ФАТФ-ын зөвлөмж 8, 15-ын үнэлгээг ахиулах боломж

Хуучирсан мэдээ: 2021.10.21-нд нийтлэгдсэн

ФАТФ-ын зөвлөмж 8, 15-ын үнэлгээг ахиулах боломж

ФАТФ-ын зөвлөмж 8, 15-ын үнэлгээг ахиулах боломж

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ) 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу “саарал” жагсаалтад оруулсан. Тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний дүнд Монгол Улс бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн богино хугацаанд буюу нэг жилийн дотор “саарал” жагсаалтаас гарч чадсан улс болсон. Энэ нь улс төрийн өндөр түвшний дэмжлэг, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайн байсны үр дүн гэж шинжээчид дүгнэдэг.

Монгол Улсыг 2020 оны аравдугаар сарын 1-ний өдөр Европын Холбооны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалт буюу “хар” жагсаалтад оруулсан. ФАТФ-аас Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргасан болон төрийн байгууллагуудын Европын комисстой хамтран ажилласны үр дүнд 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр 2015/849 тоот тогтоол гаргаж, Монгол Улсыг Европын холбооны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас хассан. Монгол Улс цаашид хар, саарал жагсаалтад орохгүйн тулд ФАТФ-аас гаргасан олон улсын стандарт, зөвлөмжүүдийг дагаж мөрдөх, хууль эрх зүйн орчноо тогтмол шинэчлэх, хэрэгжилтийг хангах шаардлагатай юм.

ФАТФ-аас гаргасан техник хэрэгжилтийн 40 зөвлөмж болон шууд хэрэгжилтийн 11 зөвлөмжийн шалгуурыг дэлхийн улс орнууд дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд биелэлтийг нь тодорхой давтамжтайгаар үнэлдэг.

Монгол Улс 2020 оны эцсийн байдлаар ФАТФ-ын техник хэрэгжилтийн 40 зөвлөмжөөс 37-г “Дийлэнхийг биелүүлсэн” болон “Бүрэн биелүүлсэн” гэдэг үнэлгээ авч, гурван зөвлөмжийн хувьд хагас биелүүлсэн гэж үнэлүүлсэн.

Дээрх үнэлгээтэй холбоотойгоор “Хэсэгчлэн биелүүлсэн” үнэлгээтэй гурван зөвлөмжийн үнэлгээг ахиулах, бусад зөвлөмжүүдийн үнэлгээг хэвээр хадгалах зорилгоор 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд “ФАТФ-ын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх 40 Зөвлөмжийн техник хэрэгжилтийн дутагдлыг сайжруулах ажлын төлөвлөгөө”-г баталж, холбогдох байгууллагуудыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон билээ.

Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанаас холбогдох байгууллагуудтай хамтран ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх 40 зөвлөмжийн техник хэрэгжилтийн үнэлгээг ахиулах Монгол Улсын 2021 оны явцын тайланг боловсруулсан. Улмаар Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (APG)-т 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүргүүлжээ. Явцын тайланд ФАТФ-ын 40 зөвлөмжөөс “Хэсэгчлэн биелүүлсэн” үнэлгээтэй зөвлөмж 1, 8, 15-ын үнэлгээг ахиулах зорилгоор энэ чиглэлээр гаргасан ахиц дэвшлийн талаарх дэлгэрэнгүй тайланг бэлтгэж хүргүүлсэн байна.

Зөвлөмж 1-ийн дагуу улс орнууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээ тодорхойлох үүрэгтэй. Мөн тус эрсдэлийг хэрхэн бууруулах, удирдах талаарх бодлого, стратеги гаргасан байхыг шаарддаг. Иймд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу Санхүүгийн мэдээллийн албанаас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээ хийн, гүйцэтгэх ажлыг зохион байгуулж, нийт 30 гаруй төр, хувийн хэвшлийн байгууллагын, 200 орчим төлөөлөлтэй хамтран гүйцэтгэжээ.

Уг зөвлөмжийн хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-26 дугаар тушаалаар батлагдсан “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-д холбогдох нэмэлт өөрчлөлтүүдийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны А-31 дугаар тушаалаар оруулсан байна. Ингэснээр мэдээлэх үүрэгтэй этгээдүүд эрсдэлд суурилсан аргачлалын хүрээнд бага эрсдэлтэй харилцагчийн хувьд хялбаршуулсан таньж мэдэх үйл ажиллагааг явуулах боломж бүрджээ.

Үүний зэрэгцээ Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Монгол Улсыг зохицуулалттай салбаруудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж гүйцэтгэн, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тогтолцоог сайжруулсан гэж дүгнээд, Зөвлөмж 1-ийн техник хэрэгжилтийн үнэлгээг ахиулж, “Дийлэнхийг биелүүлсэн” үнэлгээтэй болгохоор тогтсон.

2021 оны долдугаар сард болсон Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн жилийн хурлаар үнэлгээг баталгаажуулахаар болсон. Тус бүлгээс өнгөрсөн онд тайлагнасан Монгол Улсын явцын тайлантай танилцаад, хууль эрх зүйн орчныг бүрдүүлээгүй гэж үзэж, зөвлөмж 15-ын үнэлгээг ахиулаагүй.

Зөвлөмж 8-ын үнэлгээг ахиулах хүрээнд ашгийн бус байгууллагын салбарын эрсдэлийн үнэлгээ хийх, хяналт шалгалт, зохицуулалтын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, чадавхыг бэхжүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, мөрдөн шалгах ажиллагаа, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлуудыг тайланд тусгасан.

Энэ хүрээнд ашгийн бус байгууллагын салбарын эрсдэлийн үнэлгээг Дэлхийн банкны аргачлалын дагуу хийж гүйцэтгэснээс гадна чадавхыг бэхжүүлэх сургалтууд зохион байгуулжээ. Цаашид ашгийн бус байгууллагын салбарыг үйл ажиллагааны төрөл тус бүрээр нь зохицуулах Холбооны эрх зүйн байдлын тухай, Сангийн эрх зүйн байдлын тухай, Нийтэд тустай үйл ажиллагааны тухай хуулийн төслүүдийг батлуулах чиглэлээр холбогдох байгууллагууд хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай болсон байна.

ФАТФ-ын техник хэрэгжилтийн зөвлөмж 8-ын үнэлгээг ахиулахад нэн тэргүүнд уг хуулийн төслүүдийг батлуулж, эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Уг хуулиудыг батлуулснаар ашгийн бус байгууллагын салбарын хяналт шалгалт, зохицуулалтын тогтолцоо, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Зөвлөмж 15 буюу шинэ технологитой холбоотой шаардлагуудын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ФАТФ-аас дэлхийн улс орнуудад явуулсан судалгаагаар нийт 115 гаруй улс орон виртуал хөрөнгийн салбарын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, зохицуулалтын орчин бий болгохоор ажиллаж байгаа аж.

Энэ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн А-23 дугаартай тушаалаар виртуал хөрөнгийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн төслийг боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Улмаар виртуал хөрөнгийн салбарын талаарх олон улсын туршлага, хууль, эрх зүйн орчинтой холбоотой судалгаа хийж гүйцэтгэжээ. Мөн холбогдох байгууллагуудтай хамтран виртуал хөрөнгийн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээ хийхээр ажиллаж байна.

Түүнчлэн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг боловсруулсан. Тус хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд 2021 оны зургадугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлаар хэлэлцэхийг дэмжсэн.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөлд виртуал хөрөнгө болон виртуал хөрөнгийн үйлчилгээг ФАТФ-ын шаардлагад нийцүүлэн тодорхойлж, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, түүний үйл ажиллагаанд баримтлах зарчим, тавигдах шаардлага, бүртгэх, хяналт тавих, холбогдох эрх, үүргийг тусгаж, хамтын ажиллагаа, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхийг зорьжээ.

Уг хуулийн төсөл батлагдсанаар виртуал хөрөнгийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ФАТФ-ын техник хэрэгжилтийн зөвлөмжийн стандартыг хангах ач холбогдолтой аж.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг 2021 оны Монгол Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцэн батласнаар 2022 онд Монгол Улс шинэ технологи буюу техник хэрэгжилтийн зөвлөмж 15-ын үнэлгээгээ ахиулах боломжтой юм.

ФАТФ болон Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгтэй хамтран ажиллаж, техник хэрэгжилтийн зөвлөмж 8 болон зөвлөмж 15-ын үнэлгээг хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэнээр ахиулах ажлыг үргэлжлүүлэн тайлагнаж ажиллах юм байна.

Стратегийн хувьд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний тогтолцоог сайжруулах дунд хугацааны бодлого, стратегийг хэрэгжүүлэх бол богино хугацаанд мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжилтийг ажлын төлөвлөгөөний хамт төр, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжилтийг хангах, ФАТФ-ын техник хэрэгжилтийн зөвлөмж 8-ын үнэлгээг ахиулах хүрээнд ашгийн бус байгууллагуудын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх юм байна.

ФАТФ-ын техник хэрэгжилтийн зөвлөмж 15-ын үнэлгээг ахиулах хүрээнд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийн төслийг батлуулах, Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт хүргүүлэх Монгол Улсын тайланг холбогдох төрийн байгууллагуудтай хамтран бэлтгэх ажээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар энэ сард “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Нэмж өгүүлэхэд, Виртуал хөрөнгийн зохицуулалттай болсноор Монгол Улс ФАТФ-ын зөвлөмжийг биелүүлэх нөхцөл бүрдэхээс гадна олон улсын санхүүгийн харилцаанд оролцож, гадаад худалдаа хийхэд шинэ төлбөрийн сонголттой болох, олон улсын төлбөр тооцооны зардал болон шилжүүлгийн хугацаа буурах, хөрөнгө оруулагч нарыг татах олон боломж нээгдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж