Монголын түүхэн хийгээд өнөө цагийн “тролл” ажиллагаа…

Хуучирсан мэдээ: 2021.10.21-нд нийтлэгдсэн

Монголын түүхэн хийгээд өнөө цагийн “тролл” ажиллагаа…

Монголын түүхэн хийгээд өнөө цагийн “тролл” ажиллагаа…
"Тролл Цулам" амилж "Цахим Шулам" хөллөх цагаар... Шог зураач С.Цогтбаяр

Хүний нийгмийн аль ч үед увайгүй, ичгүүргүй явдалтнууд байсаар иржээ. Хүн гээч өөрийн өчүүхэн ашиг сонирхлыг хамгаалахын төлөө явдаг бодгаль бөгөөд түүнийгээ хэрхэн, яаж гүйцэтгэхээс хэн болж үлдэх нь тодордог гэлтэй.

Ер нь өөрийн гэсэн үзэл бодол, үнэт зүйлсгүй, биеэ даагаад амьдралаа аваад явчих чадалгүй, хуучнаар бол бялдуучлан явдаг зусарчдыг хэн хүнгүй үзэн яддаг. Тэд хүний аль ч нийгэмд ав адилхан байсан бололтой. Бусадтай ялгавартай харилцдаг, зулгуйч зантай.  Ийн ааштайнуудыг монголчууд зусарч, алагчин, алгатай, бялангач, бялдууч, долигонуур, долдгонуур, зуурган гэхчлэн олон янзаар хэлж ирж. Тэдний үйлдэл улайм, цаймдаа гарсан бөгөөд тэр нь нийгэмд бүр “хорона”-гаас хорон байхуйд шог зураач С.Цогтбаяр хамгийн сүүлчийн жишээнд өөрийн хайран цагаа зарцуулсан нь энэ.

Эртний явдлыг эдүүгээчилбэл

Есүхэй баатар өнгөрөхөд бэлбэсэн эхнэрийг нь өнчирсөн хүүхдүүдтэй нь хар буурин дээр нь хаяад явсан нөхөд хүчирхэгжсэн цагт нь эргэн ирж нийлнэ. Тэдэн дунд алтан ургийн Алтан, Хучир нар байх бөгөөд хүнд бэрх цагт Жамухыг хаанд өргөмжилж, “нухах” гэж байсан адгийн амьтад билээ. Хэдий алтан ургийн өндөр угсаатай ч алиа салбадай шиг тэдэнд Тэмүүжин нүүр өөгөөгүй. Тэдний хийдэг үйлдэл нь зөвхөн хувийн эрх ашиг бөгөөд хэзээ ч урваж шарвахад бэлэн одоогийнхоор бол “тролл” гэлтэй. Тэд далдуур байнга атгаг санаа өвөртлөх төдийгүй боломж гарвал юугаа ч худалдахад бэлэн, үзэл бодолгүй, үнэт зүйлсгүй ажээ. Басхүү мунхагийн гайгаар төөрч будилж явсан нь ч бий биз. Манжид дагаар орсон Өндөр гэгээнийг хамгийн ойрын хүнээр нь хөнөөлгөсөн түүх ч үүнийг гэрчилнэ.

Шадар ван Чингүнжав ч Манжийн цэрэгт хүчээр дийлэгдсэндээ бус олныг хагалган бутаргагч, хажууд нь шадарлах хэр нь харийн хааны цэрэгт замчилсан урвагчдын балгаар баригджээ. Тэднийг түүхэнд бэйл Цомцогжав, Намхай, хошууны занги Чой гэгчилэн тэмдэглэсэн байх юм.

Хэдийгээр урвагчид болоод “тролл” хоёр ялгаатай ч нийгэм, улс орныг үл хайхран явцуу эрх ашигт үйлчилдэг гэдгээрээ агаар нэгэн билээ.

 

Улаанжсан Монгол ба матаач

Монголын нэрт зохиолч Ламжавын Ванган, Чойжилын Чимидийн зохиол, найруулагч Д.Жигжидийн уран бүтээлдээ маш чадварлагаар нуун далдалж, олон олон шүүлтүүрийг даван хувьсгалт залуучуудын төөрөгдлийг харуулсан дүр бол “Өглөө” киноны сэлэм Тогмид.

