Энэ нь тоо хэмжээний хомсдолд оруулахаас гадна цаг хугацаанаас шалтгаалж тээвэрлэлт, хадгалалтын зардал өссөнөөс үнийн өсөлтийг бий болгож байна. Энэхүү инфляц нь иргэдэд аль хэдийнэ дарамт болж эхэлсэн. Хилийн боомттой холбоотой томоохон сөрөг хүчин зүйл бий боллоо. Эрээн-Замын үүдийн хилийн боомт хаагдсан нь нийлүүлэлтийн шинж чанартай инфляцыг хөөрөгдөж магадгүй байна.

– Энэ нөхцөлд ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

– Инфляцтай тэмцдэг хоёр үндсэн арга байна. Нэгдүгээрт, аливаа улс орны төв банк инфляцтай тэмцдэг. Төв банкуудын үндсэн мандат буюу гол үүрэг нь үнийн тогтвортой байдлыг хангах гэж байдаг. Харамсалтай нь манайд бол шууд үнийн тогтвортой байдал гэж томьёологдоогүй. Төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэсэн хоёрдмол шинж чанартай заалт орсон. Үүнийг улс төрийн хүрээнд үнийн өсөлт, валютын ханш гэсэн байдлаар ойлгож тайлбарладаг. Төв банкууд мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлөх замаар инфляцыг тогтоон барихыг хичээдэг. Монголбанк болон дэлхийн төв банкууд мөнгөний бодлогын үндсэн арга хэрэгсэл болон макро зохистой бодлогоор нөлөөлөх гэж оролдож байна. Энэ арга хэрэгслүүд нийлүүлэлтийн гэсэн тодотголтой инфляцын үед хүчтэй үйлчлэх боломж багатай. Нийлүүлэлтийн гаралтай инфляцын үед нөлөөлөх гол хүчин зүйл нь мөнгөний хэмжээ биш бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ юм. Мөнгөний хэмжээг багасгах замаар нийлүүлэлтийн инфляцыг барих гэж оролдох нь үр дүнгүй. Харин цар тахалтай холбоотой суларчихаад байгаа эдийн засагтаа бүр нэрмээс болчих хандлагатай. Энэ үед инфляцтай тэмцэх суваг нь гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар. Өөрөөр хэлбэл цар тахалтай хийх тэмцэл, хилийн боомтуудад ногоон бүсийг бий болгохтой холбоотой асуудал. Тиймээс богино хугацаандаа цар тахалтай тэмцэх тэмцэл, хилийн нэвтрүүлэх чадвараа сайжруулж , хөршүүдтэйгээ сайн харилцах хэрэгтэй байна. Урт хугацаандаа нийлүүлэлтийн гаралтай инфляцыг бий болгохгүйн тулд тодорхой хэмжээнд зарим бараа бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэж, чадахгүй зүйлсээ гаднаас авах найдвартай сувгуудыг бий болгож, тээврийн дэд бүтцээ сайжруулах арга хэмжээ авах нь чухал.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж