Мэргэжлийн холимог тулааны "Bellator" холбооны шилдэг залуу тамирчдын нэг Усман Нурмагомедов өөрийн авга ах Хабибыг сайн дасгалжуулагч болно гэжээ. Өдгөө Америкт Хабибын удирдлага дор бэлтгэл хийж буй тэрбээр ярихдаа “Би Хабибыг сайн дасгалжуулагч болно гэж итгэж байна. Тэр бодсон, зорьсон зүйлдээ заавал хүрдэг. Тиймээс түүнийг тулаанч байснаасаа илүү дасгалжуулагч болох байх гэж би бодож байна” гэв.
"UFC"-ийн аварга асан Хабиб Нурмагомедов 2020 онд 29-0 гэсэн ганц ч ялагдаагүй амжилттай зодог тайлсан билээ.
Усман Нурмагомедов маргааш (2021.10.23) Москвад "Вellator 269" өдөрлөгийн хүрээнд Финландын тулаанч Патрик Пьетилатай тулалдана. Тэрбээр одоогоор 13 тулаан хийн, бүгдэд нь ялаад байна. Түүнтэй тулалдах Патрик Пьетила ярихдаа “Түүний овог надад хамаагүй ээ. Би үргэлж дутуу үнэлэгдэх дуртай. Тэгээд эцэст нь хүмүүсийн буруу байсныг нотолж, өөрийгөө жинхэнэ чанга гар гэдгийг харуулдаг. Тэднийг чимээгүй болгох надад таалагддаг” гэж ярьжээ.
Өдгөө 23 настай Усманы хувьд Хабибын тогтоосон амжилтыг эвдэх сонирхолгүй гэдгээ мөн илэрхийлжээ. Тэрбээр “Надад Хабибаас илүү гарах эсвэл түүний амжилтыг эвдэх хувийн зорилго байхгүй ээ. Миний зорилго бол ялагдахгүй байх. Яаж ч байсан би Хабибын үеэл гэдгээрээ л танигдана шүү дээ. Миний юу гэж байгааг ойлгож байгаа биз” гэв.
Москвад болох "Bellator" холбооны өдөрлөгт домогт Федор Емельяненко оролцож, Америк тулаанч Тим Жонсонтой тулалдана. Магадгүй энэ тулаан 45 настай Федор Емельяненкогийн тамирчны замналын сүүлийн тулаан байж болох юм.
Холбоотой мэдээ