"Улаанбаатар" олон улсын 13 дахь кино наадмын Монгол кино хөтөлбөрийн нээлт өчигдөр /2021.10.20/ 16:00 цагт "Тэнгис" кино театрт боллоо. Энэ жилийн нээлтээ “Том тоглоом: Гурван эрдэнийн эрэлд” хүүхдийн үлгэрийн сэдэвтэй киногоор хийв. Уг киноны зураг авалтыг Монгол орны хойд хязгаар Хөвсгөл аймгийн Ринчинлхүмбэ сум, Өмнөд хязгаар Өмнөговь аймгийн 60-70 сая жилийн түүхтэй Хэрмэн цав гэх газар авчээ. Жил зургаан сарын хугацаанд бүтсэн кино визуал эффект буюу Монголын кино урлагийн түүхэнд бичигдэх компьютер график 30 хувийн оролцоотой бий болсон үлгэрийн сэдэвтэй тав дахь кино аж.
-Найруулагч Д.Болорцэцэг:
-Дөрөв дэх жилдээ залуу уран бүтээлчдээ дэмжин хүүхэд багачуудад нөхөрлөлийн үнэ цэнийг харуулж, сургамжит, зөв суурь хүмүүжилд үлгэрлэн дагуулах зорилготой киногоо хийж байна. Цаашид уран бүтээлчид маань залуучуудад урлагийг танин мэдэх суралцах боловсролд нь хөрөнгө орулсан, контэнт гэхээсээ илүүтэй оюуны бүтээлээр дамжуулан хүргээсэй гэж хүсч байна.
-Монголын урлагийн зөвлөлийн хөтөлбөр зохицуулагч Энхчимэг:
-Жил болгон бид “Монгол кино уралдаан” гэж зарладаг байсан. Уралдаанд шилдэг найруулагч, зохиолч, продюсер мөн шилдэг киног шалгаруулж "Хангарьд" цомыг олгодог уламжлалтай. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахалтай холбоотой олон кино хийж амжаагүй хязгаарлагдмал байдалтай байсан учир дөрвөн бүтээл ирсэн. Уран бүтээлчдээ шалгаруулж цом өгөхөөс илүүтэй ирсэн бүх киногоо оруулахыг зорилоо. Үүнд, "Том тоглоом: Гурван эрдэнийн эрэлд" , "Цасан хүн", "Гэгээн учрал", "Z.OE 41" гэх кино оролцлоо.
-Энэ удаагийн кино наадмын танилцуулгыг яагаад "Ардын элч" киногоор хийх болсон бэ?
-Манайх өнгөрсөн жилээс хойш "Үзэхийн хязгаар" гэж хэсгийг нээж өгсөн. Энэ нь Ази киногоо үзэгчдэд хүргэх зорилготой хэсэг юм. Үзэхийн хязгаарыг өнгөрсөн жил "Загийн алим" киногоор нээж байсан. Энэ удаад "Ардын элч" киногоор нээнэ. Учир нь 1959 онд анхдугаар Москвагийн кино наадамд "Ардын элч" киногоор оролцоод эмэгтэй дүр Л.Цэвэлсүрэн гуай шилдэг эмэгтэй мөнгөн медаль хүртсэн түүхтэй учраас энэ киног сонгосон.
-Энэ жилийн "Улаанбаатар" кино наадмаас юуг онцолж байна вэ?
-Кино наадмын хөтөлбөр боловсруулагч хүмүүс Канн, Берлин, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмуудаас шагнал хүртсэн болон шинэ бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгодгоороо онцлогтой. Энэ жилийн онцлох орон бол ОХУ-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. Монголын кино урлагийн хөгжлийн түүхийг орос багш нарын нөлөөгүйгээр төсөөлшгүй. Тийм ч учраас онцлох орноор Оросыг нэрлэж байгаа юм.
Үүнээс "Гэгээн учрал" кино хүний сэтгэлийг гэгэлзүүлж, монгол ахуйгаа тусгасан сайхан кино болжээ хэмээн үзэгчид сэтгэл хангалуун байлаа.
-Найруулагч Б. Буянбат:
“Зэв фильм”-ийн анхны уран бүтээл маань кино наадамд оролцож байгаад баяртай байна. Манайх есөн гишүүнтэй. Өнгөрсөн жил Соёл урлагийн их сургуулийн гуравдугаар курсийн оюутан байхдаа жилийн хугацаатай киногоо хийлээ. Зураг авалтыг Булган аймгийн Рашаант сум /Элсэн тасархай орчим/ болон Улаанбаатар хотод авсан. Хайр сэтгэлийг монгол ахуйтай холбож бүтээсэн гэж хэлж болно. Жинхэнэ хайр дурсамжаар хөглөгдөж сэтгэл зүрхэнд улам бат бөхөөр оршиж байдгийг киноноос маань үзэн гэдэгт итгэлтэй байна. Мөн ганц гол дүрдээ ачааллыг өгөх биш, эсэргээрээ хэрхэн хөнгөнөөр хүний сэтгэлд хүрч болох вэ гэдэг тал дээр анхаарч ажилласан. Өмнө нь дандаа киноны арын албанд ажилладаг байсан.
-Анхны киногоо үзэгчдийн хүртээл болгохоос өмнөх болон дараагийн сэтгэгдэл?
–Хамгийн эхний монтажаа хийж байгаад “Хунааг явах тэр агшинд сэтгэл гонсойсон” тухайн үед монтажаа шууд орхиод гадаа гарч агаарласан. Хүний анхны юм бүхэн дурсамжтай сайхан байдаг. Үзэгчид хэсэг болгон дээр нь сэтгэл хөдлөл гаргаж инээж, уулга алдах гэх мэт хариу илэрхийлж байгаа нь сайхан байлаа. Мэдээжийн хэрэг дараа дараагийн уран бүтээлээ хийхэд “Гэгээн учрал” кино маань ташуур болж байна.
С.ОЮУНГЭРЭЛ
Холбоотой мэдээ