Засгийн газар ирэх 2022 онд хоёр яам, дөрвөн агентлаг шинээр байгуулах асуудал улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж, чуулганаар ид хэлэлцэгдэж байна. Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны улсын төсвийг хэлэлцэхдээ шинээр байгуулах хоёр яамны зардал болон ажиллах хүний тоо, чиг үүрэг, сайдынх нь эрх мэдлийг сонирхох гишүүн цөөнгүй байлаа. Төсөвт суулгаснаар Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжлийн яамнаас гадна
- И-Монгол Академи
- Сахилгын хороо
- Ойн судалгаа, хөгжлийн агентлаг
- Боловсролын ерөнхий газар гэсэн дөрвөн агентлаг байгуулахад нийт 41.6 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Ирэх 2022 оны төсвийг өчигдөр (2021.10.21) УИХ хэлэлцээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтэд дээрх яам, агентлагуудыг байгуулахаар урсгал зардлыг ийнхүү төсөвт тусгасан боловч эдгээр байгууллагууд хэзээ байгуулагдах нь тодорхойгүй, бүтэц, орон тоо, чиг үүргийг тогтоосон эрх зүйн баримт бичиг батлагдаагүй байгааг анхааруулжээ.
Тодруулбал, “Шинээр байгуулах яам, агентлагийн чиг үүргийг одоо хэрэгжүүлж буй байгууллагуудын төсөвтэй уялдуулан, давхардах орон тоо, урсгал зарлагыг судалгаанд үндэслэн дахин тооцоолж, зардал бууруулах боломжтой” гэж онцолсон байна.
Шинээр байгуулах эдийн засаг хөгжлийн яамны төсөв 4.3 тэрбум, Цахим хөгжлийн яамных 1.8 тэрбум.
Өнөөдрийн байдлаар агентлаг хэлбэрээр ажиллаж байгаа бөгөөд 30-40 хүнтэй аж. Харин ирэх жилээс "томорч" төсөвт тооцож оруулснаар шинэ хоёр яам тус бүрт 80, 80 хүний орон тоо гаргах санал яригдаж байгаа аж.
Дээрх хоёр яам нь Үндэсний хөгжлийн газар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газруудад суурилан үйл ажиллагаа явуулна. Гэвч шинээр байгуулах яамд нь чиг үүргийн хувьд Үндэсний хөгжлийн газар, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газруудаас ялгарах зүйлгүй ижилхэн байдлаар хуулийн төсөлд тусгасан нь гишүүдийг эргэлзэхэд хүргэв. Өөрөөр хэлбэл, шинээр хоёр яам байгуулах шаардлага бий эсэхэд эргэлзэхэд хүргэсэн талаар хэлж байв.
Монгол Улс түүхэндээ анх удаа төсөвт 18 их наяд төгрөг суулгасан. Гэвч төсвийн төсөөлөл нь тодорхой тооцоо судалгаагүй, түүхий орж ирж буйг шүүмжлэх гишүүн олон байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Цөөн хэдэн чиг үүргийн төлөө яам байгуулах хэрэг байна уу. Хэнийг сайдаар тавих юм бэ. Ажлаа хийж мэдэхгүй, бичиг цаасны ажил хийж чадахгүй, зохион байгуулалтгүй хүмүүс их байна. Ийм нөхөр ирээд ажлаа хийж чадахгүй бол яах вэ. Үүний төлөө яам байгуулна гэдэгт би лав эргэлзэж байна. Яам байгуулснаар эдийн засаг хөгжих мэтээр харагдах байдалдаа анхаараад байна. Гол нь агуулгадаа анхаарах нь чухал” гэж онцолсон.
УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдааны үеэр Эдийн засаг хөгжлийн яамны сайдаар бусад яамдаа баздаг улстөрчийг томилох асуудал яригдсан. Ерөнхий сайд, дарга хийж байсан хүмүүсээс сайдаа томилбол Эдийн засаг, хөгжлийн яам чадвартай ажиллана гэж зарим гишүүд үзэж буй.
Харин Н.Алтанхуяг гишүүн “Хөгжлийн яам, Цахим яам байгуулж байснаас Хөгжлийн асуудал хариуцсан Шадар сайд, Мэдээллийн технологийн асуудал хариуцсан Шадар сайд бий болгох хэрэгтэй. Монгол Улсын хөгжлийн асуудлыг гурван Шадар сайд нь Ерөнхий сайдтайгаа хамтран авч явдаг болмоор байна” гэсэн санал гаргасан.
Үүнээс гадна Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжлийн яамны сайд хэн болох вэ гэдэг олны анхаарлын төвд байна. Тэднийг УИХ-ын гишүүдээс томилох тухай ч хөндөгдөж буй. Гэхдээ шинээр байгуулагдах яамдыг авч явах сайд нар давхар дээлтэй байна гэвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх хэрэгтэй болно. Учир нь, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд болон дөрвөн сайд нь давхар дээлтэй байх зохицуулалттай учраас дээрх хоёр яамны сайдыг гаднаас томилох уу, эсвэл Үндсэн хуульдаа “гар хүрч” УИХ-ын гишүүдээс сонгох уу гэдэг одоогоор тодорхойгүй байна.
Цахим хөгжлийн яамны сайдад УИХ-ын гишүүн Н.Учрал, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, харин Эдийн засгийн хөгжлийн яамны сайдаар Б.Чойжилсүрэн, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал нарын нэр яригдаж буй.
Дашрамд дурдахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн тавдугаар сарын эхээр "Яамтай байна гэдэг нь өөрөө бодлоготой байна гэсэн үг. Цахим хөгжлийн яамыг 2021 оны арваннэгдүгээр сард, Эдийн засгийн хөгжлийн яамыг тус тус байгуулна. Энэ нь зөвхөн Сангийн яамны төсөв мөнгөний бодлого биш, Монгол Улсын нийт эдийн засгийг томруулж харах, экспортод чиглэсэн, гадна дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгоход томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна. Ер нь төрийн бүтэц цаг үетэйгээ уялдсан, уян хатан, бизнесийн байгууллага шиг бүтэцтэй байх ёстой гэж хувьдаа боддог. Өөрөөр хэлбэл хөшүүн биш, амьдралаас хол биш, хариу үйлдлийг шуурхай үзүүлдэг байх хэрэгтэй" гэж байсан юм.
Холбоотой мэдээ