Сав хийвэл хуйнаас нь буугаа сугалж, хэнийг ч хамаагүй, тэр бүү хэл ардын засагт ач тус үзүүлсэн хүнийг хүртэл буудчих гээд байдаг Тогмидыг хайрласандаа хорьж, шийтгэж байгаагаар үзүүлсэн ч хэрэг дээрээ боловсрол мэдлэг дулимаг, хувьсгалаар өвчилсөн, хөнгөн хуумгай хувьсгалт залуучуудыг шүүмжилж харуулсан. Үнэхээрийн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийнхэн буутай явдаг төдийгүй намын хуралд ч түүнийгээ “гозолзуулах” нь элбэг байсан талаар МАХН-ын хурлын протоколоос харж болно. Залуусын дур зоргоороо авирласан явдал Коминтернд ашигтай байсан учраас өөрсдийнх нь үгэнд ороогүй намын удирдлагуудын эсрэг тавих том зэвсэг болгосон гэдэг. Эрдэм боловсролтой, хал үзэж хашир суусан намын удирдлагууд хуучнаа төдийлөн үгүйсгэхгүй, асуудалд учир шалтгаантай хандаж байсан нь Коминтернд таалагдсангүй. Тиймээс ч тэдний эсрэг учир мэдэхгүй зуу зуун “Тогмид”-ыг ашигласан байдаг. МХЗЭ-ийн Төв Хорооны анхны дарга С.Буяннэмэхийг эвлэлийн бус намын ажлаа хийдэг, “нударганчуудтай” холбоотой гэж буруутган баривчилж байсан төдийгүй цөөнгүй хүнийг хэлмэгдүүлсэн аж.

Тогмидуудын ачаар л хар, шар феодалууд бол Монголын дайсан мөн гэж Үндсэн хуульдаа тунхаглажээ. Нэгэнтээ тунхаглачихсан учраас тайж гаралтай бол илүү татвар авах төдийгүй хөрөнгийг нь хурааж, жирийн хүнээс бага цалингаар ажиллуулж, татвараа төлөөгүй гэсэн үндэслэлээр анх хэрэг үүсгэн, эцэстээ сая японы тангуул болгон үй олноор нь хядсан.

Орост бэлтгэсэн, намын сургууль төгссөн залуус ногоон гэрлээр энэхүү эвлэлийн дарга болж, хожмоо зүүнтний төөрөгдөл болсон түүхтэй. Аажимдаа ахмад үеэ үгүйсгэсэн залуусын байгууллага эрчээ авсаар намаас дутахааргүй эрх мэдэлтэй болсон бөгөөд намдаа ч дийлдэхээ байсныг хуулиар зохицуулж байсан. Тэдэн дунд айлын авааль эхнэрийг авч суухын тулд нөхрийг нь хэлмэгдүүлсэн адгийн шаарднууд ч цөөнгүй. Тэр ч бүү хэл гэм, зэмгүй хэдэн мянган хүнийг "тагнуул" гэж гөрдөн хөнөөлгөсөн “амилсан тийрэн“ ч байсны архивын баримт нь байж л байна. Тиймээс ч коммунизмын үед байгууллага, гудамж, орц, тэр ч бүү хэл давхар бүрт матаач нар одоогийнхоор "троллууд" амь бөхтэй оршсоор ирсэн төдийгүй, түүнийхээ ачаар албан тушаалтнуудын хаялгаар амь зууж ирсэн байх юм.

 

Алчууртай залуус

 

Бүгд л огт өөр сонголт хийсэн атал МАХН ялчихсан гэж 2008 оны сонгуулийн дүнг эсэргүүцэн залуус жагсав. Жагсагчдаас 2 дахин илүү хүчийг татсан цагдаагийнхан хоёр талаас нь нэг нэгээр нь сугадаад явахад хүрэлцэхүйц бие бүрэлдэхүүн цуглуусан ч тэгсэнгүй. Галдан шатааж, эмх замбараагүй байдал бий болгохыг хүлээсэн мэт. Жагсагчдын дунд амаа алчуураар боож, нүүрээ халхалсан намын дэргэдэх залуучуудын холбооны зүс таних залуус цөөнгүй харагдсан бөгөөд жагсаал зохион байгуулж байсан О.Магнай нарыг тайван байхыг уриалахад эсэргүүцэн чулуу нүүлгэж буй бичлэг нь хадгалагдан үлдсэн нь бий. Өдөөн турхирсан алчууртнууд жагсаалыг эмх замбараагүй болгоход ихэд чухал үүрэг гүйцэтгэсэн санагддаг. Үр дүнд нь таван халуун амь үрэгдэж, Монголд онц байдал тогтоосон төдийгүй, хэсэгтээ иргэд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээс жийрхдэг болсон. Алчууртай залуус буюу өнөөгийнхөөр бол "троллууд" ийм л үр дүнг хүлээж байсан гэлтэй. Хэр тааруухан хурган даргын суудлаар шагнуулсан шиг хээв нэг алхаж яваа нь цөөнгүй.

 

Улс төрийн тоглолт ба өөрийгөө золигсод

Эрх баригчид ийм л зүйлд гаршиж байна. Дүн өвлийн хүйтэнд дөнгөж амаржсан эхийг нимгэн нөмгөн машинд суулгасан харгислалыг харсан иргэд эсэргүүцэхэд У.Хүрэлсүхийн хийсэн улс төрийн тоглолт нь Засгийн газраа огцруулж, өнөөгийн тушаалдаа очих бэлтгэл байв. Үүнийгээ тэд “улс төрийн хариуцлага” гэж гоёор тодорхойлж байсан. Гэтэл өнөөдөр халдвар авсан жирэмсэн эхчүүдэд хэвтэх эмнэлэг олдохгүй, зарим нь ковидын хүндрэлээр хорвоогоос буцаж байна. Нөгөө айхтар улс төрийн хариуцлага хаачив? Хэн ч тоосонгүй. Харин ч үүнээс илүү үхэх байсан юм гээд Ерөнхий сайд нь, Шадар сайд нь “донгосож” сууна. Арай л дэндүү басамжлал.

Үүнийг нь эсэргүүцэх тоолонд өөрсдийн бэлтгэсэн троллуудыг утасны цаанаас сошиалд идэвхитэй ажиллуулдаг байсан бол одоо бүр жагсаал үймүүлэхээр явуулдаг болжээ. Эрх мэдэлтэн, энгийн иргэд хоёрт хоёр өөр стандарт үйлчилж буйг эсэргүүцсэн Д.Монголхүүгийн жагсаалыг “Засгийн газрыг өөрчлөөд юу өөрчлөх юм” гэж гарч ирсэн нөхрөөр эл үйлдэл нь илэрсэн. Дараа нь С.Жавхлан руу нэр нэгтнийг нь илгээсэн, өчигдөр Бадар-Ууган гэх троллыг амжилттай илгээсэн, түүний үйлдэл бүхэн нь жүжиг байсан гэдгийг өөрөө хэлчихлээ.

Түймэр цурамладаг шиг өөрсдийнх нь арчаагүй, судалгаа, шинжилгээгүй, удаа дараагийн уялдаа холбоогүй шийдвэрийг эсэргүүцэх тоолонд өмнөөс нь угтуулж өөр гал тавьж, олны анхаарлыг өөр зүгт чиглүүлдэг эрх баригчдын адгийн араншин улам л төгөлдөржихийн хэрээр үнэн төрх нь ил болж байна. Ийм л адгийн зүйлдээ нэр хүндээ золиослогч амьд троллуудыг ашигладаг болжээ.

Яг ийм арга барилаар “шударга тав” гэх нэрээр шалж гарч ирсэн амьтдыг одоо эргээд хар даа.

Тухайн цаг үеийн тодрон гарагч нь өөрийн өрсөлдөгчийг давхар дасгалжуулдаг гэдэг. Үүний үр дүнд улс хождог бол өнөөгийн улс төрийн үнэн нүүр царай нь троллын шинжтэй, өчигдөр алга ташаад, өнөөдөр үг сүггүй гүтгээд,  маргааш албан тушаалыг нь дээрэмдээд дуусах жишээтэй болохоор тэр бүхний төлөөсийг монголчууд амьдрал, амь нас, эрүүл мэнд, эдийн засгаараа төлж байна.

Тиймээс л троллуудтай тэмцье гэвэл улстөрчидтэй тэмцэж, сэтгэлийн хөөрлөөр бус судалгаа, шинжлэлээр аливаад хандаж, дотроо бодолтой, дороо суурьтай явахгүй бол Монгол бүтэхгүй нь. Шударга бус хүнээс шударга ёсыг шаардах нь шударга бус юм даа. Юу тарина түүнийгээ хураана гэгчээр шударга бусыг нь мэдсээр байж, мөнгийг нь аваад саналаа худалдчихаад хэнээсээ ч шударга ёсыг шаардах билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж