АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп “Twitter”, “Facebook” зэрэг сошиал ертөнц дэх орон зайг нь хязгаарласан технологийн аварга компаниудтай тэмцэх болно гэж мэдэгдсэн. Тэгвэл тэрбээр “TRUTH Social” нэртэй олон нийтийн сүлжээ шинээр үүсгэж байгаагаа зарлав.
“TRUTH Social”-ийг “Trump Media and Technology Group” болон “Digital World Acquisition” хамтран байгуулж байгааг хэвлэлийн мэдээнд дурдсан байна. Трамп хэлэхдээ "Талибанчууд Twitter-т өргөн орон зайг эзэлж байхад таны хайртай ерөнхийлөгчийн дуу хориотой байна гэдэг утгагүй" гэжээ.
Мөн тэрбээр "Би TRUTH Social-ээр дамжуулан анхны үнэнийг нийтэд хүргэх гэж байгаадаа баяртай байна. Нийгэмд үнэний дуу хоолойг хүргэх нь энэ платформын зорилго юм. Би удахгүй та бүхэнтэй үнэнийг хуваалцаж, технологийн мангасуудтай тэмцэх болно” гэжээ.
Нэрээ хэлэхээс татгалзсан Трампын төлөөлөгч “Reuters” агентлагт дээрх мэдээлэл үнэн болохыг баталсан байна. Мөн Трампын хэвлэлийн төлөөлөгч Лиз Харрингтон мөн энэ талаар твиттер хуудсандаа жиргэж, хэвлэлийн мэдээг байршуулжээ.
“TRUTH Social”-ийг эхний ээлжинд арваннэгдүгээр сард тодорхой хүрээний хэрэгчлэгчдэд зориулан гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд 2022 оны эхээр улс орон даяар нэвтрүүлэх гэнэ. Шинэ платформ нь үзвэр үйлчилгээ, мэдээ, подкаст зэргийг багтаасан захиалгын видео үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ:REUTERS
Холбоотой мэдээ