"Дэлхийн мисс"-т өрсөлдөх УРАН НУГАРААЧ

Хуучирсан мэдээ: 2021.10.22-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

"Дэлхийн мисс"-т өрсөлдөх УРАН НУГАРААЧ

"NEWSагентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор уран нугараач, мисс бүсгүйг онцолж байна. Түүнийг А.Бөртэ-Үжин гэдэг. Тэрбээр гоо сайхны олимп гэгдэх "Дэлхийн мисс-2021" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Үндэсний ялагч миссээр тодорсон юм.

Мисс А.Бөртэ-Үжин Соёл урлагийн их сургуулийг бүжгийн багш мэргэжлээр төгсчээ. Тэрбээр одоо 23 настай. Мисс бүсгүй олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан бөгөөд гадаадад уран нугаралтаар аялан тоглолт хийж, эх орноо сурталчилдаг. Түүнтэй танилцсанаа хүргэе.


АНУ БӨРТЭ-ҮЖИН 1999.06.10

Төгссөн сургууль:

Соёл урлагийн их сургууль /2017-2021 он/

Мэргэжил:

Бүжгийн багш, найруулагч

Одоо эрхэлж буй ажил:

Уран нугараач

Биеийн өндөр:

175 см

Биеийн харьцаа:

93/57/90

Сошиал хуудас: 

  Burte-Ujin Anu /фэйсбүүк/

“ДЭЛХИЙН МИСС-2021” ТЭМЦЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ЯЛАГЧААР ТОДОРЧ, ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ӨРСӨЛДӨХ ЭРХ АВСАНД БАЯР ХҮРГЭЕ. СЭТГЭГДЛЭЭСЭЭ ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?        

-Баярлалаа. Мэдээж сэтгэгдэл маш өндөр байна. Дэлхий дахинд цар тахал гарсан учраас Монгол Улсын хувьд хохирол багатай даван гарахын тулд аливаа тэмцээн уралдаан, үзвэр үйлчилгээ зохион байгуулахыг тодорхой хугацаагаар хориглосон. Тиймээс энэ жилийн "Miss world Mongolia" тэмцээнийг зохион байгуулаагүй. Би өнгөрсөн жил тус тэмцээний нэгдүгээр байр буюу үндэсний ялагчийн дараагийн байрт шалгарсан юм.

Тиймээс энэ жилийн "Дэлхийн мисс" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болсон. Миний хувьд баярлахаас илүүтэй өндөр хариуцлага хүлээж, илүү их хичээхээр бэлтгэлдээ аль хэдийнэ орсон.

Латин Америкийн "Пуэрто-Рико" арал дээр ирэх арваннэгдүгээр сарын 21-нээс эхний үйл ажиллагаа эхэлж, арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл болж, шилдгүүдээ тодруулна. Нэг сар гаруй дэлхийн 123 орны үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй танилцаж нөхөрлөнө.

Зохион байгуулалтын хувьд сүүлийн таван жилийн тэмцээнд усны хувцасны төрлийг хассан байсан. Харин энэ жилээс энэ төрлийг нэмж байгаа юм билээ. Халуун арал дээр болж байгаа учраас.

ҮНДЭСНИЙ ЯЛАГЧИЙГ ТОДРУУЛАХАД ТӨСӨЛ ХАМГИЙН ЧУХАЛ. ЭНЭ ЖИЛИЙН ЯЛАГЧ ЯМАР ХҮМҮҮНЛЭГИЙН АЖИЛ ТАНИЛЦУУЛСАН БОЛ?

-Би уран нугараач. Энэ чиглэлээрээ найзуудтайгаа хамтран уран нугаралт, сунгалтын студи байгуулсан. Студи маань үйл ажиллагаа явуулаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Бид тулгуур эрхтэний согог буюу хөлний гажигтай хүүхдүүдэд тусалдаг. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, хөдөлгөөн заслаар булчинг чангалж, хөгжүүлэх чиглэлээр бусдад туслахыг хичээж явна.

Мөн хүүхдүүдэд эрүүл мэндээс гадна сэтгэл зүйн зөвлөгөө тусламж үзүүлдэг. Энэ хүүхдүүдэд маш их дарамтаас гадна үе тэнгийнхэн нь ялгаварлан гадуурхах тохиолдол гардаг. Тиймээс бусдыг ялгаварлан гадуурхалгүй, бие биедээ тусалж дэмжих уриалгыг гарган ажиллаж байна. Удахгүй хүмүүнлэгийн үйл ажиллагааны видео маань цацагдах байх.

ХҮҮХЭД НАСНЫХАА ТУХАЙ ЯРИАЧ. БАГАДАА МИСС БОЛОХЫГ МӨРӨӨДӨЖ БАЙВ УУ?

-Багаасаа нийгмийн идэвх сайтай хүүхэд байсан. Гэхдээ би ерөөсөө гадаа тоглож байгаагүй. Тоглох ч зав гардаггүй байлаа. Өглөө сэрээд уран нугаралтын бэлтгэлдээ явна. Тэгээд хичээлдээ явж ирээд, орой балетын бэлтгэлээ хийнэ. Гэртээ ирээд даалгавраа хийгээд унтаж амарна. Багаасаа хийх юм ихтэй, тогтсон цагийн хуваарьтай өссөн. Бас ном их уншдаг хүүхэд байсан. Наймдугаар ангийн сурагч байхдаа их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит тэмдгээр шагнуулж байлаа. Олон ном уншиж, тэмдэглэл хөтөлсөн дөө.

Би анх 2007 онд Хятадад зохион байгуулсан "Дэлхийн мисс" тэмцээнийг зурагтаар үзсэн. Тэмцээний үеэр хоёр бүсгүй балет бүжиглэхийг хараад маш сайхан санагдсан. Тухайн үед яг уран нугаралтаар хичээллэж эхэлж байв. Тэр цагаас хойш "Ийм гоё мисс болоод Монголынхоо уран нугаралтыг энэ тайзнаас харуулах юмсан" гэж нууцхан мөрөөдөх болсон.

Энэ бүхэн миний багын мөрөөдөл юм. Монголынхоо нугаралтыг үзүүлсэн ч гэсэн үзэгчдийн санал хураалтаар шийдвэрлэдэг болохоор хангалттай санал авахгүй бол үзүүлбэрээ үзүүлж чадахгүй .Тэгэхээр жаахан айдастай л байна.

БҮЖГИЙН БАГШ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАЖ, ТӨГССӨН ГЭСЭН ҮҮ. ЭНЭ МЭРГЭЖЛИЙГ СОНГОН СУРАЛЦАХ БОЛСОН ТУХАЙГАА ЯРИАЧ?

-Би Соёл урлагийн их сургуулийг бүжгийн багш мэргэжлээр энэ жил төгссөн. Миний хувьд найман настайгаасаа уран нугаралтаар хичээллэж эхэлсэн. Одоо уран нугаралтаараа ажиллаж байна.

АНХНЫ АМЖИЛТ

-Би загвар өмсөгч хүн биш л дээ. Анхны миссийн тэмцээн 2017 оны “Miss world Mongolia” юм. Дараагаар нь Солонгос улсад зохион байгуулсан “Miss Supertalent of the World record” тэмцээний нэгдүгээр байрын шагнал авч байсан. Тэр бол миний анхны олон улсын тэмцээн байсан. 2018 онд дахин “Miss world Mongolia” тэмцээнд оролцож, нэгдүгээр байрын шагнал авсан. Мөн тэр ондоо "Miss Grand International Mongolia" тэмцээний Үндэсний ялагч болсон. Түүнээс хойш уран нугаралтаараа ажиллаж буй.

Уран нугаралтаараа 2007 оноос эхэлж Герман, Япон улсын том хотуудаар, Арабын Нэгдсэн Эмират улс Дубай, Франц, Сингапур, Солонгос, Хятад, ХонгКонг, Турк, Швед зэрэг орнуудаар аялан тоглолт хийсэн. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас гадаадад аялан тоглолтоор явж чадсангүй.

ГЭР БҮЛЭЭ БИДЭНД ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

-Би айлын бага охин. Дээрээ нэг эгчтэй. Одоо ээжтэйгээ хамт амьдардаг.

ЧӨЛӨӨТ ЦАГААРАА ЮУ ХИЙХ ДУРТАЙ ВЭ?

-Чөлөөт цаг гарвал гоё киног театрт нь үзэх дуртай. Мөн найзуудтайгаа уулзаад хөгжилдөх дуртай. Мэдээж өөрийгөө хөгжүүлэх үүднээс ном уншдаг.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Яг одоогийн төлөвлөгөө гэвэл “Дэлхийн мисс-2021” тэмцээн л байна. Энэ тэмцээнийхээ ард гарчихаад сайхан уужуу амьсгалах байх гэж бодож байна. Одоо бол маш шахуу нарийн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Миний хувьд 2017 оноос л энэ тэмцээнд оролцох зорилготой тавьсан байсан.

Тийм учраас "Дэлхийн мисс" тэмцээний тэргүүн титмийг авахын төлөө өөрийгөө бүрэн дайчилж,  хичээнэ. Ирээдүйн зорилго нь тухайн хүнийг илүү хол замд хөтөлдөг гэж боддог. Би дан ганц уран нугаралтаараа шагнал авна гэж хэлэхгүй. "Дэлхийн мисс" тэмцээний титмийг эх орондоо авч ирэхийн төлөө бүх зүйлээ дайчилна. Өмнөх тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцсон миссүүд маань бүгд ухаалаг, тууштай, үзэсгэлэнтэй, суралцах зүйл ихтэй бүсгүйчүүд байсан.

ТАНЫ ИРЭЭДҮЙН ЗОРИЛГО, ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ

-Монголынхоо уран нугаралтын студийнхаа салбарыг олон улсад байгуулах мөрөөдөлтэй. Илүү олон хүнд үндэсний өв соёл болсон уран нугаралтыг зааж сурган, дэлхийд сурталчлан таниулах нь миний амьдралын зорилго. Олон улсад Хятад, ОХУ, АНУ-ын уран нугараачид хүчтэй гарч ирж буй.

Уран нугаралт бол Монголын уламжлалт урлаг, өв соёл. Аливаа том үйл ажиллагаанд дандаа монгол нугараачдыг урьж тоглуулдаг. Миний хувьд уран нугаралтаараа олон улсын уралдаан тэмцээнд оролцож байгаагүй. Шууд л ажлын талбарт гарсан гэж хэлж болно. Монгол Улсад мэргэжлийн циркийн байр, бэлтгэл сургуулилалт хийх сургууль байхгүйгээс энэ чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхдүүд авьяасаа хөгжүүлэх боломж хомс байна. Миний  хувьд энэ бүхэн маш харамсалтай санагддаг.

Тэгсэн хэдий ч энэ чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхэд олон байдаг. Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд гэхээс илүүтэй 20-30 насны бүсгүйчүүд эрүүл мэнддээ анхаарч, сунгалт хийж, уран нугаралтаар хичээллэдэг болсон.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ХАНДАЖ ЯМАР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ВЭ?

-Үе тэнгийн залуустаа хандаж уриалга хэлье. Бие биенээ санаатай, санаандгүй ч бай муухай үгээр битгий гомдоогоорой. Монголчууд цөөн ард түмэн. Аль болох бие биенээ хайрлаж, дэмжиж, хүндэлж тусалж яваарай. Тухайн хүн ямар нэгэн байдлаар танаас өөр байлаа гээд ялгаварлан гадуурхаж болохгүй. Хүний сэтгэл сайхан үг сонсоод л сэргэчихдэг. Тиймээс дэргэдэх хүнээ л чин сэтгэлэээсээ хайрлачих.  Амьдралын сайхныг маш энгийн үйлдлээс мэдрэээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж