ТЭРСЛҮҮ ҮГ: Ардын нам, АТГ хоёр авлигатай бүү тэмц!

Хуучирсан мэдээ: 2021.10.21-нд нийтлэгдсэн

ТЭРСЛҮҮ ҮГ: Ардын нам, АТГ хоёр авлигатай бүү тэмц!

ТЭРСЛҮҮ ҮГ: Ардын нам, АТГ хоёр авлигатай бүү тэмц!

“Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг цагдах хорих хугацааг сунгах прокурорын хүсэлтийг шүүх “ёсчилов”. Ингээд түүнийг дээрээс өгсөн “захиалга”-ын дагуу 30 хоногоор сунгахаар болжээ. Үүний өмнө шүүхийн шийдвэрт нөлөөлөх үүднээс Д.Хаянхярваагийн хувийн өрөөнд нэгжлэг хийж, ширээн дотор нь байсан боодолтой мөнгөний зургийг хэвлэлээр сэвүүллээ. Шүүх түүнийг суллавал муухай харагдана. Эхлээд нийгмээр яллуулж, эцэст нь шүүхээс хүссэн шийдвэрээ гаргуулдаг энэ технологи Х.Баттулгаас ихтэй.

УИХ-ын гишүүн П.Анужинг албан тушаалаа урвуулан ашигласан гэх асуудлаар шалгаж эхэлсэн гэх мэдээлэлд хариулт өгсөн албан ёсны байгууллага “олдсонгүй”. АТГ нь  прокурор руугаа, прокурор нь АТГ руугаа чихээд өнгөрөв. Хэрэвзээ, П.Анужинг дээрээс захиалсан бол түүнд холбогдох хэрэг хэдийнэ хэвлэлээр цацагдаж, зураг хөрөгтэйгөө олон нийтийн сүлжээнд шейрлэгдэх байлаа. Өөрөөр хэлбэл, Д.Хаянхярвааг ашиглах хугацаа Ардын намд дууссан. П.Анужинд бол анхааруулж байна. "Аятайхан байхгүй бол АТГ гүйцэтгэх ажиллагаа явуулчихна шүү" л гэж Төрийн ордны аль нэг жигүүрийн, аль нэг давхраас өгсөн анхааруулга.

1.

Замын-Үүдийн мафитай Засгийн газар тэмцэхээр зарласныхаа дараа Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэх онцгой комисс байгуулж Х.Нямбаатарт онцгой эрх мэдэл олгов. Х.Нямбаатар хоёр жилийн хугацаанд  дэлхийд авлигын индексээр 111-т орсон  Монгол Улсыг хоёр оронтой тоонд оруулахаа амлав.  Ардчилсан намаас засгийн эрх Ардын намд шилжих үед буюу 2016 онд авлигын индексээр Монгол 87-р байрт жагсаж байжээ. Ардын нам засаглах таван жилийн хугацаанд, 2017 онд 103-т, 2018 онд 93-т, 2019 онд 106-д, 2020 онд-111-т гээд нийтдээ 24 байраар ухарчээ. Эндээс харвал асуудал нь АТГ болон Ардын намд байна.  “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас гаргасан сүүлийн таван жилийн авлигын индексээс харвал Ардын нам засгийн эрх авсны дараа, бүр илүү тодорхойгоор хэлбэл, МАНАН-гийн эсрэг тэмцлээс хойш Монгол Улс авлигадаа идэгджээ. Тоо худлаа хэлдэггүй юм.

Х.Нямбаатар авлигатай тэмцэх комиссыг ахалсны дараа хэд хэдэн баривчилгаа явагдав. Мал эмнэлгийн ерөнхий газрын хэд, хэдэн дарга нарыг баривчилснаас гадна Х.Баттулгын захиалгаар ажилладаг гэх Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг саатуулсан. Мөн л албан байгууллага, ар гэрээс нь их хэмжээний мөнгө олдсон тухай мэдээлэл цацагдсан. Харин санаатайгаар зургийг нь цацсан, саатуулах хугацааг нь  шүүхээс сараар сунгасан Ардын намын ганц хүн нь Д.Хаянхярваа болжээ.

2.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, АТГ-ын даргыг Ерөнхий сайд, АТГ-ын дэд даргыг АТГ-ын дарга санал болгосноор УИХ томилгооны сонсгол явуулж зургаан жилийн хугацаагаар томилдог болсон. Урьд нь, Ерөнхийлөгчийн санал болгож АТГ-ын даргыг УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог байв.

АТГ-ын дарга, тэргүүн комиссор З.Дашдавааг ҮАБЗ-өөс өгсөн чиглэлийн дагуу томилоод хоёр жил болж байна. Харин дэд даргаар Г.Азжаргалыг өнгөрсөн долдугаар сард томилсон бий.

Үндсэндээ, авлигад хамгийн их өртөх магадлал өндөр субьект нь Засгийн газар өөрөө. Гэтэл Засгийн газар нь авлигатай тэмцдэг байгууллагынхаа томилгоонд оролцохоор авлига буурах биш эсрэгээрээ нэмэгдэх эрсдэлтэй. Учир нь, Монголын хууль шүүхийнхэн өргөсөн тангарагтаа биш томилсон хүндээ үйлчилдэг. Иймээс  Х.Нямбаатарын авлигын индексийг бууруулна гэх амлалт  хоосон үг юм.

Сайд болохын тулд авлига өгдөг бичигдээгүй хууль аль ч намд үйлчилдэг. Сандал суудлаа хамгаалахын тулд Засгийн газар нь УИХ-аа авлигаддаг. Ийм тогтолцоогоо өөрчлөхгүй бол АТГ, авлигын  комисс байлаа ч авлига буурахгүй. Нэг бүлэглэл нь нөгөөгөө намнадаг болно.

Тойргийн мөнгө бол том утгаараа авлигын мөнгө. Хамгийн том бодит кэйс бол ЖДҮ-гийн хэрэг байна. Гурван жилийн өмнө МАН-ынхан тэгш хүртээмжтэй “найрласан” тэрбумын авлигаар Б.Батзориг, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нар ял авсан. Хоёрыг нь шүүх торгоод өнгөрсөн бол, хоёр нь Х.Баттулгын уучлалаар суллагдсан. 

3.

Ирэх жил Монгол Улс  18 их наядыг "үрнэ". Үүнээс дөрөв, дөрвөн тэрбумыг УИХ-ын 76 гишүүд зарлагадана.  Товчдоо энэ нь “Ах аа намайг бодоорой” гэсэн мөнгө болж харагдаж байна.  Х.Баттулга нэгэнтээ энэ танхимд суугаа хүмүүсийн тал нь гэмт хэрэгтэн гэж байв. Түүнээс өмнө УЕП асан М.Энх-Амгалан чуулганы танхимаас шударга ёс эхлэхийг ч сануулж байсан удаатай.

Анх, 2000 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд болмогцоо, 10 сая төгрөгөөр УИХ-аа авлигадсан байдаг. Өдгөө тэрхүү авлигын хэмжээ 4 тэрбум болжээ.  Аман дээрээ гишүүд тойрогтоо хөрөнгө оруулах мөнгө гэдэг ч сонгогчдын саналыг авлигадаж байгаа хэрэг. Гишүүд хууль батлах үүрэгтэй болохоос тойрогтоо очоод мөнгө тараах, зам засах албагүй.  УИХ-аас 2021 оны төсөвт гэхэд Соёлын төв, музей барих, засах гээд 52 барилгын жагсаалт оруулж ирснийг  үг дуугүй батлаад өгсөн.

Ер нь бол, жил болгоны төсвөөс “мөнгө тоншоод” суудаг царцаагдсан барилгууд ч олон.  АН засаглах  үедээ авлигажсан төсвийг хумина гээд чадаагүй байдаг.  Адаг сүүлдээ төсвийн мөнгөөр хөшөө барьж нураадаг л болчихлоо. Гэтэл улсдаа уртаашаа ганцхан халдварын эмнэлгээ л харчих.

Засгийн газар гишүүдээ авлигадана. Гишүүд нь сонгогчдоо авлигадана. Тэгэхээр авлига буурах уу, ингэхэд?!  Х.Нямбаатарын авлигатай тэмцэх нь үнэндээ хоосон үг. Гээд хоосон буунаас хорин хүн айна гэдэг дээ.

4.

Үндсэндээ АТГ байгуулагдаад 16 жил болж байна. Харамсалтай нь, жилээс жилд авлигын индексээр Монгол Улс урагшлах бус ухарсаар. Таван жилийн хугацаанд 24 жилээр ухарна гэдэг АТГ-ын ажлын үзүүлэлт бус уу. Товчхондоо, АТГ авлигатай тэмцэх биш эсрэгээрээ энтертаймент үзүүлэх болсны илрэл.  Тиймээс АТГ, Ардын нам хоёрыг авлигатай битгий тэмц гээд байгаа юм. Тэд авлигатай тэмцэх тусам Монгол авлигадаа живж дууслаа.  Захын бодит байдал Замын-Үүдийн түгжрэл байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж