Хувийн хэвшлийн Дөрөвдүгээр эмнэлэг Тайванийн “Tzu Chi” эмнэлэгтэй хамтран ажиллахаар болж байна. Хоёр улсын хоорондох эмнэлгийн төлөөллүүд өнөөдөр /2021.10.21/ албан ёсоор санамж бичигт гарын үсэг зурлаа. Ийнхүү хамтран ажиллах болсноор Монголд эмчлэх боломжгүй мэс заслыг дотооддоо хийж, онош тодрохгүй өвчнийг илрүүлэх боломж бүрдэж байна.
Энэ талаар Дөрөвдүгээр эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Н.Оргил хэлэхдээ “Тайванийн олон жилийн үүх түүхтэй, арвин туршлагатай “Tzu Chi” эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо. Тайванийн эрүүл мэндийн систем нь илүү хөгжсөн, сүүлийн үеийн шинэ технологийн тусламжтай онош тодрохгүй байгаа өвчнийг илрүүлэх нарийн мэргэжлийн эмчилгээний тал дээр илүү. Оношийг тодруулахад технологи маш чухал байдаг. Иймд тус эмнэлэгтэй хамтран ажиллах нь бидэнд олон талын давуу талтай. Гадаадад өндөр өртөгтэй мэс заслын эмчилгээг Монголд бага зардлаар эмчлүүлэх, онош тодруулах боломж бүрдэнэ. Хамгийн чухал нь, Монголдоо гадаадад өндөр өртөгтэй зардлаар бүтэж буй эмчилгээг хийлгэж болох юм. Цаашид гадаадын туршлагатай эмч нарын баг, техник технологийн дэвшил ашиглаж Монголд эмчлэх боломжгүй эмчилгээг эхлүүлэх боломж хамтын ажиллагааны хүрээнд бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, Тайванийн “Tzu Chi” эмнэлгийн баг эмч нар Монголд ирнэ гэсэн үг” гэлээ.
Манай улсын хувьд хүчин чадал сайтай улсын томоохон 5-6 эмнэлэг, хувийн 3-4 эмнэлэг бий. Гэсэн ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж хангалтгүй, техник технологиийн дэвшил учир дутагдалтай хэвээр буй. Тэгвэл хувийн хэвшлийн Дөрөвдүгээр эмнэлэг нь Тайванийн “Tzu Chi” эмнэлэгтэй хамтран ажиллах болсноор уг асуудлыг шийдвэрлэх гарц нь болж байгаа юм. Тус эмнэлгийн зүгээс “Манай эмнэлэг мянга орчим ортой, төрөлжсөн эмнэлгийн үйлчилгээг үзүүлдэг. Зөвхөн эмчилгээ үйлчилгээ гэлтгүй анагаах ухааны судалгаа, боловсролын чиглэлд ч ажилладаг. Манай эмнэлгийн тухайд эдийн засгийн боломж тааруу өвчтөнүүдэд илүүтэй тусламж үйлчилгээг үзүүлдэг. Мөн онош нь тодрохгүй, эмнэлгийн тусламж авч чадахгүй өвчтөнүүдэд тусламж үйлчилгээг үзүүлдэг. Манай эмнэлэгтэй адил Дөрөвдүгээр эмнэлэг нь зорилго нэгтэй, хамтран ажиллахад таатай байна. Цаашид анагаах ухааны тал дээр хамтран ажиллаж судалгааг илүү өргөжүүлнэ” гэсэн юм.
Буддын шашны “Tzu Chi” эмнэлэг нь 35 жилийн түүхтэй. Өвчтөн болон тэдний ар гэрийг асрах сайн дурын ажилтан гаргах зэргийг хослуулан ажилладаг байна.
Холбоотой мэдээ